Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Туркиш Эйрлайнс” Европ-Зүүн өмнөд Ази чиглэлийн багц аялалд Улаанбаатар хотыг оруулах санал тавилаа

Огноо:

,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дотоод, гадаадын авиа компанийн төлөөллүүдтэй цуврал уулзалт хийж байгаа. Тэрбээр Дэд сайд Г.Түвдэндорж, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нарын хамт “Туркиш Эйрлайнс” компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмиртэй уулзсан юм.
 
Уулзалтын үеэр “Туркиш Эйрлайнс” компанийн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир танилцуулгадаа Хятад, Өмнөд Солонгос, Японоос Европ руу чиглэсэн, Европоос Зүүн өмнөд Ази руу чиглэсэн багц аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг оруулж болох талаар дурдав. Ингэснээр багц аяллаар яваа жуулчны зардал огцом нэмэгдэхгүйгээр аяллынхаа замд Улаанбаатар хотыг үзэх боломжтой болно гэдгийг хэлж байлаа.
 
Тухайлбал, Европ-Токио-Европ чиглэлийн жуулчны хоёр талын тасалбар 992 ам.доллар байдаг байна. Үүнийг Токио-Европ-Улаанбаатар-Токио болгож өөрчилбөл тухайн зардал 170 ам.доллараар нэмэгдэх аж. Сөүл-Европ-Сөүл аяллын хоёр талын тасалбар 1015 ам.доллар байдаг бол Сөүл-Европ-Улаанбаатар-Сөүл болон өөрчлөгдөхөд 70 ам.доллар нэмэгдэх тооцоо гаргажээ.
 
2019 оны судалгаагаар Хонконгоос гурван сая, Японоос зургаан сая, Хятадаас найман сая, Өмнөд Солонгосоос есөн сая жуулчин багц аяллын хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгээр Европ руу аялж байжээ. Тэгвэл мөн тэр жил Европоос Хонконг руу хоёр сая, Япон руу хоёр сая, Хятад руу долоон сая, Өмнөд Солонгос руу хоёр сая жуулчин очиж байсан байна. Тэгэхээр энэ эргэлтийн дунд Улаанбаатар хот нэмэгдсэнээр манайд ирэх жуулчдын тоо багагүй хэмжээгээр нэмэгдэх тэр дундаа өвөл, хавар жуулчин авах боломж бүрдэнэ гэдгийг “Туркиш Эйрлайнс” компанийн төлөөлөл хэлж байлаа.
 
“Туркиш Эйрлайнс” компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир “Жуулчдын аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг оруулаад, нислэгийг зардлыг огт нэмэхгүйгээр зохицуулалт хийсэн ч болно. Жуулчид өөрсдийнх нь зардал нэмэгдэхгүйгээр нэг хот илүү үзэх боломжтой болбол дуртайяа Улаанбаатарт ирнэ гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хот дахь “Үлэг гүрвэлийн музей”, “Түмэн их чуулга”, бөөгийн зан үйлийг үзэж сонирхож, Европын зах зээлээс харьцангүй хямд кашмерын бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болно. Энэ нь эргээд зөвхөн аялал жуулчлал бус бусад салбарт ч эдийн засгийн нөлөөгөө үзүүлэх юм. Хамгийн гол нь өвөл, хаврын улиралд Улаанбаатар хот жуулчинтай байх боломжтой. Жишээ нь, Европоос Өмнөд Солонгос руу 15 хоног аялахаар явж буй жуулчин замдаа гурав хоногийг нь Улаанбаатар хотод саатаж болно шүү дээ” гэж байлаа. Үүнтэй холбоотой тооцоо, судалгаа хийснээ ч танилцуулсан юм.
 
Мөн “Туркиш Эйрланс” компанийн зүгээс нислэгийн тоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Өнөөгийн долоо хоногт гурван удаагийн нислэгээр 800 суудлаар хязгаарлаж буй нь жуулчид нөхцөлийг хааж байна гэдгийг хэлж байв. “Туркиш Эйрлайнс” компанийн хувьд жилийн турш өдөр бүр нислэг, тэр дундаа зуны улиралд өдөрт 3-4 удаа нислэг хийх эрэлт, боломж бийг дуулгасан юм. Үүний тулд Монгол Улс агаарын тээврээ либералчлах хэрэгтэйг онцоллоо.
 
“Туркиш Эйрлайнс” компанийн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир агаарын тээврийг либералчилснаар нисэхийн салбараа хөгжүүлсэн нэг жишээ бол “Туркиш Эйрлайнс” компанийн түүх гээд “Одоогоос 15-20 жилийн өмнө Туркиш Эйрлайнс мөн л бусад авиа компанид саад хийдэг, чөлөөт нислэгийг хориглохын төлөө байдаг байсан. Тухайн үед манай компани одоогийнхоосоо тав дахин бага онгоцтой, нислэгийн тасалбар маш үнэтэй, жилдээ 3-5 сая жуулчин хүлээж авдаг байлаа. Хувьчлагдсаны дараагаас өөр авиа компаниуд манай зах зээлд орж ирсэн. Жуулчид нэмэгдэж, эдийн засаг ч тэлсэн. Зүйрлэвэл, нэг дэлгүүр байлаа гэхэд үйлчлүүлэгчид нь өмнөх хэвээрээ харин тойроод бусад дэлгүүрүүд ажиллах боломжтой болсон гэсэн үг. Товчхондоо, зах зээл томорсон. Нислэгийн зардал буурснаар жилдээ 60 сая жуулчин авдаг болсон. Өмнө нь ашиггүй ажилладаг компани байсан бол орлого олдог, дээгүүр эрэмблэгддэг томоохон компани болсон. Хувьчлалын ачаар манай агаарын тээвэр томорсон юм. Энэ салбарын хүний хувьд хэлэхэд одоо хүмүүс далайг харах гэж биш нүүдлийн соёлыг харахыг хүсэж байгаа. Тиймээс хэрэв Монгол Улсын агаарын тээвэр чөлөөтэй болбол богино хугацаанд олон жуулчин авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Агаарын тээврийн салбарыг либералчлах нь манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх суурь нөхцөл гэдэгтэй санал нэг байна. Жуулчин ихээр ирж байж эдийн засаг тэлнэ. Аялал жуулчлалын салбар, авиа компаниудын төлөөлөлтэй цувралаар уулзаж байхад энэ асуудал олон удаа хөндөгдөж байна. Та бүхэн ч гэсэн өөрсдөдөө байгаа судалгаа, тооцоогоо манай яаманд хүргүүлээрэй” гэв.
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад суудлын 2 автомашин мөргөлдсөний улмаас 1 хүүхдийн амь хохирч, 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдолд хяналт шалгалт хийлээ

Огноо:

,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын 2025 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/06 дугаартай удирдамжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 658 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд шалгалтын явцад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага хангаагүй хөрс бохирдуулагч нүхэн жорлонтой зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Илэрсэн зөрчлийн дагуу 268 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1008 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулан, хөрс бохирдуулсан холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авч, хөрс бохирдуулсан асуудалд 216,000.000 сая төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол тооцож барагдуулсан байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах зорилгоор 3 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгээр улсын хэмжээнд 229 нүхэн жорлонг буулгуулж, бохирдсон 1,2 га талбайд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж ажилласан байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.


2025 оны арваннэгдүгээр сарын 28-наас
2025 оны арванхоёрдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 28, 30, 12-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-өөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох