Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Т.Доржхандад шаардлагынх нь хариуг өглөө

Огноо:

,

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох,  Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн.

УИХ-ын дарга шаардлагыг тусгасан албан бичгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Доржхандыг хүлээн авч уулзан, албан шаардлагынх нь хариуг нь өглөө.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн үгэндээ, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монгол УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухай шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг ажлын таван хоногт багтаан авах байсан ч энэ хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссаныг онцлон тэмдэглэв. Тэрбээр уг шаардлагын хариуг авах хүртэл миний бие УИХ-ын гишүүний хувиар Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Хэрэв шаардлагыг маань  Улсын Их Хурал хүлээн авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл цаашид энэ асуудлын хүрээнд хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ, “Та бүхний хүргүүлсэн шаардлагад  Монгол УИХ-ын сонгуулийг холимог тогтолцооруу шилжүүлэх, парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг байсныг сонгуулийн насны иргэдийн 1 хувь болгосон нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэний зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хотууд байгуулах зэрэг асуудлуудыг хөндсөн байсантай танилцсанаа мэдэгдэв. Тэрбээр, Та бүхэн уг шаардлагад тусгасан асуудлуудаа эрх зүйн хүрээнд зохицуулахын тулд хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай. Энэ нөхцөлд бидний зүгээс  дэмжин ажиллаж, нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой гэдийг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Хөгжлийн банк: Төрийн өмчит компаниудын 909.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна

Огноо:

,

Монгол улсын Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 795.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 707.5 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгджээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.7 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 909.7 тэрбум төгрөгийн, 68.3 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.



Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Гансүх: Галт зэвсгийн тооллого ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ

Огноо:

,

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ бүртгүүлэх, шилжүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн Галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гансүхээс тодрууллаа.

-Улсын хэмжээнд “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд /2022.12.08-ны өдрийг хүртэл/ зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээ нь холбогдох хууль, журмуудын хэрэгжилтийг хангах, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг.

-Галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд хэрхэн, хаана, ямар материал бүрдүүлэн очиж галт зэвсгээ тооллогод хамруулах вэ. Ингэхдээ юуг анхаарах вэ?

-Иргэн, хуулийн этгээд өөрийн нэр дээр бүртгэлтэй галт зэвсгээ гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хамт авч ирэх юм. Галт зэвсгээ биет байдлаар авч явах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол та өөрийн галт зэвсгийн зургийг авч очих шаардлагатай. Галт зэвсгийг авч явахдаа өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, зориулалтын гэр, саванд хийж явахыг анхааруулъя.

-Галт зэвсэг эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд энэхүү арга хэмжээнд хэр идэвхтэй хамрагдаж байгаа вэ?

-Улсын хэмжээнд 2018 онд 78.1 хувь, 2019 онд 94.0 хувь, 2020 онд 88.0 хувь, 2021 онд 93 хувь нь тооллогод хамрагдсан байдлыг харвал манай иргэд үүрэг, хариуцлагаа маш сайтар ухамсарлаж байгаа нь харагдахаар байгаа. Энэ оны галт зэвсгийн тооллого өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 79 хувьтай байна.

-Галт зэвсэг эзэмшихэд иргэн, хуулийн этгээд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах вэ?

-Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно”, мөн “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж заасан байдаг.

Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, зөвшөөрөл авдаг. Мөн иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан нийслэлд оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт буюу хөдөө оршин суудаг иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.

Харин иргэн өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно. Гагцхүү та галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас ямар нэгэн байдлаар худалдаж авсан юм уу бэлгэнд авсан бол Галт зэвсгийн тухай хуульд заасанчлан холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй. Иргэд хоорондоо галт зэвсгээ аман хэлэлцээр болон бичгэн гэрээ хийж цагдаагийн байгууллагад мэдэгдэн шилжилт хийлгүүлээгүй нэгэндээ шууд хэлбэрээр өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруйдаа цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлэх хэрэгтэй.

-Та түрүүн галт зэвсэг эзэмшихийн тулд иргэдийг сургалтад хамрагддаг гэж хэллээ. Тухайн сургалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулдаг уу?

-Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Засгийн газрын Хууль зүйн асуудал эрхэлсэн гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөө батлан Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулдаг. Сургалтаар галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах, галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулан шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог.

Иргэд энэ сургалтад хамрагдах хүсэлтэй бол Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн 70190092 дугаарын утсаар бүртгүүлж, хамрагдах боломжтой.

-Галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, өмчилж буй иргэн хуулийн этгээд жил бүрийн тооллогод хамрагдаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ?

-Галт зэвсгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасанчлан жил бүрийн тооллогод хамрагдаагүй иргэнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай. Иймд иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

У.Хүрэлсүх: Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт  “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.

Шагнал гардуулсны дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид оо.

Та бүхэнд дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, аугаа их цэргийн жанжин, хаадын хаан Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.

Чингис хаан олон монгол овог аймгийг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулж, эртний түүхт Монгол төрийн алтан аргамжийг бататган бэхжүүлж, монголчууд бидний түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэж, үеийн үед мөнхжин дуурьсагдах аугаа их алдар гавьяаг байгуулсан билээ.  Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш, дэлхий ертөнцийн түүх юм.

Эзэн хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Их хааны суу билиг, үйл хэрэг дэлхий ертөнцийн хөгжилд онцгой ихээр нөлөөлж, зуун зууныг өртөөлөн хүн төрөлхтний түүхэнд дуурьсагдаж, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ.

Эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн эзэн хаан мөн.

Их эзэн Чингис хаан бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг уламжлан, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо  сэтгэлийг хурааж, итгэлийг тэтгэн, өнгөрснөө санаж, одоогоо мэдэж, ирээдүйгээ таньдаг, ертөнцийн түүхийг бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа хүмүүн билээ.

Тиймээс монголчууд бид Их хааныхаа билиг сургаалыг танин мэдэж, даган мөрдөж, түүний өвлүүлэн үлдээсэн эх түүх, их өвийг сурвалжлан судалж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж, түүний байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг өнө мөнхөд бадрааж явах журамт үүрэгтэй.

Энэхүү журамт үүргийг биелүүлэх үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, гадаад орны иргэн, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг сайхан уламжлалтай.

Энэ жил Эзэн Чингис хаан болон түүний үйл хэрэг, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, дэлхийн олон ард түмэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулсан Америкийн эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд болон Их хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалд жинтэй хувь нэмэр оруулсан академич, Шинжлэх ухааны доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн эрхэм хүндэт  Жак Уэтерфорд, Дэчингунгаагийн Доржготов нарт ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Эрхэм нөхөд өө,

Профессор Жак Уэтерфорд бол Америкийн улс төрийн түүх, Монголын түүх, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар томоохон судалгааны ажлууд хийж, олон арван ном бүтээл туурвин,  олон улсад өндрөөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн судлаач юм.

Тэрбээр 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 20 гаруй орны хэлээр орчуулагдан хэвлэгдэж дэлхий нийтийн хүртээл болсон юм.

Эрдэмтэн Жак Уэтерфорд нь энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд байдаг зарим нэг ташаа ойлголтыг шинжлэх ухаанчаар тайлбарлан залруулж, Чингис хаан, түүнийг залгамжлагчид эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарыг хөгжүүлж, элч солилцох ёс, дипломат албаны ойлголтыг анх бий болгон, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавьсан Их эзэн хаан гэдгийг дэлхий дахинаа дахин таниулсан юм.

Тэгвэл түүний 2010 онд хэвлүүлсэн “Монголын их хатдын нууц товчоо” хэмээх бүтээл нь монгол хатад эмэгтэйчүүд зуун зууны турш үг хэл, үзэл санаа, үйл хэргээрээ хүн төрөлхтний түүхийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дэлхий нийтэд таниулсан бол 2016 онд хэвлүүлсэн “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” хэмээх бүтээл нь Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд анхлан таниулж, түүний энэ дэвшилтэт, ардчилсан үзэл санаанаас дэлхийн нэр хүндтэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирсэн тухай өгүүлсэн байдаг.

Мөн тэр бээр 1998 оноос хойш манай улсад олон удаа ирж нийт 40 орчим хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан “Монголын нууц товчоо”-нд өгүүлдэг түүхэн газруудаар явж, Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж Чингис хаан судлал болон монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Түүнчлэн 2010 онд монголын залуу судлаачдыг дэмжих, түүхийн ташаа ойлголтуудыг засах, монголын түүхийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Жак Уэтерфорд сан” байгуулсан бөгөөд “Жак Уэтерфордын нэрэмжит шагнал” олгож монгол судлалыг дэмжих чиглэлээр олон чухал ажил хийсэн байна.

Эрхэм таны Чингис хаан, түүний залгамжлагчид болон монгол хатдын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг шинжлэх ухаанчаар сурвалжлан судалж, үнэлэн дүгнэсэн бүтээлүүд нь монголчуудын талаарх үнэн бодит ойлголтыг өнөөгийн ертөнцөд дахин таниулж, Чингис хаан болон монгол үндэстний олон улс дахь үнэлэмжийг нэмэгдүүлж, түүх соёлыг сурталчилж, Чингис хаан судлал болон Монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаад гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт Жак Уэтерфорд Та бол Монгол Улсын төрийн дээд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа гадаад улсын анхны иргэн болж, Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдлээ.

Таны цаашдын эрдэм номын их үйлсэд өндөр амжилт хүсэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм нөхөд өө,

Манай улсын нэрт эрдэмтэн, академич Дэчингунгаагийн Доржготов бол Их эзэн хааны өвлүүлэн үлдээсэн эх орныхоо газар нутаг, хөрс шороо, цаг уур, байгаль орчны судлалын тэргүүлэх эрдэмтэн бөгөөд Монгол орны хөрсний гарал үүсэл, газар зүй, ангилал, шинж чанар, үржил шим, чанарын үнэлгээний талаарх онолын суурь судалгааг хөгжүүлж, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан юм.

Тэрбээр хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй хөрсний зураглалаар дагнан ажиллаж, 1975 онд Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, мөн анх удаа сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, монголын газрын хөрсний хэв шинж, орон зайн бүтэц, тархалтыг дүрслэн харуулсан.

Түүний судалгаа манай орны бүх төрлийн хөрсний нөөцийг тооцон гаргах боломжийг бүрдүүлснээрээ зураг зүйн үнэ цэнтэй ховор бүтээл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг билээ.

Түүнчлэн академич Д.Доржготов 1984 оноос хойш Монгол Улсын анхны “Үндэсний атлас” зохиох эрдэмтэн судлаачдын багт оролцож, удирдан зохион байгуулж, 1990 онд орос, монгол хэлээр 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схемийг багтаасан “БНМАУ-ын Үндэсний атлас” хэмээх анхны үндэсний атласыг хэвлүүлж, 2009, 2022 онд “Монгол Улсын Үндэсний Атлас”-ыг шинэчлэн хэвлүүлэх ажлыг удирдсан байна.

“Монгол Улсын Үндэсний Атлас” нь манай улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны бүтэц, байгаль-газарзүйн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засгийн олон талт цогц мэдээллийг багтаасан байдаг тул  эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, онол практикийн үнэлж баршгүй ач холбогдолтой, иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болсныг олон улсын эрдэмтэн судлаачид өндрөөр үнэлдэг билээ.

Түүнчлэн 1995, 2005 онд “Монгол орны экосистемийн зураг, атлас”, 2015 онд “Байгал нуурын сав газрын экологийн атлас”, 2019 онд “Монгол орны экосистемийн атлас” зэрэг томоохон бүтээл хэвлүүлсэн нь экологи, эко-геохими, экосистем, байгаль орчны шинжлэх ухааны хөгжил, судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд шинэлэг дорвитой алхам болсон юм.

Академич Д.Доржготовын удирдсан судалгааны баг өнөөгийн дэлхий дахинд тулгамдаад байгаа байгаль орчны бохирдол, доройтол, уур амьсгал, экосистемийн өөрчлөлт, экологи-геохимийн төлөв байдлын асуудлыг дагнан судалж, 1999 онд “Улаанбаатар хотын байгаль орчны, бохирдлын тойм зураглал”, 2004 онд “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүдийн орчмын хөрсний бохирдлын судалгаа”, 2009 онд “Дархан хот орчмын геоэкологийн судалгаа”, 2010 онд “Улаанбаатар хот орчмын хөрсний бохирдлын судалгаа”, 2015 онд “Сэлэнгийн сав нутаг дахь уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төвүүдийн байгаль орчин, экогеохимийн судалгаа” зэрэг олон чухал ажлыг гүйцэтгэн, технологийн шийдлийн санал зөвлөмж боловсруулсан бөгөөд 2008 онд “Хөрс бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээний улсын стандарт” боловсруулжээ.

Академич Д.Доржготов нь ахисан түвшний нарийн мэргэжлийн судлаач эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэж, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр олон жил ажиллахдаа 20 доктор, шинжлэх ухааны дөрвөн докторын эрдмийн ажлыг удирдан хамгаалуулсан байна.

Академич Д.Доржготов Таныг Монгол Улсын хөрс судлал, газар зүй, зураг зүй, байгаль орчны судлалд нэгэн жарны амьдралаа зориулж, Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн төрийн дээд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, түмэн олноо алдаршуулж байна.

Таны цаашдын эрдэм номын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, танд болон таны гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох