Цаг үе
5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана
Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан.
Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо.
Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Цаг үе
Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийж, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах ажлын хүрээнд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагт хаагдлаа.
Ажлын хэсгийн зүгээс төслийн санал хүлээн авсан талаарх ерөнхий мэдээлэл, тогтоосон хугацаанд санал ирүүлсэн оролцогчдын нэр, саналын бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг танилцуулсан юм.
Тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, EPC гүйцэтгэгч, санхүүгийн байгууллага болон консорциумуудын оролцох сонирхлыг (Letter of Interest, LOI) 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авахаар зарласан ба дээрх хугацаанд гурван аж ахуй нэгж оролцох сонирхлоо илэрхийлсэн.Үүнд:
- “Юу Би Метан” ХХК
- “Tianjin Zhongchang Construction Engineering” Co., Ltd
- “Shandong Futai Construction Engineering” Co., Ltd
Дээрх аж ахуйн нэгжүүдээс өнөөдөр “Tianjin Zhongchang Construction Engineering” Co., Ltd төслийн саналаа ирүүлэв.
Төслийн саналын иж бүрдэл, хүчинтэй байдал, үндсэн шаардлага, техникийн болон санхүүгийн саналын агуулгыг ажлын хэсэг дараагийн шатанд батлагдсан аргачлал, шалгуур үзүүлэлт болон үнэлгээний дагуу хянан үзэн үнэлж, хэлэлцээрийн холбогдох баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд төслийн санал ирүүлсэн оролцогчтой түншлэлийн гэрээ болон холбогдох бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээрийг эхлүүлнэ.
Цаг үе
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо
“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн нээлт Баасан гарагт (2026.09.25) албан ёсоор зарлагдаж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцогч багуудад хандаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, ойлгомжтой хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, дуу хоолой тэдний шийдэл хамгийн чухал бөгөөд өндөр ач холбогдолтой хэмээн онцолж байсан билээ. Тэгвэл өчигдөр (2026.09.26) Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Unread Media хамтран зохион байгуулсан “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүд тодров.

Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцсон. Тэрбээр баг тус бүр ажил хэрэгч технологийн шийдэл танилцуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, мэдээллийг илүү ойлгомжтой, цэгцтэй, үр өгөөжтэй байдлаар олон нийтэд хүргэх технологийн шийдлүүдийг хүлээн авч, цаашид ч нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой хүртээмжтэй болгох чиглэлээр өөрсдийн шийдлээ танилцуулсан “Нээлттэй парламент”хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээнд нийт 32 багаас шалгарсан шилдэг 10 баг оролцож, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдсөн. Багууд Улсын Их Хурлын Тамгын газрын олон нийтэд ил болгосон хуулийн хүрээнд ашиглах боломжтой бүх дата,мэдээллийг технологийн шийдлээр хэрхэн энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдгийг гол зарчмаа болгож ажиллажээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүү, Азийн сангийн Засаглалийн хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, “Альфа Брэйн” ХХК-ийн захирал Т.Билгүүн нар ажиллаж, шилдгүүдийг тодруулсан юм.

I байранд “Хуралдай” баг “Дагалдах актын хяналтын AI туслах” хөгжүүлэлтээр
II байранд “Сод тод гялалзана” баг “Хөгжлийн бэрхшээл оролцоонд саад болохгүй” хөгжүүлэлтээр
III байранд “Zero one” баг “Нээлттэй парламент-нээлттэй өгөгдөлд суурилсан AI туслах” хөгжүүлэлтээр тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Есдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Архангайн зүүн, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говиор 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:
Үүлшинэ. Уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 8-10 хэмээр хүйтэрч 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:
Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 7-9 хэмээр хүйтэрч 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:
Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 6-8 хэмээр хүйтэрч 2-4 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 29-нөөс
2026 оны аравдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 29-нд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Дорнодын зарим сумдын нутгаар, 02-нд Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
-
Урлаг спорт2022/06/15
Жүжигчин Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
-
Урлаг спорт2022/02/25
Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ
-
Улстөр нийгэм2019/07/17
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн “Сургагч багш” нар...
-
Шударга мэдээ2022/03/07
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг "Шинэ сэргэлт" ур...
