Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх мэдээлэл сонслоо

Огноо:

,

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.

Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторнг, газар зохион байгуулалт, кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь талбар гэдгийг мэдээллийн эхэнд Б.Мөнхбаатар сайд дурдав.

Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хегжлийн бодлогын 3.6-д “Ухаалаг, иргэн төвтэй газрын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангана” гэж, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.7-д “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ" гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн.

Газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд газрыг төлөвлөх, бүртгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл, боломжийг нэмэгүүлэх, төрийн өмчийн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, газрын нэгдсэн төлөвлөлт, бүртгэлээр дамжyулан салбар хоорондын уялдааг хангах, газрын эрхийг Иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх, хоёр ба түүнээс дээш өмчлөгчтэй орон сууц болон бусад барилгын өмчлөгчдийн газрын эрхийг баталгаажyулах, төрийн үйлчилгээг цахим системээр ил тод, түргэн шуурхай зохион байгyулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэв. Энэ хүрээнд газрын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Газрын багц хуулиуд (Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төсөл), Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгы төслийг боловсруулж байгаа юм байна.

Хyyль, эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр газрын салбар дахь төлөвлөлтгүй газар олголт, давхардал арилж, газрын ашиглалт, хамгаалалт бүрэн хэрэгжих, улмаар газар зохион байгуулалт, хот байгуулалтын уялдааг хангах, газрын доройтол, газрын төлөв байдлын үзүүлэлтэд чанарын өөрчлөлт хийгдэх, иргэд, олон нийтийн оролцоо нэмэгдэж, хүнд суртал, газрын маргаан буурах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгааг мэдээлэд дурдлаа.

Техник, технологи хөгжиж буй өнөө үед байрлалд суурилсан орон зайн тоон өгөгдөл, мэдээллийн ач холбогдол нэмэгдэж, түүнд тулгyурласан нэгдсэн системийг байгyулан нийтийн болон албан хэрэглээнд нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсэж байгааг сайд мэдээлэлдээ дурдаад “Орон зайн өгөгдлийн дэд бүтэц нь байгyуллагyудын чиг үүрэг, байрлалыг үл хамааран нэг удаа бүрдүүлсэн мэдээллийг төрөл бүрийн үйл ажиллагаанд олон удаа ашиглах, шинэчлэх боломжийг бий болгодог. Монгол Улс үндэсний орон зайн өгөгдлийг ашиглахад шаардлагатай цаг хугацаа, өртгийг бууруулах замаар шийдвэр гаргах, бодлого боловсруулах үйл явцыг илүү боловсронryй болгох боломжтой болсон төдийгүй төрийн дийлэнх байгyуллага орон зайн мэдээллийн талаарх ойлголттой, өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөн ашиглаж эхэлсэн нь давуу талтай юм. Олон улсад орон зайн өгөгдөл, мэдээлэлд тулгyурлан улс орны бүтээн байryулалт, дэд бүтцийг төлөвлөх, барьж байгуулах болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах зэрэг эдийн засаг, нийгмийн гол хүчин зүйлсийг урьдчилан тооцох, төлөвлөх үйл ажиллагааг нэгдсэн платформоор дамжyулан хэрэгжүүлж байна” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр газрын удирдлагын нэгдсэн цахим системийн талаар мэдээлэл өгсөн юм. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нь газрын харилцааны цогц үйл ажиллагаанд салбар бүрийн оролцоог хангасан нэгдсэн стандарт, арга зуйгээр эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий байрлалд суурилсан, өгөгдөл, дүн шинжилгээ хийх, боловсруулах, өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж, мэдээллийг түргэн, шуурхай, найдвартай солилцох өндөр хурдны дэд бүтэц аж.

Газрын удирдлагын цахим систем нь мониторингийн нэгдсэн систем, төлөвлөлтийн нэгдсэн систем, газрын биржийн цахим систем, газрын үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн систем, кадастрын нэгдсэн систем, хот байryулалтын кадастрын мэдээллийн систем, хаягийн мэдээллийн систем гэсэн дараах 7 системээс бүрдэх аж. Тодруулбал өгөдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх үндсэн цогц 7 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх геодезийн болон суурь судалгааны гэсэн 2 мэдээллийн сангаас бүрддэг байна. Мөн дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд хүргэх Геопорталыг үйл ажиллагаанд оруулаад байна.

Б.Мөнхбаатар сайдын танилцуулсан дээрх мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл тус бүр 5 минутад багтаан асуулт асууж, үг хэлж болохоор Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг бөгөөд энэ дагуу УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, мэдээлэлтэй холбогдуулан үг хэллээ.

Засгийн газрын зүгээс Газрын тухай багц хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа хэмээн Б.Мөнхбаатар сайд гишүүдийн асуултад хариулах үеэрээ хэлсэн. Энэ багц хуулийн төсөлд газартай холбоотой, газрын маргаантай холбоотой бүх асуудлыг цогцоор нь тусгасан гэж үзэж байгаагаа хэлсэн. С.Одонтуяа гишүүн иргэд газраа өмчилж авч чадаж буй эсэхийг тодруулсан бөгөөд Монгол Улсын нийт иргэдийн 19.8 хувь нь газар өмчилж авсан байдаг аж. Тодруулбал, 663.145. иргэн 68910.6 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авчээ. Насанд хүрээгүй 390020 иргэн газраа өмчилж авсан, нийт газар өмчлөгсдийн 77.464 иргэн нь өмчийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, бусдад шилжүүлээд байгаа гэх мэдээллийг өгсөн юм.



УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг газрын удирдлагын нэгдсэн цахим системийн талаар, төрийн өмчийн газрууд худалдаалагдсан, бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн байгаа асуудлыг хэрхэн шалган шийдвэрлэх талаар тодруулж, тайлбар хүссэний зэрэгцээ Улаанбаатар хот дахь орон сууцны хорооллуудын хашааг буулгах саналыг хэлсэн. Газрын удирдлагын нэгдсэн цахим системийг хийж, багагүй хугацаа зарцуулсан бөгөөд нэн тэргүүнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлсэн байна. Дараа нь цахим системүүдээ нэвтрүүлж, үйл ажиллагаанд оруулах ажлыг хийж байгаа гэх мэдээллийг хариуцсан албан тушаалтан мэдээллээ. Газар олголтын систем дээр нэгдсэн төлөвлөлтийг байршуулах бөгөөд газар олголт үүн дээр тулгуурлан явагдах юм байна, ингэхдээ цахим системийн биржээр дамжиж дуудлага худалдаа болон төсөл, сонгон шалгаруулалтаар олгогдох аж. Олгогдож байгаа бүх газар кадастрын системд бүртгэгдэж, бүртгэлийн системд байгаа бүх газарт үнэлгээ хийж, татвар ногдуулна, үүн дээр үндэслэн татвар хураах ажил хийгддэг гэх мэдээллийг өгөв. Мөн хот байгуулалтын цахим системийн талаар болон мониторнгийн системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд ийнхүү асуулт асууж, үг хэллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр хуралдах УИХ-ын 2026 оны Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Хуралдаан

10:00

Танхим

Их хуралдай

Хэлэлцэх асуудал

4

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

  • Улсын Их Хурлын асуулгын цаг

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй тариаланч, ногоочидтой уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.

Ерөнхий сайд “Энэ бол жирийн нэг үзэсгэлэн худалдаа биш. Тариаланчдын тарьсан үр, малчдын өсгөсөн мал, үйлдвэрлэгчдийн ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн бүтээгдэхүүн бүрийн цаана эх орныхоо хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр бий.  Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хэн бүрийг дэмжих бодлого, үйл ажиллагаа анх удаа ирэх оны төсөв, энэ жилийн төсвийн тодотголоор биеллээ олно.  Засгийн газар худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай зарим бүртгэл, зөвшөөрлийг хялбаршуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдүүлсэн. УИХ-ын хаврын чуулганаар батлуулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль баялаг бүтээгчдээ дэмжих бодит алхам болсон.

Мөн татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар ирэх жил 15,000 ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрыг бий болгох тулгуур, түшиг салбар  нь хөдөө аж ахуй.

Тиймээс Төрийн банкны 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Мөн анх удаа улсын төсвөөр төмс, хүнсний ногоо нөөцөлнө, мөн 100,000 тонн улаанбуудай нөөцөлж зорилтот бүлэгтээ хүргэнэ. Бидний дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагаа амьдралд биеллээ олох эсэхийг төсөв батлагдсаны дараа  ард түмэн шүүн тунгаана” гэлээ.

21 дэх жилдээ болж буй энэхүү  өргөтгөсөн худалдаанд нийслэл, 21 аймаг, брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.

“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусах байсныг тариаланч, ногоочдын хүсэлтээр долоо хоног сунгахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.

Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж,  хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.

Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.

Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.

Өдгөө:

  • “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,

  • “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,

  • “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,

  • “Бичиг үсгийн боловсролын тухай”,

  • “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.

Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох