Үзэл бодол
АТГ: Хөгжлийн банкны зээлийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байна

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн Хөгжлийн банкны зээл олголтод хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Тэрээр мэдээлэлдээ, Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3/87 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 220200075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Зээлийн зарцуулалтыг шалгаж зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх;
- Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох;
- Зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, аж ахуйн нэгжүүд болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөн явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Дээр хэлсэнчлэн компаниудаас гадна мөн тухайн шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хувийн хөрөнгийн захиран зарцуулах эрхэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хязгаарлалт тавьж байгаа гэв.
Иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр болон бүртгэлийн маргаантай, хуулийн байгууллагаас хязгаарлалт хийгдсэн эсэхийг нь сайтар судлахыг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа. Жишээ дурдахад “Гантиг вилла” хотхон төслийн хөрөнгөөс 9 блок барилга нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа, мөн хуулийн байгууллага хязгаарлалт тогтоосон. “Гантиг вилла” цогцолборыг УИХ-ын гишүүн асан н.Ундармаатай хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компани барьсан.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгө 186, тээврийн хэрэгсэл 124, үйлдвэрийн барилга 1, лиценз 1, данс 13 тус тус битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна.
Үзэл бодол
Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо
Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүргэх, яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа.
Тус цогцолбор нь эмчилгээ, төрийн үйлчилгээний 18 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт бүхий хоёр ариун цэврийн өрөө, энгийн хоёр ариун цэврийн өрөө, авто зогсоол, зоорь бүхий хоёр давхар барилга юм. Уг цогцолбор барилга ашиглалтад орсноор 21 дүгээр хорооны 9553 хүн нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломжтой.
Барилга угсралтын ажлыг Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Жигүүр эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.
Үзэл бодол
Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
-Ойн өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж байна. Тэр дундаа манай улс анхаарлын тэмдэг авах хэмжээнд очсон. Бидний үр хүүхдүүд цаашид ямар орчинд, ямар нийгэмд үлдэх вэ гэдгийг бид өнөөдөр нухацтай бодох ёстой.
Өнгөрсөн 80жилийн хугацаанд Монгол улс 2,25 хэмээр дулаарчээ. Энэ үйл явц зогсохгүй үргэлжилбэл 2100 он гэхэд 4-4,5 хэм хүртлээ дулаарах тооцоо гарсан.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн чухал салбар бол ой. Жилдээ ганцхан өдөр бид ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэтэл өнөөдөр бидэнд өдөр бүрийг ойн өдөр болгох шаардлага тулгарсан байна. Ялангуяа энэ ойн өдрөөр бид сайн сайхныг гэхээсээ илүү болж бүтэхгүй байгаа тулгамдсан асуудлуудаа ярилцах хэрэгтэй.
Тулгамдаж байгаа асуудлууд дээрээ гарц, шийдэл олоод үлдсэн 364 өдөртөө хэрэгжүүлдэг байхын төлөө ажиллах ёстой. МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих асуудал биш, дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах.
2022 оны тавдугаар сард хийсэн судалгаагаар 737 мянган га газар ойн хөнөөлт шавжид идэгдсэн гэх харамсалтай тоо гарсан.
Бид нэг талд тэрбум мод тарих тухай асуудлыг хөндөн ярьж байхад нөгөө талд тэрбум залуу мод үхэж, үгүй болох асуудал хөндөгдөж байна.
Үүнийг бид нуух хэрэггүй. Хөнөөлт шавжаас гадна хушин ой, самрын бизнестэй холбоотой ой мод сүйдэж байгаа маш том асуудал бий. Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно гэдгийг анхааруулъя.
Байгаль орчны асуудлуудыг тус тусад нь авч үзэх ямар ч боломжгүй. Бүгд хоорондоо харилцан шүтэлцээтэй. Тийм учраас та бүхнийг ойн зөвлөгөөн дээрээ маш үр дүнтэй санал, шийдлүүд гаргах байх гэж хүлээж байна.
Хот суурин дахь ногоон байгууламжийн асуудлыг ч орхигдуулж болохгүй. Бид амьдарч байгаа орчноо ногооруулахгүй бол хэн ч бидний орчныг өөрчлөхгүй шүү.
Модгүй бол усгүй. Усгүй бол хөрсгүй. Хөрсгүй бол хүнсгүй. Хүнсгүй бол амьдрал үгүй. Харангадаж, ангаж, өлсөж үхэхгүйн тулд бүгдээрээ ойгоо аварцгаая гэж Ойн газраас мэдээллээ.
Үзэл бодол
Ч.Сугармаа: Жолооч, тээвэрчид ээ, амьдрал залгуулдаг авто замаа хайрлая
Зам,тээврийн хөгжлийн яамны АЗБХЗГ-ын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаагаас тодрууллаа.
-Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын засвар, арчлалтад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Замын засвар арчлалтад шинээр зам барихаас илүү анхаарах ёстой байдаг. Замын эвдрэл, хагаралд даац хэтрэлт хамгийн их үр нөлөө үзүүлдэг. Яамны зүгээс авто замд нэмж эвдрэл гаргахгүй байх чиглэлээр анхаарч ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд дээрх чиглэлийн замуудад даац хэтрэлтийг хянаж, стандартын дагуу тээвэрлэлтийг явуулах шаардлагатай. Мөн хяналт, шалгалтын ажил тогтмол хийгдэж байгаа төдийгүй цаашид урсгал засвар арчлалтаа тогтмол чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тээвэрчид, аж ахуйн нэгж, ачаа илгээгч, хүлээн авагч нар ч хариуцлагатай байж, даац хэтрүүлэлгүй зорчин авто замаа хайрлахыг уриалж байна.
-Улсын чанартай авто замын засвар, арчлалт хийх төсөв, санхүүжилт хэрхэн шийдэгддэг вэ. Энэ талаар тодруулбал?
-Улсын чанартай авто замын засвар, арчлалыг улсын авто замын сангаас санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, авто замын сангийн нэг эх үүсвэр нь Улсын төсөв юм. Замын засвар арчлалтад жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг ч нийт улсын чанартай авто замаа засварлахад хангалттай хэмжээнд хүрэлцдэггүй. Тэгэхэд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэж, авто замаа эвдэж байгаа нь эргээд төсвийн мөнгөө л салхинд хийсгэж байгаатай ялгаагүй юм.
-Дундговь аймгийн замын эвдрэл гэмтэлд нийт хэчнээн төгрөг зарцуулсан бэ? 2023 онд хэчнээр төгрөгийн санхүүжилтээр засварлахаар байгаа бол?
-Тухайн замд эвдрэл гарсан шалтгаан нь мөн л дээр хэлсэнчлэн даац хэтрэлт шүү дээ. Ихэвчлэн миддлинг буюу шахмал түлш тээвэрлэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлж замаа эвдсэн. 2023 онд улсын төсөвт тусгагдсан хэсэгчилсэн их засварын ажилд А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд 7.1 тэрбум төгрөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн замд 3.4 тэрбум сая төгрөг төсөвлөсөн.
Урсгал засвар арчлалтаа сайн хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллана. Замын эвдрэлтэй хэсгүүдийг засварлахаар 2022 онд “Эм Ай Эл” ХХК-иар их засварын хэсэгчилсэн нийт 90 км авто замын зураг төслийг боловсруулсан.
Сэтгэгдэл