Улстөр нийгэм
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр "Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Тогтоолын төсөлд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл“-ийн “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг, өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэснийг хасахаар заасан байна.
“Хөтөлийн цемент шохой” үйлдвэр нь 1983 онд байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2001 оны 35 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2001 оны 442 дугаар тогтоолоор хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн бөгөөд хувьчлагдах үед шохойн чулууны хоёр орд газартай, үйлдвэрлэл тогтворжиж, бүтээгдэхүүний чанар баталгаажсан, үйлдвэрлэл нь хуурай аргын техник технологид шилжсэн, дэд бүтэц сайтай, мэргэшсэн, туршлагатай ажиллах хүчний нөөцтэй, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр байсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 52 дугаар зүйлд “хувьчлан авагч хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэээний хугацаанд төлөөгүй буюу төлбөрийг хууль бусаар хийсэн;”, ”хувьчлан авагчид нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон;”, “хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;” гэсэн үндэслэл байвал хувьчлалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно гэж, мөн зүйлд дээрх үндэслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох шийдвэрийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана гэж тус тус зааснаас гадна Концессын тухай хуулийн 8.1.2-т “концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргах”-ыг хориглохоор заасан.
Авлигатай тэмцэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгасан бөгөөд “Мөрдөгчийн мэдэгдэл”-д Хөтөлийн цемент шохой ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ Бейзмент ХХК-д давуу байдал бий болгон төрд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг дурдаад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалыг хүчингүйд тооцох хэд хэдэн үндэслэл байгааг шалгаж тогтоосон тул Хөтөлийн цемент шохой ТӨХК /хуучнаар/-ийг төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргахыг даалгасан байна.
Иймд дээрх хуульд заасны дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор уг хувьчлалыг тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцох зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээд байгаа юм байна.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл“-ээс “4.17.”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг, өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэсэн заалтыг хасах, өөрөөр хэлбэл, “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлахгүй байхаар уг УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох цементийн чанарыг сайжруулах, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангуулах, үнийн хөөрөгдлийг хязгаарлах, хянах боломж бүрдэх бөгөөд төвийн болон зүүн бүсийн аймгууд Улаанбаатар хотоос цемент худалдан авч байгаа хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөө, орон нутгийн хэрэглээг шууд хангах системд шилжих, бүтээн байгуулалтын ажлын өртөг, зардлыг бууруулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, алжын байр бий болгох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр (2026.09.27) мордлоо.
Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ. Айлчлал энэ сарын 27-30-нд үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно.
Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нарт бараалхаж, ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана. Мөн тус улсад оршин сууж буй монгол иргэдтэйгээ уулзана.
Айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломж бүрдүүлж байна.
Улстөр нийгэм
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ боллоо.
Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тариад байна. Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгаа нь олон улсын дунджаас 60 гаруй хувиар бага үзүүлэлт юм. Тиймээс нэг хүнд ногдох ногоон байгууламжийг эхний ээлжид 10 ам метрт хүргэх зорилт тавьж, нийслэлд 42 байршилд шинээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна” гэлээ.




Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр хуралдах УИХ-ын 2026 оны Намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Хуралдаан 10:00 |
Танхим Их хуралдай |
Хэлэлцэх асуудал 4 |
-
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF
-
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF
-
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF
-
Улсын Их Хурлын асуулгын цаг
