Үзэл бодол
Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох зорилготой
-Эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярилаа. Бүх нийтээрээ бодлогыг дэмждэг, ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үр дүн бага байгааг ихээхэн шүүмжилж байна. Шүүмжлэл нь нүдээ олсон санагддаг. Тэгвэл экспортыг олон улсад, илүү олон сувгаар яаж тэлэх боломж байна вэ?
-Өнгөрсөн жилүүдэд экспорыг дэмжих талаар маш олон, тодорхой баримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэрүүд гарсан байдаг. Гэхдээ гаргасанбаримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэрээ таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагаааг бий болгох тал дээр алдсан юм уу даа гэж хардаг. Үүнийг л илүү таниулах, сурталчилах хэрэгтэй байна.
Санхүүжүүлэгч болох төр,хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдынгурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлж нэг зүйлд нэгдэж байж бид эдийн засгаа солонгоруулах алхам гэдэг нь бодитой боллоо. Түүнээс төр дангаараа маш сайн баримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэр гаргаад түүнийг нь дэмжиж оролцох хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоо байхгүй бол ажил болохгүй. Санхүүжүүлэлт буюу хөрөнгө оруулалт нь бодит баялаг бүтээгч буюу аж үйлдвэрийн салбараа дэмжиж тодорхой санхүүжилт хийхгүйгээр эдийн засаг солонгорох боломж хомс. Мөн хөрөнгө оруулалт хийх хөрөнгийн асуудал шийдэгдлээ гээд хүний нөөцийн асуудалтайгаа цогцоор нь шийдэж байж эдийн засаг солонгорч уул уурхайгаас хамааралтай бус аж үйлдвэрээс хамааралтай орон болох юм. Энэ нөөц бололцоо бол манай улсад байна гэж харж байгаа.
Өнгөрсөн жилүүдээ бодвол энэ бололцоо байгаа гэдгийг биетээр харуулсан бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр гарч ирж байгааг та бид харж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц боломж бий гэж ярьсаар олон жилийн нүүр үзсэн ч өнгөрсөн хэдхэн жилд л бид түүхий эдээ бүтээгдэхүүн болгон борлуулалт хийж эхэлсэн. Энэ байдлаа давуу тал болгон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлбэл эдийн засаг солонгорох нь тодорхой.
-Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хараат байна. Эдийн засагт орж байгаа мөнгөн урсгалын үлэмж хэсэг нь нүүрс, зэс, алт гэсэн гурван голлох түүхий эдийн экспортын орлогоос хамаарч байгаа. Харин бусад салбарын оруулж байгаа хувь нэмэр хэр байгаа вэ.Тухайлбал уул уурхайгаас бусад салбарын экспорт өсч байна уу?
-Сүүлийн жилүүдэд уул уурхайн бус салбарын экспорт нэмэгдэж байгаа. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын экспорт тодорхой түвшинд нэмэгдсэн боловч байгаа нөөц бололцоотойгоо харьцуулаад үзвэл өчүүхэн бага, бүүр хангалтгүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу.
Бидэнд үнэхээр их нөөц бололцоо байгаа. Зөвхөн хөдөө аж ахуйн салбарын хувьд хэлж байна л даа. Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн бус салбарын экспортод эзлэх хувь барааны төрлөөр нь ангилаад үзвэл ноос ноолуур, нэхмэл болон сүлжмэл эдлэл 52 хувь, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 12 хувь, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 13 хувь, төмөрлөг эдлэл буюу техник хэрэгсэл 18 хувийг эзэлж байна.
Өнгөрсөн онд гэхэд л мах махан бүтээгдэхүүний экспорт 162,8 сая ам доллар буюу өнөөдрийн ханшаар төгрөгт хөрвүүлбэл 434.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ нь өмнөх он буюу 2017 оноос дариу 112 хувийн өсөлттэй гарсан гэхээр үнэхээр их бололцоо байгаа биз. Би өмнө хэлсэн экспортолсон тоо хэмжээ нь нөөц бололцоотойгоо харьцуулахад өчүүхэн бага тоо гэж. Тэгэхээр манай улсад юу байна боломж бололцоо, нөөц л байна.
-Манай хувийн хэвшлийнхэнд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарынхнаас гадна экспортын бүтээгдэхүүн бий болгох өөр ямар боломж байна гэж та хардаг вэ?
-Монголын давуу тал болгож болох зүйл буюу түүхий эдийн нөөц боломж бусдаас ялгарч болох онцлогтой бүтээгдэхүүнээ хөгжүүлж, зах зээлээ судлаад тухайн зах зээлд хэрэгцээтэй буюу нийцүүлж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь чухал түүнээс бусад орнуудтай адил зүйл хийгээд өрсөлдөнө гэдэг бол бидний хувьд хэцүү.
Хамтраад нөөц боломжоо тодорхойлоод нэгдэж ажиллахгүй байгаа нь биднийг дэлхийд тэргүүлэх экспортын бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа гол саад болоод байна.
Түүнээс бидэнд уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна, гадаад экспорт хийх боловсон хүчин буюу өндөр мэдлэгтэй залуусаа томоохон компаниудад ажиллуулах, мөн тэднийхээ чадварыг ашиглаад бусад улсад экспортлох боломж бий. Үүнийг л “Экспорт Монголд” форумаараа товойлгон гаргаж ирэхээр бид ажиллаж байна. Товойж гарч ирнэ гэдэгт ч бид итгэлтэй байгаа.
-Таны удирдаж байгаа байгууллага “Экспорт Монголд” форумыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тодорхой танилцуулаач бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлох сонирхолтой хувийн хэвшлийнхэнд яг ямар өгөөж өгөх вэ?
-“Экспорт Монголд” форум нь гадаад зах зээлд гаргах экспортыг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх гэдэг утгаараа дотоодын компаниуд илүү оролцох болно. Харин зочид төлөөлөгчдийн хувьд Европын Холбооноос, Япон, БНХАУ, АНУ, Турк гээд бид зах зээлд нь хөл тавих ихээхэн сонирхолтой зочид төлөөлөгчид ирж оролцож, өөрийн оронд экспорт хийвэл юунд анхаарах, мөн ямар стандарт шаардлага хангах эсэх гээд экспортлогчдод алхам тутам шаардагддаг, шаардлагатай мэдээллийг өгөх болно. Мөн тухайн зах зээлд нэвтрэхэд заавал мэдэж байх хууль эрх зүйн орчин, барааны чанар стандарт, хил гааль татварын бодлогын талаар нэгдсэн мэдээллийг өгч цаашид яаж амжилттай олон улсын зах зээлд нэвтрэх зөвлөгөө мэдээллээр хангах юм. Мөн төр засгийн зүгээс ямар төсөл хөтөлбөр, шийдвэр гаргаж байгаа.Хувийн хэвшилд төр засгаас ямар дэмжлэг өгөх вэ гэсэн мэдээллийг хүргэх болно.
Энэ жилийн “Экспорт Монголд” форумын хамгийн гол онцлог нь олон улсын бизнесийн төлөөлөл буюу импортлогчдыг урьж өөрсдийгөө таниулах, тэргүүлэх туршлагуудыг сурталчиллах, экспортод оролцогч талуудын хамтын ажиллагааг бий болгох дээр илүү ач холбогдол өгч байгаа.
Түүнчлэн уул уурхайн бус салбарын экспортын “Олон УлсынФорум” гэдгийг ихээхэн онцолж байна.Гол нь хамтын ажиллагааг эхлүүлэх мөн гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад тухайн бизнесүүдээс суралцах харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох олон улсын зах зээлд гарах экспортын нэгдсэн сүлжээг үүсгэх зэргээр гадны холбоод, төрийн бус байгууллага, бизнесийн хэвшлийн салбарын төлөөлөлтэй санал солилцох юм.
-Монголын компаниуд, төр засгийн бодлого тодорхойлогчид энэ удаагийн“Экспорт Монголд” форумаас юуг илүүтэй олж хараасай, анхаарал хандуулаасай гэж та хүсэж байна?
-Үнэнийг хэлэхэд уул уурхайн салбартай холбоотой форумууд салбар салбараар гээд жилд хэд хэдэн удаа болж байна. Гэтэл бидний хувьд уул уурхайн гэхээсээ илүүтэйгээр уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах нь нэн тэргүүний зорилго юм. “Экспорт Монголд” форумын хүрээнд экспортыг нэмэгдүүлж гадаад худалдааны алдагдлыг бууруулах,экспортод тулгарч буй саад бэрхшээлийг нэгтгэж гарц шийдлээ хамтдаа хэлэлцэх цаашдаа харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгон, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Гол нь олон улстай хийж буй манай улсын экспорт жилээс жилд өсөн нэмэгдэж, уул уурхайн бус аж үйлдвэрийн орон болох нь чухал. Бид дэлхийд гар утас үйлдвэрлэлээр тэргүүлэхгүй ч гэсэн үнэтэй брэнд бүтээгдэхүүнийг экспортолдог улс болох боломж байна. Монгол компаниуд тухайн бүтээгдэхүүнээрээ тэргүүлнэ гэсэн амбицтай ажиллаад эхэллээ, үүнийгээ илүү олон компанийн амбиц болгомоор байна.
-Баярлалаа “Экспорт Монголд” форумын ажилд өндөрт амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэн манай форумыг ард иргэдэд сурталчилан таниулж байгаа нь өөрөө экспортод оруулж буй хувь нэмэр юм. Монголын мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн олон улсад гарах хэрэгцээ байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мөн манай форумд идэвхитэй оролцож, хүрэлцэн ирээрэй гээд нийт хэвлэл мэдээллийн ажилтнуудаа урьж байна.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

-
Улстөр нийгэм2021/11/17
“Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал болж...
-
Урлаг спорт2022/01/25
“Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” соёлын солилцооны цуврал а...
-
Цаг үе2023/02/02
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан 17-36 см нимгэн байна
-
Цаг үе2024/05/25
Төрийн банк ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа
