Шударга мэдээ
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.
Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлж, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.
Шударга мэдээ
“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаар санал авч байна
Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолоор “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хөгжилд идэвх оролцоог нь хангаж, эрхзүйн цогц шинэчлэл хийх, ахмад насны холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.
Иймд “Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах талаарх тодорхой саналаа 12 дугаар сарын 20-ны дотор Монголын ахмадын холбоонд бичгээр ирүүлэхийг хүсье.
Ахмад настнуудынхаа ирүүлсэн санал бүрийг нарийвчлан судалж хууль тогтоомжийн төсөлд тусгуулах талаар ажлын хэсэг санаачилгатай ажиллах болно гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.
Шударга мэдээ
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа
ОБЕГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/383 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалт явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа.
Шинэчлэн боловсруулсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам” нь 6 бүлэг, 32 зүйл, 25 хэсэгтэй бөгөөд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дүгнэх үзүүлэлт”-ийг хавсралтаар боловсруулсан.
Журамд шинээр бэлэн байдлын үзлэг зохион байгуулах 12 чиглэлийг өөрчлөн, үзлэг зохион байгуулагч, үзлэгт хамрагдагчийн эрх, үүргийг шинээр тусгаж, үзлэг зохион байгуулахад 100 хүртэл хувиар үнэлгээ өгч дундаж оноог гаргахаар тогтоож, оноо өгөх шалгуурыг боловсруулсан гэдгээрээ онцлог юм.
Энэхүү журам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба болон орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах зорилготой гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилга, стандарт бус хашааны улмаас явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд ихээр зорчдог. Иймд нийслэлийн удирдлагууд Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хашааг татуулж, явган зам тавихаар зөвшилцөн, явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор явган хүний замыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтуудын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын дагуу арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Зөвшилцлийн хүрээнд эхлүүлсэн уг ажилд долоон аж ахуйн нэгж өртөж буй бөгөөд газар чөлөөлөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай” гэлээ.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Газар чөлөөлөн явган хүний зам тавих ажилд нийт 300 метр орчим талбай өртөж буй. Одоогийн байдлаар 150 метр талбайг бүрэн чөлөөлсөн бол 50 метр талбайд шороон дүүргэлт хийсэн. Үлдсэн 100 метр орчим талбайд “Вега сити” хотхоны зүгээс хамгаалалтын хашааныхаа угсралтыг хийж дуусахаар шороон дүүргэлтийн ажлыг эхлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түр хүлээлтийн байдалтай байгаа. Мөн хугацаа алдахгүй байх үүднээс газар чөлөөлөлт хийсэн талбайд Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас угсралтын ажлыг хийж байна” хэмээв.
Түүнчлэн барилга барьж буй компаниуд барилгын ажлаа дуусгасныхаа дараа тухайн замуудын гадна тохижилтын ажлыг стандартад нийцүүлэн ахин засна гэдгийг албаныхан онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Улстөр нийгэм2023/09/06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч у...
-
Улстөр нийгэм2020/10/19
Монголбанкны Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчи...
-
Үзэл бодол2021/07/09
Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр...
-
Улстөр нийгэм2021/08/12
2020 онд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд 427 мянган хүн хамрагджээ
Сэтгэгдэл