Улстөр нийгэм
Улаанбаатар-Красноярск хотын бизнес уулзалт-2022 боллоо
Улаанбаатар-Красноярск хотын бизнес уулзалт-2022 өнөөдөр боллоо.
ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагч Александр Викторович Усс тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд болсон уг арга хэмжээнд хоёр орны төр засгийн болон бизнесийн салбарын холбогдох албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид оролцсон юм.
Бизнес уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Красноярск мужийн амбан захирагч А.В.Усс нар нээж үг хэллээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “...Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн оны долдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн шинэчлэлээр хот цаашдаа эдийн засаг, төсөв, газрын харилцаа, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хувьд бие даан бэхжих шинэ зам, шинэ үүд хаалгыг нээсэн онцгой чухал шийдвэр болсон. Эрх зүйн энэ шинэчлэлийг бид эдийн засгийн өсөлт болгохыг эрмэлзэж байгаа. Хуулиар хотод олгогдсон энэхүү санхүүгийн эрх мэдэл, хөрөнгийн эх үүсвэрийг хүчтэй эдийн засаг болгон ашиглахын тулд бид бусад хотуудтай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулах замаар харилцан ашигтай хамтран ажиллах нь бүрэн нээлттэй юм…” гэдгийг онцлов.
Форумаар ОХУ-ын талаас “Красноярск мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломж”, "Енисейн Сибирь" хөрөнгө оруулалтын цогц төсөл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Харин Монголын талаас Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр-хувийн хэвшлийн түншлэл хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, бизнесийн орчин, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэл хотын хувьд орон сууцны дахин төлөвлөлт, нийтийн тээвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломжтойг онцолсон юм.
Мөн Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хоёр орны эдийн засаг, бизнес, худалдааны хамтын ажиллагааны нөхцөл байдал, боломжийн талаар танилцуулсан юм. Красноярск мужийн бизнес эрхлэгчид жижиг, дунд бизнес, тээвэр-логистик, ХАА-аж үйлдвэр, тэр дундаа мод боловсруулалт, аялал жуулчлалын чиглэлээр ажиллах түнш байгууллагатай харилцаа холбоо тогтоон, санамж бичиг байгуулан хамтран ажиллахаа илэрхийллээ. Форумын үеэр манай улсын барилга, ой мод, хүнсний чиглэлээр ААН-үүд Красноярск мужийн зарим компанитай, манай улсын Өвөрхангай, Булган аймаг газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр мөн хамтран ажиллахаар санамж бичгийг байгуулсан юм.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл