Улстөр нийгэм
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллалаа
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тавдугаар сарын 6-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж шаардлагатай үүрэг, чиглэлийг өглөө.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын /баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам/ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусч хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажлыг хийж байна.
Харин тус багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Арж капитал ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл 49,93 хувьтай хийгдэж байна. Ажлын талбайд 256 хүн хүч, 59 техник, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.
Гүйцэтгэгч компанийн төлөөлөл, нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальтбетон хучилтыг тавдугаар сарын 20-н гэхэд эхлүүлнэ. Замын суурь хучилтыг долдугаар сарын 10-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа сайдад тайлбарлав.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан. Дараагийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлаж багц 2 дугаар хэсгийн /Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам/ гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн.
Арж капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батбаяр хэлэхдээ, хоёрдугаар хэсгийн ажлын гүйцэтгэл 21 орчим хувьтай байна. Нийтдээ 300 гаруй ажилтан, 8 үйлдвэр завод, 90 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж байна. Гэрээ байгуулснаас хойш 3,9 км асфальтбетон, 9,5 км замд суурийн ажлыг хийгээд байгаагаа дуулгалаа.
Харин хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр ажиллаж буй Жунмей инженеринг групп ХХК-ийн ажлын гүйцэтгэл 25 орчим хувьтай, 100 гаруй ажилтан 56 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сайд Л.Халтар “Нэг, хоёрдугаар багцын далангийн ажил сайн явж байна. Хоёрдугаар багцын дахин гэрээ байгуулсан хэсэгт ажиллаж буй Арж капитал ХХК-д 7 дугаар сарын 10 гэхэд хамгийн их тоосжилттой Баянчандмань сумын төв дайрсан 20 гаруй км авто замын хучилтыг дуусгах чиглэл өглөө. Гүйцэтгэгч компани ч дуусгах боломжтой гэсэн хариутай байгаа нь сайн.
Хоёрдугаар багцын Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэж буй Жунмэй ХХК-ийн далангийн ажил хэвийн үргэлжилж байгаа хэдий ч гүүр, хоолойн ажил удаашралтай байна. Тиймээс гүйцэтгэгч болон зөвлөх компаниудад удаашралтай байгаа ажлууддаа анхаарч ирэх 7 хоногийн энэ өдөр гэхэд ажлын хоцрогдлыг барагдуулах үүрэг чиглэл өглөө” гэв.
Эх сурвалж: ЗТХЯ
Улстөр нийгэм
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
Зөвлөл нь үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц, чанар, үнэ бүрдэлтэд хяналт тавих, зорилтот стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ.
Улстөр нийгэм
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, цасанд боогдсон зам давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэв.
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байна. Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэ суманд цасны зузаан 20 см-ээс дээш байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Рашаант, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Хонгор (5 аймгийн 7 суманд) цагаан зудтай, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Баяннуур, Хангал, Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Дархан-Уулын Орхон, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дорнодын Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэнд цагаанаар зудархуу (9 аймгийн 17 суманд) байдалтай, цаашид сумдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн зуншлагын нөхцөл муу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 8.1 сая, төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 6.2 сая мал буюу нийт мал сүргийн 21.78 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа тул эдгээр бүсийн өвөлжилт, хаваржилтад анхаарал хандуулах шаардлага байгааг илэрхийлж байна.
Улстөр нийгэм
Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
Газар зүйн нэрийн асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг 11 хуулиар зохицуулдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг, Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц ёсоор газар зүйн нэрийг хамгаалах, мөн Монгол хэлний тухай хуулийн дагуу монгол хэл дээр тэмдэглэгдсэн газар зүйн нэрийг хойч үедээ өвлүүлэн ашиглуулах үүрэгтэй юм.
Газар зүйн нэр нь аливаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн байдлын үндэс бөгөөд улсын хил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил заагийг тогтоох, хаягжуулах, бүх төрлийн масштабтай газрын зураг, атлас дээр тэмдэглэн олон нийтэд таниулахаас гадна иргэд төрсөн газар нутгаа байршлаар нь хайж олох зэрэг олон чиглэлээр ашигладаг чухал зүйл юм.
Газар зүйн нэрийн тодруулалтын ажил улс орон даяар хийгдэж байгаа бөгөөд 17 аймгийн 134 сум, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж дуусаад байна.
