Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг сурталчилсан өргөө байгуулахыг зорьж байна

Огноо:

,

“Emart” их дэлгүүр, “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХорооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, “Токио 2020” олимпын багийн ахлагч Б.Баттүшигтэй ярилцлаа. Тэрбээр  Олон улсын олимпын хорооны Маркетингийн комиссын гишүүн, Дэлхийн Бадминтоны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн юм

–Таныг Харвардын бизнесийн сургуулийг төгсөгч, том аж ахуйн нэгжийн тэргүүн байхын зэрэгцээ спортод элэгтэй нэгэн гэдгээр нь мэднэ. Спорт Таны төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би сагсан бөмбөг тоглож өссөн. Эмээтэйгээ зэрэгцэж суугаад NBA-ын тоглолт үздэг байлаа. Тухайн үед манай нийгэмд барууны улс, үндэстний тухай ойлголт хомс байхад монголчууд Майкл Жордан гэдэг нэрийг андахгүй мэддэг байсан шүү дээ. Майкл Жордан намайг төдийгүй хүн төрөлхтөнг сагсан бөмбөгт дуртай болгосон тамирчин. Би анх 1993 оноос сагсан бөмбөгчдийн зурагтай карт цуглуулж, NBA-д тоглохыг мөрөөдөх болсон. Спортод хил хязгаар байдаггүй. Хүнийг хүндлэх, хожиж, хожигдож сурах зэрэг олон давуу талыг спорт бидэнд сургадаг. Хожигдсон ч эсрэг багийнхантайгаа гар барьж, баяр хүргэдэгт спортын гайхамшиг оршдог байх. Ер нь спортод элэгтэй болоход гэр бүл маань их нөлөөлсөн.

Аав минь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг 10 орчим жил хашиж, 2006 оны Дохагийн Азийн наадмын багийн ахлагчаар ажиллаж байлаа. Эмээ, өвөөтэйгөө Улаанбаатар хотод амьдарч байхдаа байрны найзуудтайгаа сагс тоглоно. Сагсны талбайд нөхөрлөж өссөн багын найзуудын минь нэг нь Хакүхо М.Даваажаргал. Бид хамтдаа өдөр бүр сагс тоглож өссөн, зэргэлдээ байрны найзууд. Заримдаа том ах нарт шийдээ булаалгачихаад тэднийг хүлээнгээ хоорондоо барилдаж ч явлаа (инээв). Би 11 настайдаа АНУ-д анх хөл тавьсан. Англи хэл сайн мэдэхгүй учраас спортоор л дамжуулж үеийнхэнтэйгээ найз нөхөд болж байлаа. Ахлах сургуулийнхаа 11, 12 дугаар ангидаа сагсан бөмбөгийн багийн ахлагч болж, Сиэтл хотын сургуулиудын 1 хэсэгт шилдэг арван тоглогчийн  нэгээр шалгарсан юм. Багийн ахлагч болсон минь бусадтай хамтран ажиллах, зохион байгуулах чадварт суралцахад нэмэр болсон байх гэж боддог. Би одоо ч сагсан бөмбөгөөр хичээллэж, долоо хоногтоо хоёроос гурван удаа сагс тоглодог.

 –Сагсан бөмбөгт дуртай, Майкл Жорданг шүтдэг байсан тань Чикагогийн их сургуульд элсэхэд нөлөөлсөн үү?

-Тиймээ, Майкл Жордан сонголтод минь том нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч,  энэ сургуулийг сонгох илүү академик шалтгаан байсан. Чикагогийн их сургуулиас хамааралтай Нобелийн  98 шагналтан төрсөн байдаг. Эдийн засгийн чиглэлээр хамгийн сайн сургуулиудын нэг байсан нь миний сонголтод нөлөөлсөн. 20 дугаар зууны хоёр дахь хагасын хамгийн нөлөө бүхий эдийн засагч гэгддэг Милтон Фридмэн мөн Чикагогийн Эдийн засгийн сургуулийн бодлогод ихээхэн хувь нэмэр оруулсан хүн байдаг. Өнөөгийн бидний амьдарч буй чөлөөт зах зээл, Laissez-faire эдийн засгийн онол, чөлөөт худалдааны бодлогын давуу талыг гаргаж ирсэн. Laissez-faire гэдэг нь Товчхондоо чөлөөт зах зээлд хувийн салбаруудын хоорондын гүйлгээнд Төрийн нөлөөг бага байлгах тусам эдийн засагт сайн гэсэн үг л дээ.

Үүнээс гадна Милтон Фридмэн Мөнгөний бодлогоор эдийн засагт нөлөөлөх нь зэрэг олон том онолын судалгаа хийж Нобелийн шагнал хүртсэн байдаг. Намайг Чикагогийн их сургуульд сурч байхад профессор багш нар маань Милтон Фридмэн багшийн талаар их ярьж, бахархдаг байсан. Түүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн Чикагогийн хуулийн сургуулийн профессор байсан гэдгээрээ сургууль маань олонд танигдсан  Одоо Чикагогийн их сургуулийн дэргэд Обама Ерөнхийлөгчийн нэрэмжит номын санг байгуулахаар төлөвлөж байгаа гэж сонссон. Харвардад суралцах замыг тавьсан Чикагогийн их сургуулийг төгссөнөөрөө бахархдаг. Залуучууд дэлхийн нэр хүндтэй сургуульд хэрхэн суралцах талаар их сонирхож асуудаг юм. Тиймээс залуус, дүү нартаа бага ч гэсэн тус болох үүднээс энэ талаар ном бичиж байгаа.  Чикагод суралцсан эхний улиралдаа мөн л сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байгаад “За ямар NBA-д тоглох биш дээ” гэж бодоод хичээлдээ илүү анхаарч эхэлсэн (инээв). Тэгээд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан.

- Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр жил гаруй боллоо. Таны хувьд хийх хамгийн чухал ажил юу гэж бодогддог вэ?

- МҮОХ-д орж ажиллаад Олимпизмын хөдөлгөөн нь нийгмийг эерэг чиглэлд хандуулах асар их ач холбогдолтойг илүү их ойлгох болсон. Энэ оны эхээр ОУОХ-ны Маркетингийн комиссын хуралд оролцоод ирлээ. Хурлын үеэр ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бах илтгэл тавихдаа олимпизмын үнэт зүйл нь хүмүүсийн амьдралын философи, зөв зарчим, зөв бодол, эв нэгдэл, бие биенээ хүндэлж амьдрахад оршино гэж хэлсэн. Мөн Томас Бахын ярианд өнөөгийн бидний амьдарч буй цаг үед зөв зарчим, эв нэгдэлд тулгуурлан харилцан зөвшилцөж шийдвэрт хүрэх хэрэгтэй гэдгийг онцолсон.
Өнөөдөр дэлхийн олон оронд дэлгэрээд буй эв зүйгээ олж чадахгүй байгаагийн шалтгаан нь хүн хоорондын харилцаа багассан, хоёр талаас зөвхөн өөрсдийн эрх ашгаа л тулгадаг, хэт туйлширсан байр суурь баримталдагт байна гэж судлаачид тайлбарлах болсон.

Голдоо уулзаж, харилцан буулт хийж чадахгүй байгаагаас асуудал үүсч байгаа гэсэн дүгнэлтийг энэ хурлын үеэр хийж байсан. 19 дүгээр зууны сүүл үеийн нийгэм бас л өнөөдрийх шиг тогтворгүй, өөр хоорондоо учир зүйгээ ололцож чадахгүй болсон үе байсан. Чухам тэр л үед Пьер де Кубертен өөр хоорондоо эв зүйгээр учир зүйгээ олдог нийгмийн төлөө Олимпизмын хөдөлгөөнийг дахин эхлүүлсэн. Олимпын наадмын үеэр л дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид болон улс орнуудын удирдагчид гээд нийгмийн бүх төлөөлөл нэг хотод цуглан эв найрамдалтай байх боломжийг бүрдүүлсэнээрээ ач холбогдолтой. Өнөөдрийн нийгэмд ч гэсэн бид энэ түүхээс суралцах хэрэгтэй гэж бодож байна.

 -Та Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашдаг. Бадминтон, рагби, бэйсбол зэрэг дэлхийд алдартай спортыг эх орондоо хөгжүүлэх тал дээр хэр анхаарч байна вэ?

-Бадминтоны олон улсын тэмцээнийг Монголд 2015 онд зохион байгуулахад анх ивээн тэтгэгчээр нь оролцсон юм. Улмаар энэ спортод илүү сонирхолтой болж, Монголд хөгжүүлье гэсэн мөрөөдөлтэй болсон. Бадминтон бол Азийн нэрийн хуудас болсон спорт ч манайд төдийлөн дэлгэрээгүй. Тиймээс олон улсын чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулж, улсынхаа болон холбооныхоо нэр төрийг бэхжүүлж, оролцоог нэмэгдүүлэхийг хичээж байна. Бусад спортын холбоод ч  энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа байх. Одоогоор монголчууд спортын 8-9 төрлөөр л олимпод оролцож байгаа. Бид унадаг дугуй, бадминтон зэрэг спортын төрлүүдээр ойрын хугацаанд олимпод оролцох боломжтой. Түүнчлэн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд баг тамирчид оролцох боломж байгааг Олимпын Хорооны бас нэг зорилго болгон ажиллаж байна. Монголоос сагсан бөмбөгийн спортоор олимпод орно гэдэг итгэхэд хэцүү байсан үе саяхан байсан.

Тэгэхээр энэ бол маш том амжилт юм. Энэ ажлынхаа хүрээнд саяхан Бээжин хотод зохион байгуулагдсан Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андрейс Загклистай уулзаж санал солилцсон . Энэ төрөлд Монгол Улсын баг Азидаа хоёрт, эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын онооны нийлбэрээр дэлхийд шилдэг тавд эрэмбэлэгддэг. Тиймээс дэлхийд өндөр эрэмбэтэй эмэгтэй  юмуу эрэгтэй шигшээ багаа  аль нэгийг Токиогийн олимпод оруулах асуудлыг баталгаажуулахаар Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой нягт харилцаатай ажиллаж, Олимпын наадмаас өмнө аль болох олон тэмцээн уралдаанд оролцох нь чухал юм. Мөн Монголд өвлийн спорт хөгжүүлэхийг дэмждэг. Бид дөрвөн улиралтай улс атлаа өвлийн олимпод хоёр гуравхан тамирчин оролцуулж байна гэдэг хангалтгүй санагддаг. Ер нь эх орондоо олимпын спортын тэмцээн уралдаанууд болон олимпод оролцох спортын төрөл, тамирчдын тоогоо нэмэх боломж бий.

-Токио 2020” олимпын багийн ахлагчийн хувьд гадаад  хамтын ажиллагааны тал дээр түлхүү анхаардаг уу?

-Их спорт болон тамирчид маань олон улсын тэмцээн уралдаануудад үзүүлж буй амжилтаараа  Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж байна.  Сургуулиа төгсөж ирснийхээ дараа Монголын бизнесийн төдийгүй нийгэм, спортын салбарт хувь нэмрээ оруулахыг зорьж, Олимпын хорооны сонгуульд оролцохоор шийдэж, олимпын хорооны гишүүдийнхээ итгэлийг хүлээж, тэдний саналаар тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Мөн “Токио 2020” олимпын багийн ахлагч болсон. Олон улсын олимпын хороо нь 26 салбар коммистой. Тэдгээр салбарын нэг болох Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдсоноо нэр төрийн хэрэг гэж боддог. Хүн спорттой нэг л холбогдвол сэтгэлээ зориулж, чадах бүхнээ хийхийг эрмэлздэг юм байна. Би спортод хайртай учраас эдгээр сонгуульт ажилдаа идэвхитэй зүтгэдэг. Гэхдээ спортын холбоодуудын бие даасан үйл ажиллагаанд шууд оролцдоггүй. Харин дэмжлэг үзүүлж, туслахыг хичээдэг. Мөн олимпыг угтаж, үндэсний шигшээ багийн тамирчиддаа дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах бодолтой байна.

–Олимп бол хүн төрөлхтний баяр. Энэ үеэр спортоор дамжуулж эх орноо сурталчилах боломжтой юу?

-Харвардад хамт суралцсан найз Анжела Ругиеро маань Олон улсын олимпын хорооны тамирчдын комиссын даргын албыг найман жил хашиж, ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байсан. АНУ-ын алдартай хоккейчин энэ бүсгүй намайг олон спортын зүтгэлтнүүдтэй ажил хэргийн шугамаар холбож өгсөн. Анжела Пёнчаны өвлийн олимпын үеэр биднийг АНУ-ын хауст зочлохыг урьсан юм. Тэнд Америкийн тамирчдыг танилцуулж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах оролцсон том арга хэмжээ болж байсан. Мөн Пёнчанд байгуулсан Японы хауст зочилсон.

Тамирчидаа танилцуулж, хүндэт зочид хүлээн авч, улс орноо сурталчилдаг олимпын хаус нь улс орныхоо нэрийн хуудас төдийгүй дэлхий нийтэд том сурталчилгаа болдог. Тиймээс Токиогийн олимпын үеэр Монгол хаус байгуулахаар 2018 онд Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайд, Японы олимпын хорооны дарга нартай уулзаж ярилцсан. Манай Элчин сайд энэ саналыг дэмжиж, хэд хэдэн газар сонгоод байгаагийн нэг нь Токио цамхагийн дэргэд бий. Бид монгол гэрээ барьж, эх орноо сурталчилах ажил гэрээний шатандаа байгаа. Энэ саналыг Ёкозуна Хакүхо маань дэмжиж, Монголын сүмочид очиж, эх орноо сурталчилж болно гэсэн. Бид Токиод Монгол хаус байгуулбал, дэлхийн томоохон хэвлэлүүдээр өндөр төлбөр төлж гаргуулдаг нэвтрүүлгээс илүү сурталчилгаа болох юм.

-“Олимпын өвөө” гэгддэг Ш.Магван гуай Хуан Антонио Самаранчтай нөхөрлөж явснаараа бахархдаг. Та Олон улсын олимпын хорооны гишүүдтэй хэр холбоотой байна вэ?

-Хуан Антонио Самаранчийн хүү болон ачтай ажлын шугамаар танилцаж, холбоо тогтоосон. Олон улсын спортын хурал зөвлөгөөн болон үйл ажиллагаанууд дээр эх орноо төлөөлөн аль болох идэвхтэй ажиллахыг эрмэлздэг.  Дэлхийн бадминтоны холбоонд орсноор олон хүнтэй танил боллоо. Ер нь олимпын спортын удирдах зөвлөлд байх нь хурал, цуглаанд оролцохоос эхлээд монголоо таниулах, ойлгуулах боломж их олгодог юм байна. Энэ шугамаар Олон улсын Сэргээшийн эсрэг байгууллагын /WADA/ ерөнхийлөгч Дэлхийн Бадминтоны холбооны ерөнхийлөгч асан Сэр Крейг Ридитэй холбоо тогтоон ажиллаж байгаа. Түүнтэй Бадминтоны ДАШТ-ний үеэр уулзахдаа Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагынх нь талаар санал солилцсон. Спортод допингийн асуудал анхаарал төвд байгаа үед түүний туршлагаас сонсох нь чухал ач холбогдолтой байсан.

Мөн 2017 онд “Токио 2020” олимпын багийн ахлагч болсныхоо дараа Японд очсон юм. Тэр үеэр Токиогийн олимпын зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ёширо Моритой уулзсан. Японы Ерөнхий сайд асан энэ эрхэм Монголын сүмочдыг ихэд хүндэтгэж явдаг ба рагбигийн спортыг сонирхдог юм билээ. Дүү маань рагбигийн спортоор хичээллэдэг байсан тухай халуун дотно яриа өрнүүлсэн.   Ер нь спортын зүтгэлтнүүдээс аль болох их туршлага судлаж, түүнийгээ монголдоо хэрэгжүүлэхийг хичээж байна.

-Олон улсын олимпын хороонд улсынхаа дуу хоолойг хэрхэн хүргэж байна вэ?

-Маркетингийн комисст олон нөлөө бүхий гишүүд байдаг. Нэгэн хуралдааны үеэр би “Монгол Улсын төлөөлөгч байна. Өнөөдөр манай улсын гол асуудлуудын нэг нь агаарын бохирдол. Агаарын бохирдлын тодорхой хэмжээг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. “Тоёота” компани бол олимпын алтан түнш. Тиймээс Тоёота компани байгаль орчинд ээлтэй цахилгаан машин үйлдвэрлэдэгээрээ алдартайгийн хувьд олимпын үеэр ямар санаачилга гаргаж байгааг тодруулсан. Тэгээд их сайхан хариу сонссон. Токиогийн олимпын үеэр “Тоёота” компанийн байгальд ээлтэй автомашинуудыг  нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах юм билээ. Түүнчлэн Олон улсын олимпын хорооноос спортоор дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх боловсролын хөтөлбөр зохиосон байдаг. Энэ OVEP (Olympic Values and Education Program) хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гуайтай  ярилцсан. Мөн олимпын нээлтийн үеэр Монгол Улсын далбааг эмэгтэй тамирчнаар бариулах  санал дэвшүүлэх санаатай байгаа.  Зуны олимпын түүхэнд туг барьж алхсан Монголын эмэгтэй тамирчин байдаггүй юм билээ. Жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага тэргүүтэй их спортоор дэлхийн хэмжээнд танигдсан, бахархал болсон эмэгтэй тамирчид манай улсад олон бий. Гэхдээ энэ асуудлыг олон хүнтэй зөвшилцөж, МҮОХ албан ёсоор шийдвэрлэх байх.

-Энэ олон ажлыг зэрэг амжуулах амаргүй биз?

-Нэг талаас мультитаскинг буюу олон ажил зэрэг амжуулдаг ч нөгөө талаар нэг чиглэл дээр төвлөрөх гэж хэлж болох байх. “Emart”, “Скайтел”, “Монголын Үндэсний олимпын хороо” гээд олон ажил амжуулж, олон хүнтэй хамтрах хэрэгтэй болдог. Гэхдээ хаана ч очсон нэг чиглэлээ барьж, нэг төрлөөр мэргэшиж, түүндээ анхаарлаа хандуулж ажиллахыг хичээдэг. Би эдгээр газруудад түншлэл буюу гадаад харилцаа, стратеги, санхүүжилт босгох талаар анхаарлаа хандуулж ажилладаг. Чикаго, Харвардын их сургууль, “Морган Стэнли”-д ажиллаж байхдаа танилцаж байсан хүмүүстэйгээ одоо ч сайн харилцаатай байдаг ба тэдэнтэйгээ санал солилцож, зөвлөгөө, санаа авч ажилладаг.

МҮОХ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсондоо баярладаг. Энэ  ажил нь орон тооны бус бөгөөд олон улсын спортын зүтгэлтнүүдтэй хамтдаа хурал зөвлөгөөнд оролцон эх орондоо олимпизмын үзэл санаа, спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх ажилд хүч нэмрээ оруулахын сацуу хувийн салбарын ажлаа хийх боломж олддогт баяртай байдаг. Мөн 2016-2018 оны хооронд Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажиллах боломж гарсан. Ер нь би өдөр бүр нэг ажлын байранд нэг зүйл хийж суухаас илүү олон зүйл сонирхон судалж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд тустай ажлууд хийхийг илүүд үздэг. Жишээлбэл, “Монголд Та хэрэгтэй” ТББ-ыг үүсгэн байгуулж, жил бүр 25-30 оюутан менторшип хөтөлбөрт хамруулан 10 оюутан шалгаруулан тэтгэлэг олгодог. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ хөтөлбөртөө 108 оюутан хамруулж, 30 гаруй оюутанд тэтгэлэг олгоод байна. Мөн Имарт, Скайтел компаниуд маань ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийдэг.

- Баярлалаа. Хамгийн сүүлийн асуултаа асуугаад энэ ярилцлагаа өндөрлөе. Спортын салбар, нийгмийн хариуцлагатай ажил хийж байгаа санаануудаас Монголдоо хэрэгжүүлж болох, ирээдүйд ажил болгох ямар хамгийн чухал санаа юм уу зөвлөгөө  юу байна?

Спорт бол нийгмийн том бүтэц л дээ. Ойрын хугацаанд Монголд хэд хэдэн томоохон спортын тэмцээнүүд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа.

Томоохон хэмжээний тэмцээн уралдаануудыг Монголдоо зохион байгуулах нь нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд нэмэр болох боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна. Олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулсанаар олон улсаас дэд бүтэц, тамирчдын зардал зэрэг гээд олон зүйл дээр дэмжлэг авах боломжийг бүрдүүлдэг юм билээ. Ийм хэмжээний том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бол тамирчдын хотхоноо хотын ойролцоо бариад тэр хотхоны байруудаа “affordable housing” буюу хямд өртөгтэй орон сууцны төсөл болгож, бага хувийн хүүтэй ипотекийн зээлээр айл өрхүүдийг орон сууцжуулах бас нэг боломж байгаа байх аа.

Эцэст нь хэлэхэд нь утааны асуудал нийгэмд хамгийн том асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хүн бүрийн оролцоо дэмжлэг чухал юм. Манайх шиг хөгжиж буй оронд зохион байгуулах боломжтой тэмцээний нэг нь ОУОХ-ноос зохион байгуулдаг Залуучуудыг олимпын наадам юм. Энэ наадам өнгөрсөн 2018 онд Аргентин улсад болсон, 2022 онд Сенегал улсад зохион байгуулагдана. Люзань хот 2020 онд Залуучуудын өвлийн олимп зохион байгуулахаар ажиллаж байгаа. Эдгээрээс туршлага судалж, зөвхөн спортын салбарынхан гэлтгүй төр засаг, олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах нь зөв болов уу.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Огноо:

,

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.

Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм7 цаг 43 минут

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ7 цаг 52 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе7 цаг 55 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе8 цаг 4 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ8 цаг 23 минут

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм8 цаг 31 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе10 цаг 22 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм10 цаг 26 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох