Улстөр нийгэм
Иргэд сайжруулсан түлш чанар, илчлэгийн хувьд сайн, гагцхүү зөв хэрэглэх зөвлөмж мэдээлэл чухал гэж үзэж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 13-ны Ням гарагт Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын даргатай хамт нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек болон “Тавантолгой түлш” ХХК-ийн мэргэжилтнүүд ажиллалаа.
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан мэдээлэлдээ 10-р сарын 2-13-ны хооронд нийтдээ 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар хүндэрсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж,иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна гэж дуулгасан юм.

Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар урьд шөнө буюу 2019.10.12-ны өглөөний 06:00 цагаас 2019.10.13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эрүүл мэндийн байгууллагууддаа хандсан. Эдгээр иргэдээс 20 хүнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгсөн. Зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэд дүүргийн болон өрхийн эмнэлгийн байнгын хяналтад байна гэлээ.
Өнгөрсөн жилээс эхлэн сайжруулсан түлшийг турших ажлыг нийслэлд зохион байгуулсан байна. Тухайлбал, ЖАЙКА Олон улсын байгууллагын төслийн хүрээнд өнгөрсөн өвөл Морингийн давааны айл өрхүүдэд сайжруулсан түлшийг туршжээ. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшийг Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд 3-4 сар туршихад ямар нэг эрсдэл гараагүй байна. Одоогоор нийслэлийн Засаг даргын удирдамжаар 18 төрлийн зууханд шахмал түлшийг хэрхэн түлэх тухай зөвлөмжийг ард иргэдэд хүргүүлж байгаа юм байна. Үүнээс гадна бүх айл өрхүүдийн зуух стандарт хангаж байгаа, үгүйд судалгаа хийж эхэлсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар утаа нийтийн эрүүл мэнд, эрх ашигт хортой асуудал учир ард иргэд, албан байгууллага, төр засаг бүгд хамтарч нийтийн дайсан болсон утаатай тэмцэх ёстойг санууллаа. Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад зарим нэг бэрхшээл учирч байна. Угаарын хийнд хордсон эмгэнэлт хэрэг гарч байгаа нь төр засаг, ард иргэд бид бүхэнд дохио сургамж өглөө. Хаа хаанаа анхаарч утааг багасгах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх асуудлаа хамтаар нь шийдэх ёстойг хэлсэн үгэндээ дурдсан юм.
Ингээд УИХ-ын дарга СХД-ийн 22-р хорооны иргэн Ж.Энх-Амгалангийнд орж сайжруулсан түлшний талаарх санал бодлыг нь сонслоо. Иргэн Ж.Энх-Амгалангийнх төслийн “Дөл” зуухтай юм байна. Урьд нь өдөрт 3-4 удаа нүүрс хийж галладаг байсан бол одоо 2 удаа сайжруулсан түлшээр галладаг, зөв хэрэглээд заншвал давуу тал олон байна гэлээ. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек “Дөл” зууханд сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм. Тэрбээр зуухны хотолд түлшийг хэт дүүргэхгүй байх, зуухны сойлтыг хаахгүй байхыг сануулсан юм. Мөн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах, нүх, ан цав гарсан бол бөглөж, яндангаа сайтар хөөлөх хэрэгтэй юм байна.

Үүний дараа СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Энхзаяагийнд очлоо. Энэ айл өнгөрсөн жил 5 портер нүүрс түлсэн гэнэ. Энэ жил сайжруулсан түлшинд шилжсэн учир хэмнэлт гарна гэж найдаж байна гэлээ. Сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгалаа. Д.Энхзаяагийн гэргий М.Майра хурдан шаталттай, үнс их байгаа тухай дурдаж, хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүнээс лавлаж байлаа. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек хурдан шаталттай байна гэдэг нь сайн үзүүлэлт гэдгийг онцоллоо. Учир нь түүхий нүүрс чийг ихтэй учир уугилт ихтэй. Харин сайжруулсан түлш чийггүй учир уугиж утаа гаргахгүй, илч өндөр, шаталт сайн байна гэсэн үг гэдгийг тайлбарласан юм.
Хэрэглэгчид сайжруулсан түлшний илч, чанарт ам сайтай байна. Харин хэрэглэх аргад сайн суралцах, хорт хийнээс сэргийлэхэд сайн анхаарах шаардлагатай байгаа нь анзаарагдлаа. Иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа ч айл бүрт хүрч хараахан чадахгүй байгааг иргэд сануулж байв. Гэр хорооллынхон утаа үнэхээр багассаныг хэлж, төслийн бус ердийн зуух, нам даралтын зуух, ханан пийшинтэй айлууд зуухаа солих, пийшингийнхээ утаа, угаар алдаж болзошгүй хэсгийг бөглөж таглах, яндангаа сайжруулах шаардлагатай байгаа юм байна.
Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Улстөр нийгэм
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ.

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ.


