Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Занданшатар: Эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайн ажиллах хэрэгтэй

Огноо:

,

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-ны өдөр гишүүдийн 80,1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Зандашатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


    Эрхэм гишүүд ээ,

    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

    Хатагтай, ноёд оо,

    Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна.

Коронавирусийн дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед Шинэ сэргэлтийн бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэх боломж бий боллоо. Гэхдээ цар тахал томуу өвчний хэлбэрт шилжих, шинэ хувилбар дахин дэгдэх эрсдэлтэйг анхаарч, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нэгэнт тогтсон сайн дадал хэвшлийг дагаж мөрдөх нь зайлшгүй чухал гэдгийг үгийнхээ эхэнд сануулж хэлье.  

Улсын эдийн засаг, ард олныхоо амьжиргааг сэргээх боломж бүхнийг алдалгүй ашиглаж, цар тахлын дараах Шинэ сэргэлтийн бодлогоо тууштай хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, иргэд олон нийт нэгдэж, итгэл төгс урагшлах шинэ эрмэлзлийн цаг ирж байна.

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Та бүхний анхаарлыг 3 багц асуудалд хандуулахыг хүсэж байна.

  1. Цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаа ч олон улсын нөхцөл байдал хурцадмал болж таамаглах аргагүй, яах нь тодорхойгүй олон эрсдэлийг өдөөж байна.

Гадаад орчин эмзэг байгаа энэ үед монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин” гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна. Мэдээллийн дайны энэ эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давлагаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүй.

Монгол Улсын эдийн засаг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 хувийн өсөлттэй гарсан нь олон улс болон дотоодын мэргэжлийн байгууллагуудын төсөөллөөс харьцангуй бага байлаа.

Хэдийгээр дотоодод цар тахлын халдвар хумигдаж байгаа ч хөрш орнуудын энэ чиглэлээрх хатуу бодлого, гадаад орчны нөлөөллөөс шалтгаалан экспорт буурсан нь эдийн засагт зарим хүндрэл бий болгож байна. Тухайлбал, 2022 оны эхний хоёрдугаар сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 13-97 хувь буурч, төлбөрийн тэнцэл 2022 оны нэгдүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үнийн өсөлт эрчимжиж, инфляц 2022 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.2 хувьд хүрчээ.

Олон улсын тавцанд бий болсон хурцадмал байдал нь инфляцын хөөрөгдөл, зарим бараа бүтээгдэхүүний хомсдол, ханшийн уналт, бүс нутгийн хөрөнгө оруулалтын эрсдэл зэргээр манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна. Иймд төсөв мөнгөний бодлогыг оновчтой уялдуулж, инфляц, эдийн засгийг зөв удирдах шаардлагатай байна. Үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг оновчтой хэрэгжүүлж дараах асуудлуудыг даруй анхаарах шаардлагатай. Үүнд:

  1. Өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх арга хэмжээг авч, үнийн өсөлтийг бууруулах;
  2. Импортыг орлох, экспортыг дэмжих үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжих мөнгө, зээл, төсөв, татварын бодлогыг яаралтай хэрэгжүүлэх;
  3. Дэлхийн хөрөнгийн зах зээл тогтворгүй болж, ирэх жилүүдэд Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрийн удирдлагын төлөвлөгөөг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэн, батлах;
  4. Эдийн засгийн уналт үргэлжлэхээс сэргийлж, боомтын хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  5. Үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл эмзэг бүлэгт хүндээр тусах магадлалтай тул нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх нь чухал байна.

Түүнчлэн эрсдэлийн цаана боломж ч бас байгааг олж харж, түүнийг алдахгүйн төлөө чармайн ажиллах хэрэгтэй байна.

Дэлхийн зах зээл дээр алтны ханш унци нь 2000 ам.долларт дөхлөө. Нүүрсний үнэ гуравдугаар сар гарснаас хойш тонн тутамдаа 300 юаниар нэмэгдсэн. Зэсийн үнэ сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрсэн ч цаашид нэмэгдэнэ, тонн нь 15.000 ам.долларт хүрэх магадлалтай гэсэн тооцооллыг шинжээчид хийсэн.

Түүнчлэн Европ, Азийг холбосон худалдааны нэг томоохон зангилаа нь манайх байх боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой тогтоосон эдийн засаг, улс төрийн сайн харилцаагаа идэвхжүүлэх, боломжийг бодит ашиг, үр дүнд хүргэхэд чиглэсэн зөв бодлогыг яаралтай боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

  1. "Шинэ сэргэлт"-ийн бодлогоо цаг алдалгүй хэрэгжүүлж эхэлье. 

Энэхүү бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, эрчим хүчний, аж үйлдвэржилтийн, хот-хөдөөгийн, ногоон хөгжлийн болон төрийн бүтээмжийн хүрээнд сэргэлт бий болгох хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг даван туулахад чиглэсэн.

Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэнэ. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрч, боомтын хүчин чадал 3 дахин, эрчим хүчний эх үүсвэр 2 дахин нэмэгдэх юм. Товчоор хэлбэл Монгол Улс шинэ сэргэлтийн сэргэн мандлын замд гарна. Тиймээс бодлого баталсандаа санаа амарч, тайвширч, алгуурлаж сууж хэрхэвч болохгүй.  

Сүүлийн 14 жилийн 12 жилд нь манай улсын төсөв, төлбөрийн урсгал тэнцэл хос алдагдалтай байснаар өр нэмэгдэж, валютын ханш өсч, төгрөг үнэгүйдэж, үнэ ханш буурах биш, өсөх дараалаар үргэлжилсээр ирэв. Эдийн засаг маань уул уурхайгаас хэт хараат болж, нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, уламжлалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт 4 хувьд ч хүрэхгүй болжээ. Үүний уршгаар орлогын ялгаа нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна.

Тиймээс хэрэглэгчээс үйлдвэрлэгч, импортлогчоос экспортлогч болох зорилгынхоо төлөө иргэн нэг бүр, байгууллага аж ахуйн нэгж болгон, төр засаг, нийт үндэстэн даяараа хамтарч, тууштай зүтгэн хөдөлмөрлөж, хаврын тариалалт, ноолуур бэлтгэл зэрэг цаг үеийн ажлаас эхлээд, боловсруулах үйлдвэрлэл байгуулах, түүний хүний нөөцийг бэлтгэх, боомтууд, төмөр замын тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийн ойрын үеийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ долдугаар сард ашиглалтад орох ёстой. Эдгээр төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт 60.0 сая тоннд хүрэх боломжтой. Тиймээс төмөр замдаа онцгой анхаарал хандуулж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулах бүх талын арга хэмжээ авч ажиллах нь чухал байна.   

"Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан Улсын Их Хурлаар нэн яаралтай хэлэлцүүлэх томоохон 7 хуулийн төсөл, 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж хэлэлцүүлэх 20 хуулийн төслийг шуурхай хэлэлцэх, хэлэлцүүлэгт бэлтгэх шаардлагатай байна. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байгааг эхний ээлжинд хэлэлцэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдан авах ажиллагааны тухай,  Үндэсний баялгийн сангийн тухай, Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай, Хөгжлийн сангийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, Дампуурлын тухай зэрэг хуулиудыг боловсруулах, хэлэлцэж батлахад төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн идэвхтэй оролцоог хангаж, яаравчлах шаардлагатай байна.

  1. Улсын хэмжээнд тулгамдсан, шийдлээ хүлээж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, оновчтой, хурдтай, зөв шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал боллоо.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр үндэсний хэмжээнд явуулсан олон нийтийн санаа бодлын судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 45 хувь нь өрхийн амьжиргаа өмнөхөөсөө дордож, орлого буурсан гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчид ойрын үеийн нэн тулгамдсан таван асуудлаар:

    -хүнсний барааны үнийн өсөлт;

    -шатахууны үнийн өсөлт;

    -эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, үйлчилгээний чанар, Ковид-оос бусад өвчлөлд анхаарал хандуулах байдал;

    -Улаанбаатар хотын замын түгжрэл;

    -ядуурал, иргэдийн амьжиргааны доройтлыг нэрлэсэн байна. 

Эрхэм гишүүд ээ,

Энэ хаврын чуулган нэлээд ачаалалтай, шахуу хуваарьтай байхаар байна. 2020 оны сонгуулиар сонгогч олны итгэлийг хүлээн сонгогдсон Та бидний бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орлоо. Шийдлээ хүлээсэн бодлого, шийдвэр, эрх зүйн реформын олон асуудлууд өмнө минь байна. Тиймээс бидэнд илүү идэвх санаачилгатай байж, амралт алжаалыг хойш тавин зүтгэх шаардлагатай байгааг тэмдэглэе. 

Тамгын газраас гаргасан судалгаагаар хэлэлцүүлгийн шатанд 102 хууль, тогтоомжийн төсөл байгаагаас нэгдсэн хуралдаан, Байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь шийдвэрлэсэн 56 төсөл байна. Тэдгээрээс хамгийн олон нь буюу 30 төсөл Эдийн засгийн байнгын хороонд, тус бүр 12-13 төсөл Хууль зүй, Төрийн байгуулалт, Нийгмийн бодлогын байнгын хороон дээр байна. 

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэн тэргүүнд хэлэлцэн батлах ёстой 31 томоохон хууль багтсанаас бид 14 хууль баталж, 2 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа.

Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бусад хуулийн төслүүд батлагдаагүй үлдээд байна. Нэн тэргүүнд батлах ёстой эдгээр хуулийн зарим нь одоо хүртэл өргөн баригдаагүй байгааг сануулъя.

Энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байж, батлан гаргаж буй хуулиуддаа хүний эрхийг амин сүнс болгон суулгах, хөгжлийн монгол загвар бий болгож, эдийн засгийн Шинэ сэргэлтийн замд орох талаар дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайх болно.

Улмаар эдгээр 2 үндсэн зорилго дээрээ нэмж нэг шинэ зорилго дэвшүүлж байгаагаа Та бүхний анхааралд толилуулъя. Энэ бол парламентын төгөлдөршил буюу парламентын ардчиллын хөгжил шинэтгэлийн тухай асуудал юм.

Парламентын ардчиллыг төлөвшүүлэх талаар 4 асуудлыг онцолъё гэж бодож байна.

Нэгдүгээрт, Парламентын засаглалыг сонгон замнасан өнгөрсөн 30 жилд бид туршлага, сургамжийн аль алиныг хуримтлуулсан. Сонгуулиар засаг төрөө эмхлэн байгуулдаг, олон намын төлөөлөлтэй, ардчилсан парламентын засаглалд эргэлт буцалтгүй шилжсэн нь яахын аргагүй том ололт.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйлийг засаж сайжруулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд томилох, томилогдох болон төсвийн эрх мэдлээсээ татгалзаж, Засгийн газрын тогтвортой байдалд Улсын Их Хурлын зүгээс нөлөөлөх нөлөөллийг эрс багасгаж чадсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалахаар заасан. “Төрийн бодлогыг тодорхойлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд ард түмний өмнөөс хууль тогтоомжийн акт гаргаж, түүнийгээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгаж, дэмжих замаар улсыг хуулиар жолоодох үйл ажиллагааг бүхэлд нь хууль тогтоох эрх мэдэл гэнэ” хэмээн Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай тодорхойлсон байдаг.

Тэгэхээр хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн хууль “үйлдвэрлэх” төдий ойлголт бус, хууль батлан гаргах, баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянан шалгаж, эцсийн үр дүнд хүргэх замаар нийгмийг хуулиар жолоодох нь энэ эрх мэдлийн үндэс юм.

Гэтэл өнгөрсөн он жилүүдэд хянан шалгах чиг үүрэгтээ Улсын Их Хурал дутуу дулим хандаж ирсэн нь бодит үнэн. Хууль хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг гэсэн зарчмаар халхавч хийсээр өнөөг хүргэсэн. Энэ байдлыг засаж, хянан шалгах үндсэн чиг үүргээ хууль ёсоор хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн чуулганаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар сонгодог парламент болж төлөвших шинэ үе шат эхэлж байна хэмээн хэлсний учир үүнд оршиж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль нь шударга ёсыг тогтоох, төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх амин чухал зорилтыг хэрэгжүүлэх чухал арга хэрэгсэл юм.

Монголын ард түмэн хүнсний бараа, шатахууны үнийн өсөлтөөс илүү шударга ёс алдагдаж байгаад бухимдан дургүйцэж байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банк тойрсон асуудал юм. Тиймээс Улсын Их Хурлаас тусгайлан ажлын хэсэг байгуулж, тус банканд хяналт шалгалт хийж байна. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-ний өдөр Ерөнхий хяналтын сонсгол хийхээр товлосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болох ёстой.

Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө Улсын Их Хурал ажиллах болно.

Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудынх байгаад анхаарал хандуулах ёстой. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгийн ашиглалтад байнгын хяналт тавьж, ашиглан завшигч хандлага, хэт үрэлгэн, салан задгай байдалд цэг тавих цаг болсныг онцолъё.

Дээр дурдсан санал асуулгад оролцогчдын 64 хувь нь Улсын Их Хурлын эрхэм гишүүн Б.Баттөмөрийн ахалсан ажлын хэсэг энэ асуудлыг шударгаар шийдвэрлэж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлсэн байна билээ. Тиймээс энэ итгэлийг биелүүлэхийн төлөө хичээж зүтгэхийг ажлын хэсэгт үүрэг болгоё.

Хоёрдугаарт, Парламент ард түмнээ бүрэн дүүрэн төлөөлөх учиртай. Бид ард түмний төлөөллийг  хангалттай хэрэгжүүлж чадаж байгаа юу? Нийгмийн бүхий л ашиг сонирхолын бүлэглэлүүдийг бүрэн төлөөлж чаддаг уу, иргэдийн засаглах эрхийг эдлүүлж чадаж байгаа юу гэвэл, бүрэн хангалттай биш байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байж болох ч одоо мөрдөгдөж буй эрх зүйн тогтолцооноос нэлээд хэмжээгээр хамаарч буйг хэлэх хэрэгтэй.

Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудлыг дурдаж болно. Тиймээс сонгуулийн тогтолцооны олон хувилбаруудаас Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой, ард түмний төлөөлөх чадамжийг хангасан тогтолцоог сонгон хэрэглэх нь парламентын төлөвшил, төгөлдөршил, намуудын төлөвшил, ардчилсан засаглалын ирээдүй, Монгол Улсын эрх ашигт гарцаагүй чухал гэдгийг бодолцож, шийдэл гаргах цаг болсон.

Гуравдугаарт, маргаан дагуулдаг өөр нэг асуудал бол парламентын гишүүдийн тооны тухай яриа юм. Үндсэн хуулийг баталж байх 1992 онд манай улс 2.1 сая иргэнтэй байсан бол одоо 3.4 сая иргэнтэй болсон байна. Гучин жилийн өмнө нэг гишүүн 27.6 мянган хүнийг төлөөлж байж. Одоо нэг гишүүнд 44.7 мянган иргэн ногдож байна. Даруй 1.6 дахин өссөн гэсэн үг. Энэ хэрээр төлөөлийн чадамж суларсан байна. Тиймээс сайжруулах, эргэж харах цаг болсон гэдгийг Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын саяханы зөвлөгөөнөөр улс төрийн намууд санал нэгтэйгээр гаргасныг энд онцлон тэмдэглэж байна.

Дөрөвдүгээрт, парламентад цахим шилжилт хийх нь зайлшгүй зорилт мөн. Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлж, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.

Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмууд хийж байгаа. Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халсан. Үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах, санал авах lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn системийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч удаа тасалдуулалгүй явуулж, цахим хуралдааны томоохон туршлага хуримтлууллаа.    

Эдгээрт тулгуурлан Улсын Их Хурал иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, хаврын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байна. Энэ систем хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо хэлбэрийн төдий хангагддаг байдлыг засаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ард түмний засаглах эрхийг эдлүүлэхэд чиглэнэ.

Энэ хүрээнд хуулийн төсөлд иргэдээс санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн 4 үндсэн функцтэй “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм.

Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдож, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.6 саяд хүрсэн. Суурь бүтэц ийм сайн байхад иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж, Улсын Их Хурал болон иргэдийг зааглаж буй зааг ялгааг нураах зорилго амжилтад хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Цаашид бид хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомж, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа  цахим технологийн боломж, инновацыг шингээх нь ард түмний засаглах эрхийг хангасан парламент болж төгөлдөржихөд нэн чухал ач холбогдолтой юм.

Энэ зорилтын хүрээнд зарим аймагт Улсын Их Хурлын үйл ажиллагааг нээлттэй сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, “Парламентын боловсрол” хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж, иргэддээ ардчилал, хүний эрх, Үндсэн хуульт болон парламентат ёсны мэдлэг, боловсрол олгох ажлыг эрчимтэй явуулах ажлыг Тамгын газраас хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт ард иргэд ээ,

“Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя” гэж бид Төрийн дууллаа дуулдаг билээ. Монголчууд бид нэгдмэл үнэт зүйлстээ тулгуурлан, эвийн хүчийг эрхэмлэн, Монголоо мандуулах түүхэн цаг ирсэн байна. Үүнтэй холбогдуулан “Монголоо мандуулъя” төслийг эхлүүлэхээр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо санаачлаад байна.

Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх үзлийг бэхжүүлэх нь Монголынхоо ирээдүй хойчсын өмнө бидний хүлээх журам үүрэг юм. XXI зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь зүй ёсны хэрэг боловч даяаршлын эринд үндэстний ондоошлоороо ялгарч, оюуны дархлаагаа сэргээн бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү төслийн зорилго нь үндэсний бахархалт өв соёлоо дээдлэх, уламжлалт зан заншлаа өвлөн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижрах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч ард түмэн болох, ядуурлаас салж, хөгжин дэвшихэд чиглэх болно. Энэхүү аяныг хот хөдөөгүй монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэмжиж ажиллахыг уриалъя.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

2022.03.15

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг юм

Огноо:

,

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэдийн эхлэлээ тавьж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Монгол Улсад анх удаа бүтээн босгож байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон талын ач холбогдолтой энэхүү томоохон төслийг удирдан хэрэгжүүлэгч “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатартай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд “20 минутын хот” гэх нэр томьёо багагүй яригдах боллоо. Энэ нь ямар утга агуулгатай ойлголт юм бэ?

-“20 минутын хот” гэдгийг энгийнээр тайлбарлавал, тухайн бүсэд амьдарч байгаа хүн өдөр тутмын болон өөрт хэрэгтэй бүхий л нийгэм, соёл, төрийн үйлчилгээнд 20 минутад явганаар хүрч очих боломжийг бүрдүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хотууд яг л манайх шиг түгжрэл, утаа, дуу чимээ гээд төвлөрлөөс үүсдэг олон хүчин зүйлийг давахын тулд дэд төвүүдийг бий болгож ирсэн. Олон улсад анх 15 минутын хот гэсэн концепцтэй гарч байсан. Одоогоор дэлхий нийтэд 100 орчим хот энэ концепцын дагуу төлөвлөлтөө хийгээд хэрэгжүүлчихсэн байна. Хэрэгжүүлэх шатандаа явж байгаа 50 орчим хот байгаа юм билээ. Энэ жишгээр “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

-Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол утаа, замын түгжрэл, орчны бохирдол, хэт төвлөрөл. “Сэлбэ 20 минутын хот” төсөл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулах вэ?

-Улаанбаатар нэг саяас дээш хүн амтай том хот болчихлоо. Сүүлийн 20 гаруй жил хотын хүн амын төвлөрөл хурдацтай нэмэгдэж байна. Улаанбаатар хотод гол ажлын байрууд төвлөрсөн, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж байна. Хүн амын төвлөрөл нэмэгдээд эхлэхээр нийгмийн үйлчилгээ болон дэд бүтэц хүртээмжгүй болж байна. Хүн амын нягтралын өсөлтийг бүтээн байгуулалт нь гүйцэхгүй байна гэсэн үг. Мөн дэлхийн бүхий л томоохон хотуудад байдаг түгжрэлийн асуудал болон эрс тэс уур амьсгал, дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас шалтгаалсан агаарын бохирдол зэрэг хүчин зүйлүүд ар араасаа гарч ирж байна. Эдгээрээс гадна соёл, боловсролын үйлчилгээ бүгдэд тэгш хүрч чадахгүй байна. Ийм учраас эдгээр асуудлыг богино хугацаанд зөв голдиролд нь оруулах томоохон сорилт бий болсон. Манай хотын хувьд Сүхбаатарын талбайгаа тойроод урлаг соёл, төрийн захиргаа, сургууль, бизнесүүд төвлөрчихсөн учраас яах аргагүй төв рүү чиглэсэн урсгал ихтэй.

Улаанбаатар хотын төлөвлөлт, хөгжил нь өнгөрсөн зуунд социалист нийгмийн үзэл баримтлалаар бий болсон учраас нийтийн төлөвлөлтөөр хязгаарлагддаг байлаа. 40, 50 мянгат гэсэн томоохон хорооллын төлөвлөлт нь тухайн цаг үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байсан ч өнөөдрийн амьдралын хэмнэлд тохирохгүй байгааг бүгд харж байна. Бүх хүн нийтийн тээврээр ажилдаа очдог байсан үетэй харьцуулахад айл бүр автомашинтай, хороолол болгон үйлчилгээний төвтэй болж, үүнийг дагаад үйлчилгээний талбай, бизнесийн нэгж, газар ашиглалт, автомашины зогсоол зэрэг хүртээмжийн асуудал гарч ирж байна. Цаашлаад хувийн өмчтэй байх ойлголт өнгөрсөн нийгэмд байгаагүй бол ардчилсан, чөлөөт нийгмийн өөрчлөлтөө дагаад хот төлөвлөлтөд хүний хөгжил, орчны чанар, нийтийн ба хувийн орон зайн зөв зохицлыг илэрхийлэх ёстой болжээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, шинэчлэгдэж байгаа ч цогцоор нь хараахан шийдэж чадаагүй байна.

“Сэлбэ 20 минутын хот”-ын төлөвлөлт нь барилга байгууламжаас гадна тээврийн системийг хөгжүүлэх, хотыг бүрэн шинэчилж, нийгмийн өөрчлөлттэй холбож сайжруулж байгаагаараа ялгаатай. Одоогоос арваад жилийн өмнө хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтэц бий болгох, алслагдсан дүүргүүдэд шинэ төвүүд бий болгох зорилгоор Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах эхлэл тавигдаж байсан. Тухайн үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр багагүй хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцийн ажил нэлээн хийсэн байдаг. Гэсэн хэдий ч амжилттай хэрэгжээгүй энэ ажлыг “Сэлбэ 20 минутын хот” концепцоор үргэлжлүүлж байна. 2023 оны сүүлч 2024 оны эхэн үеэс Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га газрыг чөлөөлөхөөр одоогийн хотын удирдлагууд шийдэж, нийт газрын 92 хувийг нь чөлөөлөөд байна. Энэ хугацаанд ТЭЗҮ, зураг төсөл, судалгаа, хөрөнгө оруулалт гээд маш олон ажил хийсэн. 2025 онд тендер сонгон шалгаруулалт болон бүтээн байгуулалт, барилгын ажлууд эхэлсэн.

-Та төслийг хэрэгжүүлэх ажлаа хэзээ хүлээн авсан бэ?

-Хотын иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болсон түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжийг удирдаж байгаад “Сэлбэ 20 минутын хот” төсөл рүү томилогдож ирээд хагас жил гаруй болж байна. Миний хувьд барилга, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажилласан. Ажлын туршлага, арга барил гээд салбарынхаа жаргал, зовлонг ойлгож мэддэг учраас энэ ажил маань илүү ойр дөхөм санагдаж байгаа. Төслийг эхлүүлээд дуусах хүртэл нь хугацаанаас илүү чанарт анхаарч ажиллах мэргэжлийн баг бүрдүүлж, нягт хамтран ажиллах итгэл үнэмшил, зорилго бидэнд бий.

-Төслийн онцлог давуу тал юу вэ, яг хөрсөн дээрээ дэлхийн жишиг шиг бүтээн байгуулалт хийгдэх үү?

-Манай төсөл олон жил дэд бүтэц муутай байсан суурьшлын бүсийг шинэчлэн зохион байгуулж, одоо байгаа дэд бүтцийг нь өргөтгөж, иргэдийн амьдрах орчныг илүү сайжруулна. Амьдралын чанарт нь эергээр нөлөөлнө. Зөвхөн төсөл хэрэгжиж буй 158 га-гаар хязгаарлагдахгүй, зуслангийн ногоон бүс тэр чигтээ бизнес, эдийн засгийн хувьд дам нөлөөлөлд өртөнө. Төслийн үндсэн байршил Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт боловч Баянзүрх дүүргийн зарим хороо, 100 айл, Чингэлтэй, Хайлааст, Дамбадаржаа, Бэлх, Сэлх орчмын иргэд, оршин суугчид тэр чигтээ энэ дэд төвөөс үйлчилгээ авахаар зорьж ирэх төлөвлөлттэй.

Төслийн цар хүрээг тоон утгаар илэрхийлбэл, 1974-1982 оны хооронд барьж байгуулсан 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт, орон сууцны хорооллын бие даасан хот босох юм. Төсөл хэрэгжүүлж буй бүсэд 45-50 мянган хүний төвлөрөл бий болно. Бусад ойр орчмын бүсээс 300-400 мянган хүн дамжин өнгөрөх, зорин ирэх төв болгосноор бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгож байна. Эдгээрээс гадна тухайн бүсэд амьдарч байгаа хүмүүсийн ая тухтай, аюулгүй байдлыг хангаж, сургууль цэцэрлэг болон бусад үйлчилгээг ойроос авах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний гол зорилго. Үндсэн төлөвлөлтөөрөө улсын гурван сургууль, таван цэцэрлэг барина. Цаашид ч хувийн сургуулиудыг оруулж ирнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, боловсролын чанарыг сайжруулахаас гадна авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй.

Үндсэндээ “Сэлбэ 20 минутын хот” бол Улаанбаатарын 14 дагуул хотын хамгийн эхний бүтээн байгуулалт болж, хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Энэ төслөөс дараа дараагийн дагуул хотуудын жишиг, загварыг гаргаж ирэх боломжтой. Эхний юм бүхэн төгс болохгүй байж мэдэх ч алдаа оноогоо цэгнэж сайжруулаад явах боломжтой.

 -“20 минутын хот” концепцыг харвал, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон салбарт эерэг нөлөөтэй юм билээ. Тухайлбал, байгаль орчин, нийгмийн хувьд ямар үр ашиг гарах вэ?

-Тэнд амьдарч байсан 2000 орчим айлын газрыг чөлөөлж байгаа. Урьд нь тэнд байсан өрхүүд гал түлдэг, модон жорлонтой, усаа зөөдөг байсан бол энэ нөхцөл байдал шууд өөрчлөгдөж байна. Амьдралын чанар нь сайжирна гэсэн үг. Дараагийн нөлөө нь бусад үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, урлаг соёлын хүртээмж нэмэгдэнэ. Сургууль, төрийн үйлчилгээ, худалдаа, үйлчилгээний төвүүд, кино театр зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжууд нэмэгдэнэ.

Байгаль экологийн хувьд, төсөл бүрэн хэрэгжсэнээр 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана. Тоо хэлэх амархан хэдий ч чанар, зорилго нь чухал учраас илүү том утга агуулгаар нь харж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 2500-3000 айлын янданг буулгасан. Зөрүүлээд 12-13 мянган айлын орон сууц барьж байна. Тэгэхээр шууд утгаараа 15-16 мянган яндангаас утаа гарах дайны агаарын бохирдлыг бууруулж байна гэж болно. Хамгийн чухал нь гэр хороолол, зуслангийн бүсэд эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэж буй хөрсний бохирдлоосоо сална. Он удаан жил суурьшлын бүсэд байсан уламжлалт нүхэн жорлонг боломжит бүх хэлбэрээр зөөж, оронд нь цэвэр шороогоор булж ариутгасан. Ер нь бид нүдэнд харагддагаар нь утааг яриад байгаагаас биш халдварт өвчний эх үүсвэр болж ундны усыг бохирдуулж байгаа хөрсний бохирдол үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах нь зөвхөн утааг бууруулж, янданг цөөлөхөөс гадна олон төрлийн эрсдэлийг үүсгэж байгаа хөрсний бохирдлыг шийдэж, хөрсийг ариутгах, цэвэрлэх боломжийг бий болгож байна.

-Эдийн засгийн үр өгөөж нь юу байх вэ?

-20 минутын хот концепц бүрэн утгаараа хэрэгжиж хүмүүс түгжрэлд зарцуулах цагаа багасгаад эхлэхээр алдагдсан боломжийн өртгийг бууруулна. Нэг судалгаанаас дурдахад, хүн өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүн рүү шилжүүлбэл, нэг хүн жилдээ 2,4-2,5 сая төгрөг, нэг өрх 10-11 сая төгрөгийг зөвхөн түгжрэлд үргүй зарцуулж байна. Тэгэхээр энэ алдагдсан боломжийн өртгийг бууруулахад үлэмж хэмжээний нөлөөтэй. Мөн 10 орчим мянган айлын орон сууц баригдахаар 40-50 мянган иргэний төвлөрөл бий болно. Үүнийг дагаад хэрэглэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээ үүснэ. Бизнесийн энэ орон зайд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татна. Орон сууц, үйлчилгээ, оффис бусад худалдааны төвүүдийг хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалтаар хийх ажил ирэх 2026 онд эхэлнэ. Мөн улсын цирк, спорт цогцолбор, кино театр зэрэг урлаг спортыг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтыг төлөвлөсөн. Бидний тооцооллоор бүтээн байгуулалтын хугацаанд 20 мянган шууд ажлын байр бий болно. Дараагийн шатанд тухайн бүсэд дахиад 8 мянга орчим ажлын байр шинээр бий болох юм.

-Төслийн явц хэр байна, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж байна уу?

-Тухайн орчинд дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ болон замын ажлууд хийгдсэн. Шинээр нэмж хийнэ. Одоогийн байдлаар эхний ээлжийн 8565 айлын 113 блок барилгын ажлаас 82 блокийн суурийн ажил эхэлсэн явж байна. Хоёр жилийн дараа буюу 2027 оны 7-р сар гэхэд эхний ээлжийн айлууд орон сууцандаа орчихсон байх юм. Иргэд байрандаа ороод хүн амын төвлөрөл үүсэх учраас 2027 оны намар гэхэд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг мөн ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна. Бидний олон нийтэд зарлаад байгаа 24 сар гэдэг нь орон сууцны болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэх хугацаа. Энэ хугацаанд амжиж 8500 айлын орон сууцыг барих юм.

-Энэ төсөлд оролцох сонирхолтой бизнесийн байгууллагуудтай хэрхэн хамтарч байгаа вэ?

-Өнгөрсөн 5 сараас хойш компаниудаас саналыг нь авах хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулсан. Хувийн хэвшил юу хүсэж байна, тэд хөрөнгө оруулалт хийвэл ямар эрсдэл байна, юунд хамтарч оролцох зориг байна, төр болон нийслэлийн зүгээс юуг анхаарах ёстойг мэдэх зорилгоор 2-3 удаагийн уулзалт зохион байгуулж, нээлттэй саналууд авсан. Энэ ондоо багтааж зарим байршилд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшлүүдийг татан оролцуулах ажлууд эхэлнэ. Удаашралтай байгаа нэг шалтгаан нь зам дагуу байршлуудад газар чөлөөлөлт 100 хувь хийгдээгүй байна. Энэ асуудлыг нэг талдаа шийдэж байж, хөрөнгө оруулагч талтайгаа тохирох ажлуудаа хийнэ.

-Төсөл хэрэгжүүлэх явцад ямар эрсдэл, бэрхшээл, сорилт тулгарч байна?

-Биднээс буюу дотоодоос шалтгаалах зүйл ч байна. Бусад хүчин зүйлээс шалтгаалах зүйл ч байна. Том хэмжээний бүтээн байгуулалт учраас тэр хэрээр асуудал том байдаг. Манай хамт олон энэ болгоныг цаг тухайд нь шийдэхээр ажиллаж байна. Мэдээж 100 хувь бүх хүний хүсэл сонирхолд нийцэх зүйл гэж үгүй. Эсэргүүцэл бий. Энэ төсөл зарим нэг хүний эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд ч байна. Үүнд улс төрийн өнцөг ч орж ирж байна. Янз бүрийн бэрхшээлүүд байгаа. Гэхдээ эцсийн дүндээ нийтээрээ хожно, Улаанбаатар хот хожно. Тэнд орон сууц аваад амьдраагүй ч гэсэн тэнд байсан яндангаас утаа гардаг байсан, түүгээр нийслэлчүүд бид бүгд амьсгалж байсан, хөрсний бохирдол хүн бүрд нөлөөлж байсан. Үүнийг тодорхой хэмжээнд бууруулна гэдэг нь нийтээрээ хожно гэсэн үг. Тиймээс нийтийн эрх ашиг бол энэ төслийн гол хөдөлгөгч хүч юм.

Ер нь Улаанбаатарт газар чөлөөлөхөөс илүү газар олголт хамгийн том асуудал болсон байна. Орон сууцны хороолол төлөвлөөд барилаа гэхэд хажууд нь дахиад л газар олгоод байшин барьчихдаг. Тэгвэл энэ эрсдэлээс сэргийлж төр маш зоригтой шийдвэр гаргалаа. Хөрөнгө мөнгийг богино хугацаанд шийдвэрлэж түүхэнд байгаагүйгээр 158 га талбайг хамарсан газрыг чөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэ 158 га-г чөлөөлсөн орчинд дахиад нэг ч газар олгохгүй, дараа нь хэн нэгэн ирээд хажууд нь байшин барихгүй. Зүй нь үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг хаана баригдах, хажууд нь юу байх вэ гэдэг нь эхнээсээ тодорхой байх юм. Бид тухайн бүсдээ хотын стандартад нийцүүлсэн ерөнхий төлөвлөгөө гаргаж, ТЭЗҮ батлуулсан. Аль болох алдаа, эрсдэл гаргахгүйн тулд нарийн төлөвлөгөөтэй, холыг харж ажиллахыг хичээж байна.

-Сэлбэ хотод баригдах орон сууцны чанарт хэрхэн анхаарч байгаа вэ?

-Технологийн хувьд олон давуу тал байгаа. Чанарын хувьд, Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, дүрмийг хангасан, түүнээс дээш үзүүлэлттэй төслийг бид хэрэгжүүлнэ. Ирээдүйгээ уртаар харж чанартай, үзэмжтэй, зөв төлөвлөлттэй бүтээн байгуулалт хийхийг зорьж байна.

-Энэ төсөл анхных гэдгээрээ нэлээн онцлог бас өндөр хүлээлттэй байгаа. Амжилттай хэрэгжүүлбэл дараагийн байршлуудад хэрэгжүүлэх эхлэл хурдан тавигдана. Иргэд, олон нийт илүү итгэл үнэмшилтэй болно. Төслийн хүлээгдэж байгаа үр дүн юу вэ?

-15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгана гэсэн тоон үзүүлэлтүүд хангагдана. Хамгийн гол нь Сэлбэ хот шиг нийгэм болон эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний дэд төв бий болсноор хувь хүн, иргэд, өрхийн маш олон зүйл өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа. Төсөл амжилттай хэрэгжсэний дараа Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа бүх хүмүүсийн итгэл сэргэх болов уу гэж бодож байна. Мэдээж процессын хувьд сайжруулах зүйл их бий. Бүх ажлыг төр хийгээд байх биш газраа чөлөөлж, дэд бүтцээ шийдэж өгөөд бусад ажлыг хувийн хэвшилд өгч, хувийн хэвшлийн хүчээр явуулах зэргээр сайжруулах зүйлс ажиглагдаж байгаа. Дараа дараагийн төслүүд “Сэлбэ 20 минутын хот”-ыг бүтээн байгуулсан туршлагад үндэслэн хувийн хэвшлийн хүч бололцоонд тулгуурлан хэрэгжиж, хөгжих ёстой гэж бодож байна.

-“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь хотын бусад бүтээн байгуулалттай хэрхэн уялдаж байна вэ?

-Сэлбэ төсөл нь нийслэлийн хөгжлийн том зурганд багтаж байгаа цогц ажил юм. Трамвай, тойрог зам, инженерийн дэд бүтцийн шинэчлэл зэрэг томоохон төсөл бүгд энэ бүсийн хөгжилтэй уялдан хэрэгжиж байна. Том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, төлөвлөлт их шаарддаг. Энэ цаг үед зайлшгүй авч хэрэгжүүлэх зөв стратеги бол асуудлыг цогцоор нь харж, шийдвэрлэх юм. Ингэснээр хотын хөгжлийн үр дүн илүү өргөн хүрээнд, илүү хурдан мэдрэгдэнэ. Нийгмийн болон эдийн засгийн өгөөжийг иргэд, аж ахуйн нэгжүүд жигд хүртэж, хотын хөгжлийн хэмнэл нэгэн зэрэг урагшилна гэж бид итгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Дэлгэрсайхан: Ирэх таван жилд Засгийн газар 4 боомтыг төмөр замаар холбоно

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар ирэх 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ сэтгүүлчид болон олон нийтэд танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын сайдууд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Зам, тээврийн салбар, тэр дундаа төмөр замын салбарт ирэх таван жил ямар бодлого баримталж ажиллах талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. 

-Төмөр замыг ирэх таван жилд ямар бодлого баримтлан хөгжүүлэх вэ?

-Бид ирэх таван жилийн төлөвлөгөөнд эрс шинэчлэлийн хүрээнд дөрвөн боомтыг төмөр замаар холбоно. Эхний боомт холбогдох ажил явж байна. Дараагийнх нь Сэхээ-Шивээхүрэн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч гэсэн дөрвөн боомтыг төмөр замаар холбох бөгөөд нийтдээ 2500 км төмөр замыг тавина.

Төмөр замын бодлогод хурдны төмөр зам тавих асуудлыг оруулсан байгаа. Хурдны төмөр зам гэхээр зарим хүн өндөр хурдны галт тэрэг хэмээн андуурдаг. 260 км/цаг хурдтай хурдны төмөр замыг Зам, тээврийн бодлого бодлого болгон оруулж байгаа. Энэхүү төмөр замаар том хотууд болон босоо тэнхлэгийн аймгуудаа холбосноор төвлөрлийг сааруулах боломжтой гэж үзэж байгаа.

Хөшигийн хөндийн төмөр замын тухайд өмнө нь Богдхан төмөр зам хэмээн нэрлэгдэж байсан төмөр замыг хоёр улсын хамтарсан ТУЗ-аас шийдвэр гараагүйн улмаас хойшлогдсон. Харин өнгөрсөн хавар Багахангай-Хөшигийн хөндийн салаа төмөр зам барих ажлыг Засгийн газраас 2025 оны тавдугаар сард шийдвэр гаргаад зургадугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 82 км төмөр замыг барьчихаад байна. Ирэх хавар Эмээлт буюу Рашаантын аль нэгтэй холбохоор зургийг нь хийгээд явж байна. Энэ хүрээнд ОХУ-ын талтай бүх шатанд зөвшилцөлд хүрээд явж байгаа. Ямар нэгэн асуудал гарахгүй.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ач холбогдол их. Бид 2024 онд болсон Дүнжингаравын газын дэлбэрэлтээс хойш аюултай ачаа тээврийг хотоос гаргах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг

Огноо:

,

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлтээс мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.

-Өвлийн улирал эхэлж, иргэд идшээ бэлдэж эхлэхээр мал хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа бэ?

-Мал хулгайлах гэмт хэрэг 9 дүгээр сараас  12 дугаар сарын хооронд үйлдэгдэг. Манай иргэд  өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас  үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар,  Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах  гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж  байгаа. 

Энэ жилийн хувьд “Мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт болон байнгын постыг 132 цэг байршилд ажиллуулж байна. Нийтдээ  288 алба хаагчид 24 цагаар байнгын хяналтыг хийж байгаа. Мөн Олон нийтийн цагдаа, Эрүүгийн цагдаа  нартай хамтарч мал, мах худалдаалдаг төв, зах болон мал нядалгааны газруудад Мал эмнэлгийн газартай хамтарч байнгын хяналт шалгалтын явуулж байгаа. Одоо аймаг, нийслэл рүү ямар ч бүртгэлгүй мал, мах орж ирэх боломжгүй болсон. 2020 оноос эхэлж мал болон махны бичгийг цахим болгосон. Өмнө нь гарал үүслийн бичгийг малын эмч бичиг өгдөг байсан.

-Малын хулгайн гэмт хэрэг энэ оны байдлаар хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

-2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

-Өвлийн идэшний үеэр бод мал хулгайлах гэмт хэрэг  зонхилон гардаг  байх?

-Мал хулгайлах гэмт хэрэгт бог мал, бод мал гэж ялгахгүй гардаг. Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг. Иймээс малчид малдаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн малчдын хувьд туслах малчин авахдаа ямар хүн авч байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Туслах малчид  мал хулгайлах гэмт хэргийн хамтрагч нь болох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн айлын мал нь хариулаг муутай, мал нь тарган гэх мэт мэдээллийг өгч байдаг. Ийм тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлж тогтоож байсан.

Мөн саахалт айлууд ямар хүмүүс байна гэдгээ маш судалж байх хэрэгтэй. Зуншлага муу байна гээд отор нүүдэл хийхдээ малчид нэг нэгнийхээ малын талаар мэдээлэл өгөх тохиолдол ч гардаг. Иймээс малчид сааталт айл болон туслах малчнаа сайн судалж, малын тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

-Мал хулгайлах гэмт хэрэг аль аймаг хамгийн их гардаг бэ?

-Мал хулгайлах  гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бод малын хувьд хариулаг бага байдаг  учраас хулгайд алдагдах тохиолдол их гардаг. Малчид бэлчээрт байгаа бод малын эргэж тойрч, хардаг байх хэрэгтэй байна. Одоо үед мал хулгайлахдаа тууж явахгүйгээр машин тэргэнд дээр ачиж явдаг болсон.

-Өвлийн улирал эхлэхээр идэшнээс гадна өвс тэжээлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Намраас өвлийн улиралд шилжих үед өвс тэжээлийн залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар 135 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Мал, мах, өвс тэжээл авна гэдэг зарын дагуу иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг.  Энэ жилийн хувьд баруун таван аймаг зуншлага муутай байгаа. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг өртөх эрсдэл их байна. Мөн өвс тэжээл бэлтгэж худалдаалдаг хүмүүсийн зар мэдээллийг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох