Үзэл бодол
Д.Батсүх: Наадмын жуулчдад зориулсан билетийг өөр хүн авах, дамлахаас сэргийлж холбогдох материалыг шаардаж байгаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхтэй Үндэсний их баяр наадмаар жуулчдад олгох билет болон энэ жил зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцлаа.
-Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Үндэсний их баяр наадам энэ жил өргөн дэлгэр болох нь гарцаагүй. Наадам бол жуулчдын хамгийн их сонирхдог арга хэмжээ. Энэ жилийн хувьд наадмын билетийг жуулчдад хэрхэн, яаж борлуулах вэ?
-Бид наадмын билетийн урьдчилсан захиалгыг аялал жуулчлалын компаниудаасаа авч байна. Жил бүр ижил аргачлалаар баяр наадмын жуулчдад зориулсан билетийг хуваарилдаг. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо 12 мянга орчим байдаг. Үүний 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2500-2800 билетийг жил бүр жуулчдад зориулан борлуулдаг. Хүсэлтийг цахимаар буюу info@tourism.ub.gov.mn е-мэйл хаягаар, мөн цаасан хэлбэрээр хүлээн авч байгаа. Мэйл хаягаар хүсэлт илгээх нь биеэр өгсөнтэй адилхан гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгох хэрэгтэй. Заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Зургадугаар сарын 29-н хүртэл урьдчилсан захиалгыг авна. Манай байгууллагад өмнө нь жилд 10-12 мянган билет худалдан авах хүсэлт ирж байсан. Энэ бол борлуулах боломжтой билетээс даруй тав дахин их тоо юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо хязгаартай учраас хүсэлт гаргасан хүн бүрд билет олгох боломж байдаггүй. Бид Аялал жуулчлалын холбоотой хамтарсан Ажлын хэсэг гаргаж, компаниудын хүсэлтийг харгалзан үзэж, үйл ажиллагаатай нь уялдуулж, билетийг хуваарилдаг. Ажлын хэсэг хүртээмжтэй, хүсэлт ирүүлсэн хүн бүрд аль болох билет олгохыг хичээдэг. Хүсэлт ирүүлсэн хувь хүн, компани гаднын жуулчин авчирч байна уу гэдгийг хамгийн гол шалгуур үзүүлэлт болгодог. Тиймээс хүсэлтийн хамт албан бичиг, онгоцны билетийн хугацаа, захиалга, зочид буудлын талаарх мэдээллийг авч байгаа. Энэ нь хүсэлт бодит эсэхийг шалгах, гаднын жуулчдад билетийг хүртээмжтэй байдлаар хуваарилах зорилготой.
Ер нь компаниуд болон хувь хүмүүстэй холбогдон ирж байгаа жуулчдад билет олгодог. Учир нь билетийн тоо цөөн, үзэх сонирхолтой хүний тоо их. Үүнтэй холбоотойгоор урьдчилж захиалга өгч, баталгаажуулсан жуулчдад л билетийг олгохоос өөр аргагүй. Энэ бол зөвхөн энэ жил хийж байгаа ажил биш. Сүүлийн 7-8 жил энэ аргачлалаар хуваарилалтаа хийж ирсэн.
-Тэгэхээр жуулчин бус, тухайн жуулчныг урьж авчирч байгаа иргэн, компани танайх руу албан бичиг явуулах нь байна, тийм үү?
-Тийм ээ, урьж байгаа иргэн, байгууллага л хүсэлт ирүүлнэ гэсэн үг. Энэ нь билетийн тоог гаргах, захиалгыг баталгаажуулахад баримт болох юм.
-Билетийн үнэ хэд гэж байгаа вэ?
-Наадмын төв комиссоос тогтоож өгсөн үнэ бол 25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг. Энэ бол сүүлийн жилүүдэд баримталж ирсэн үнэ. Тавцан засаж, нэмэлтээр цагаан сандал тавьж, суудлын тоог нэмдэг. Энэ билет өмнө нь 20 мянган төгрөг байсан, тэр хэвээрээ байгаа.
-Билет авах хүсэлт тав дахин олон ирдэг гэлээ. Тэгэхээр жуулчдад ямар шалгуураар билетийг олгох вэ?
-Хүсэлтийг харгалзан үзэж, бүгдэд хүртээмжтэй байх үүднээс хувьчилж олгодог. Өнгөрсөн жилүүдэд олон тоогоор захиалга өгч байгаа компаниудад билет олгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулсан эсэх, ажилчдын нийгмийн даатгал төлсөн байдал, татварын тайлан зэргийг харгалзаж үздэг байсан. Харин сүүлийн хоёр жил цар тахалтай байсан учраас эдгээрийг харгалзах боломжгүй болсон. Иймээс энэ жил БОАЖ-ын сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалгыг харгалзаж байгаа. Энэ нь жуулчдад л билетийг хүргэх зорилготой юм. Жуулчдын нэр барьж, билет авч, түүнийгээ цааш нь дамлан борлуулах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Үүнийг салбарынхан маань бүрэн ойлгож байгаа.
-Одоогийн байдлаар хэчнээн хүсэлт ирээд байна вэ?
-Дөрөвдүгээр сараас эхлэн хүсэлт ирсэн. Зургаадугаар сарын 29-н хүртэл хүсэлтийг авна. Үүнээс хойш Ажлын хэсэг хуваарилалт хийнэ.
-Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус наадмыг ямар онцлогтой зохион байгуулах вэ?
-“Дээлтэй Монгол” наадам бол үндэсний соёлоороо бахархах бахархлын өдөр. Засгийн газрын тогтоолоор долдугаар сарын 9-нийг Үндэсний хувцасны өдөр болгон зарласантай холбоотойгоор тус өдөр “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн хувьд наадмын цар хүрээ өргөн болохоор байгаа. Өмнө нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар дангаараа зохион байгуулдаг байсан бол энэ жил Соёлын яам, мэргэжлийн урлагийн байгууллагын дэмжлэгтэйгээр илүү өргөн дэлгэр зохион байгуулна. Мөн орон нутгаас хүмүүс оролцохоор эхнээсээ хүсэлтээ ирүүлээд байна. Өмнө нь долдугаар сарын 10-нд зохион байгуулдаг байсан нь Төрийн хүндэтгэлийн тоглолттой давхацдаг учраас уран бүтээлчдийн оролцоо бага байсан. Энэ жилийн хувьд долдугаар сарын 9-н болгосноор өргөн хүрээнд болохоор байгаа. Есөн дүүргийн иргэдийн парад алхана. Түүнчлэн шилдэг дүүрэг, сайхан хувцастай хос, шилдэг дизайнер гэх мэт олон номинациар шилдгийг шалгаруулна.
-Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ жил жуулчид төдийгүй Улаанбаатар хотынхоо иргэдэд зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Наймдугаар сарын 6, 7-нд “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг зохион байгуулна. Энэ нь Үндэсний их баяр наадмын дараа орох аялал жуулчлалын томоохон арга хэмжээ. Үүний дараа “UB food” олон улсын хоолны фестивалийг зохион байгуулна. Мөн олон улсын явган аяллын фестивалийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Япон, Солонгосоос алхагч жуулчид ирж, гурван улсын хамтарсан фестивалийг Тэрэлжид зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн Япон, Солонгос Улсын соёлын наадам, “Хийморь” олон улсын морьт харвааны дэлхийн аваргын тэмцээн, Шонхрын баяр, “Уухай” шагайн харвааны наадам гэх мэтчилэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний зорилго нь жуулчдыг татах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэж харах зүйлийг нэмэгдүүлэх юм. Мөн салбарын үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, өв соёл тээсэн иргэд, тамирчдаа дэмжих зорилготой.
-Одоогийн байдлаар хэчнээн жуулчин Улаанбаатар хотод ирээд байна вэ. Цаашид хэчнээн жуулчин ирэх төлөвтэй байна вэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сард хил нээснийг зарласнаас хойш улсын хэмжээнд тавдугаар таван сарын байдлаар 40 мянга гаруй жуулчин ирсэн. Энэ жил олон жуулчин ирэх төлөвтэй байна. Олон улсын нислэгийн тоо нэмэгдэхээр байна. Ялангуяа Монгол-Солонгосын хооронд олон улсын нислэг өссөн. Япон, Герман, Турк рүү нислэгийн давтамжийн тоо нэмэгдэж байгаа. БНСУ-ын жуулчид зургадугаар сарын 1-нээс Монголд визгүй зорчих болсон. Энэ нь жуулчдыг татаж байгаа. Мөн манай салбарынхан Япон, БНСУ-д сурталчилгааны ажлууд, компаниуд хоорондын гэрээ, хэлцлүүдийг өндөр түвшинд хийсэн нь үр өгөөжөө өгнө. Түүнчлэн Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Цаашид гадаад сурталчилгаа, маркетингаар жуулчдыг татах, Монголын аялал жуулчлалыг хүмүүст хүргэх талаар багагүй ажлуудыг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Үзэл бодол
Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд боллоо.
Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:
“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,
Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,
Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно
Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.
Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.
Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.
Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.
Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.
Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна.
Иймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байна.
Мөн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах зорилгоор зарлиг гаргасан.
УИХ, Засгийн газар шуурхай ажиллаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг дуулгахад таатай байна.
Тухайлбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21,6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар буурчээ.
Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1,7 сая литрээр буурсан байна. Дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар бууруулсан бөгөөд өндөр хатуулагтай архины хэрэглээ багаслаа.
Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэллээ.
Эдгээр бодлогын томоохон шинэчлэлээс гадна тэмдэглэлт баярын өдрүүдийг угтан “Намайг алгас”, “Та татгалз” зэрэг нөлөөллийн аян зохион байгуулснаар олон эерэг өөрчлөлт гарлаа.
Өнгөрсөн шинэ жилийн баярыг угтан явуулсан “Та татгалз” аяны үр дүнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.7 хувиар буурсан байна.
Энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй үзүүлэлт байлаа.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх онтой харьцуулахад 21.4 хувиар буурсан байна.
Хэдийгээр архидан согтуурахтай тэмцэх чиглэлд эерэг өөрчлөлт гарч байгаа ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 92.7 хувь нь эрэгтэй, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 48.5 хувь нь ажилгүй байна.
Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.
Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ.
Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.
Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.
Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.
Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.
Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсрлын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.
Энэ ташрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.
Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.
Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,
Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.
Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг Ерөнхий сайд дурдлаа.
Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй. Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэдгийг мөн хэллээ.
Улсын Их Хурлын сонгуулийг энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв.
Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлж шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.
Үзэл бодол
Т.Мөнхдалай: Төслийн сүүлийн 2 шатыг 5-6 жилд гүйцэтгэх боломжтой
Дэлхийн дөрвөн улсын метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай, одоогоор Египет улсын метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар хотын метроны төслийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр “Дэлхийн бусад улс ч метроны төсөлдөө зөвлөх үйлчилгээг авдаг. Улаанбаатар хотын метроны төсөлд зургаан жилд 54 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ нь огт их мөнгө биш, төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэлтэй харагдаж байна. Дэд бүтцийн томоохон төслүүд өртгийн 5 хувь орчимд зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд ихэвчлэн 100-200 сая ам.долларт 10 жил орчим гэрээтэй байдаг. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн зүйл. Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд 5 компанийн нэгдэл бүхий 13 улсаас 80 гаруй экспертүүд ажиллаж байна. Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотын метротой холбоотой судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа тул төслийн сүүлийн хоёр шатыг 6 жилд гүйцэтгэх боломжтой. Энэ төсөл шинээр эхлээгүй, их удаан гацсан ажил одоо үргэлжилж байна гэж харж байна. Мөн дэд бүтцийн томоохон ажлыг ямар нэг нам, улс төрч удирдан хянах боломжгүй. Тиймээс дэлхийн бусад хотууд том төслүүддээ олон улсын нарийн мэргэшсэн инженерүүдийг зөвлөх багтаа авч төслөө удирдуулдаг. Барих компаниас тусад нь зөвлөх үйлчилгээний баг авдаг шалтгаан нь барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянаж, өртгийн өсөлт, аль болох хугацааг сунгахгүй, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэт барихыг шаарддаг” гэв.
Түүний одоо ажиллаж буй Египет улс өдөр бүр нэг цагийн цахилгааны хязгаарлалт хийдэг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байгаа аж.
-
Цаг үе2020/05/25
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлнэ
-
Цаг үе2023/01/27
“Амар байна уу 2023” үзэсгэлэнд 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэг...
-
Улстөр нийгэм2024/02/23
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэ...
-
Цаг үе2023/05/30
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай...
Сэтгэгдэл