Улстөр нийгэм
Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим заалтын талаар санал солилцох уулзалт боло
Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн нэг нь Дээд боловсролын тухай хуулийн төсөл юм. Тус хуулийн төслийн зарим заалтын талаар санал солилцох уулзалтыг өнөөдөр (2022.03.10) Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгуулав.
Уулзалтад Боловсролын багц хуулийн төслийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг болон их, дээд сургуулиудын удирдлага, мэргэжлийн хуульчид оролцлоо.
Уулзалтын эхэнд Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам үг хэлэхдээ Дээд боловсролын тухай хуулийн төслийн хоёр заалт буюу их сургуулийн эрх зүйн статус, их сургуулийн Удирдах зөвлөлийн хараат бус төлөөлөл гэсэн хоёр асуудлаар санал солилцох зорилготойг онцолсон.
Дараа нь Дээд боловсролын тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн ахлагч, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх С.Должин дээрх хоёр зохицуулалтын талаар товч танилцуулга хийснээр Боловсролын багц хуулийн төслийн нэгдсэн ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн мэргэжлийн хуульч Т.Мэндсайхан, Д.Лүндээжанцан, Н.Лүндэндорж болон сургуулийн төлөөллүүд саналаа илэрхийлж, асуулт, хариулт өрнүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна.
Манай улсад өнөөдрийн байдлаар 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Улсын Их Хурлын даргын хувьд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахыг зорьж байна.
Энэ хууль батлагдсанаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно. Үүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тэргүүтэй гишүүд манлайлна.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хадмал орчуулга нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Үр дүнд сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад тэгш оролцож, парламентын ил тод байдал, хүртээмжийн соёл нэг шат ахина.
Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай.
Өнөөдрөөс эхлэн бид хүртээмжийг хэлэлцдэг бус, хэрэгжүүлдэг улс байхын төлөө алхам бүрээ бодит үр дүн рүү чиглүүлэх шаардлагатай.
Санаачилгатай хэн нэгэн бус, хүн бүр төрийн үйлчилгээ, нийгмийн амьдралд саадгүй, тэгш оролцож чаддаг орчныг бүтээх нь бидний нэн чухал зорилт.
Энэ зорилтыг үгээр бус үйлдлээр, зарчмаар бус бодит өөрчлөлтөөр баталгаажуулж, хамтдаа хөгжлийн шинэ соёл, стандартыг бүтээцгээе.
Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Улстөр нийгэм
Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад нийт 4893 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар бол бүх салбарт хамааралтай, нийт хүн амыг хамардаг онцгой салбар юм. Энэ салбарын албан хаагчдыг төрийн нүүр царай гэж тодорхойлж болно. Тиймээс бусдын зовлонг өөрийн биед эргэцүүлэн бодож, ажил үүргээ гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамж болон хүүхэд хамгааллын бодлогыг цогцоор нь шинэчлэх шаардлагатай. Зөвхөн хурал, зөвлөгөөн төдийхнөөр тоо, кэйс ярьж суухгүйгээр бодит ажлыг шуурхай хэрэгжүүлж, амьдралд нийцүүлэх нь чухал гэлээ.

Салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хууль, Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Улстөр нийгэм
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа.
Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм.

Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо.
Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм.
Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална.



