Цаг үе
Түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг нийслэл хот хамгаалалтад авлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 28-ны өдөр А/1032 тоот захирамж гаргаж, Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч, газар эзэмших эрхийг цуцаллаа.
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн өдөр түүх, соёлын дурсгалт өв болсон “Гоожингийн өндөр” хэмээх түүхэн барилгыг хамгаалах, цаашлаад сэргээн засварлах түүхэн шийдвэрийг олон нийтэд танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гоожингийн өндөр"-ийн хоёр давхар барилгыг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа юм. Түүхэн дурсгалт барилгын хийц бүтээцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.
Сэргээн засварлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан гүйцэтгэх бөгөөд цаашид музейн зориулалтаар ашиглахаар Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан байна. Мөн барилгын орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Түүнчлэн "Гоожингийн өндөр" хэмээх үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж, бусдын өмчид шилжүүлсэн явдлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулан холбогдох шийдвэрийг хүчингүй болгох юм.

"Гоожингийн өндөр"-ийн газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа иргэний газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон тухайд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлахдаа “Гоожингийн өндөр хэмээх энэхүү барилгад Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан, мөн Богд хааныг энэ барилгад 50 гаруй хоног хоригдож байсан түүхтэй.
Энэхүү түүхт барилгыг Монгол Улс тусгаар тогтносоны 110 жилийн ойгоор нийслэл хот хамгаалалтдаа авлаа. Цаашдаа хотынхоо өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотын түүхэн үйл явдалтай холбоотой төдийгүй Улаанбаатар хотын анхны европ хийцийн барилга гэдгээрээ онцлог юм. Үе үеийн төр засгийн байгууллагууд хамгаалсаар ирсэн энэхүү барилгын газрыг эзэмших шийдвэрийг иргэнд хууль бусаар олгосон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Дурсгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг шалгуулна. Нэг зүйлийг онцлон дурдахад газар бол төрийн өмч. Улсын өмчийг хамгаалалтдаа авч байгаа нь маш зөв шийдвэр” гэсэн юм.

Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

-
Улстөр нийгэм2024/08/09
Нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа
-
Цаг үе2023/10/04
Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв
-
Үзэл бодол2021/09/10
Цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуулийн төсөлд ажил олгогч эзэд, мэргэжлийн хол...
-
Цаг үе2021/11/08
2021 оны дэлхийн бодибилдингийн аварга Э.Лхагва-Очир оролцлоо
