Улстөр нийгэм
Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.
Цахим уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн шинэ гарц гаргах чиглэлээр санал солилцов.
БНХАУ-ын талаас Монгол Улс хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд БНХАУ-ын төрийн өмчит Чалко компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бөгөөд бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Цаг үе2021/07/20
Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн шавжийг устгаж байна
-
Цаг үе2022/01/20
УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Урлаг спорт2021/04/12
Хүндийг өргөлтийн тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
-
Улстөр нийгэм2022/12/28
Зөвлөлдөх санал асуулгын талаар Тамгын газрын ажилтнуудад мэдээлэл, чиглэл өгөх ...
Сэтгэгдэл