Шударга мэдээ
Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар уг хуулийн төслийг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул тэдний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесийг төрийн зүгээс дэмжих шаардлагатай байгаа юм. Гэвч бизнес эрхлэх сонирхолтой тэдгээр иргэдэд зээлийн хүрэлцээ бага, хүү өндөр, барьцаа хөрөнгө байхгүй зэрэг хүндрэлүүд тулгардаг.
Тиймээс бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор Итгэлийн зээл бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх ажил 2016 оноос эхэлсэн байна. Улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийн амьдралыг сайжруулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангаж, зорилтот бүлэгт хөнгөн шуурхай, чирэгдэлгүй зээлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бий болгох бүтээгдэхүүн гаргахын тулд энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Итгэлийн зээл эхний ээлжинд 200-300 тэрбумын санхүүжилттэй байх ба энэ нь Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88.0 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая төгрөг хүртэлх зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэх юм.
Хуулийн төсөл батлагдсанаар:
- Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болно;
- Өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөн, эдийн засгийг хөгжлийг дэмжинэ;
- Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг дээшлүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад эергээр нөлөөлнө;
- Иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
