Улстөр нийгэм
Технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа
“Улаанбаатар хотын цахим шилжилт” төслийг танилцуулах үеэр мэдээлэл, технологийн тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо.
“E-School” СИСТЕМЭЭ СУРАГЧ, БАГШ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН

"Дижитал Эдү Менежмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ундрал: -"Дижитал Эдү Менежмент" ХХК нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд "Ай Си Ти групп" ХК-ийн охин компани. Бид хөгжүүлж буй “E-School” системээ ерөнхий боловсролын сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулан бүтээсэн. Тодруулбал, “E-School” буюу сургуулийн удирдлагуудад, “E-Teacher” буюу багш нарт, “E-Parent” буюу эцэг, эхчүүдэд зориулсан аппликэйшнүүдээс бүрдсэн систем юм. Эцэг, эхчүүд тус аппликэйшнийг ашиглан хүүхдийнхээ сурлага, хүмүүжил болоод тухайн өдрийнх нь идсэн хоол, сургуулийн автобустай холбоотой мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой. Одоогоор ерөнхий боловсролын 51 сургуулийн 2500 гаруй багш, 20 мянга гаруй сурагч, эцэг, эхчүүд манай системийг ашиглаж байна. Өмнө нь цомхон хүрээний хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг ашигладаг байсан бол өнөөдрийн энэхүү “Улаанбаатар хотын цахим шилжилт” төсөлтэй уялдуулан нийслэлийн бүх эцэг, эх хүүхдийнхээ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН КАРТЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

“И Клиник” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны дарга Ш.Дэлгэр: -Манай компани 2014 оноос эхлэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад системээ хөгжүүлж эхэлсэн. Тодруулбал, эмнэлгийн удирдлага, лабораторийн удирдлага, шүдний эмнэлэг, сувилал, эмийн сангийн системийг нэвтрүүлсэн юм. Үүнээс гадна эрүүл мэндийн датаг хадгалах үйлчилгээ, дүрс оношилгооны системийг хөгжүүлж байгаа. 2022 оны гуравдугаар сараас эхлэн “И Клиник” эрүүл мэндийн нэгдсэн платформыг зах зээлд нэвтрүүлсэн. Уг платформоор дамжуулан улсын болон хувийн 40 гаруй эмнэлгийн 300 орчим эмчид онлайн үзлэгийн цаг захиалах боломжтой. Мөн лабораторийн удирдлагын системд бүртгэлтэй 100 гаруй лабораторид шинжилгээ өгөн, хариугаа онлайнаар авах боломж бүрдсэн. Цаашид жороор олгох эм болон бусад эмийг тус платформоор дамжуулан захиалах боломжийг бий болгохоор ажиллаж байна. Мөн цаасан хэлбэрийн эрүүл мэндийн картыг бүрэн цахимжуулах зорилготой байгаа.
БҮХ АВТОБУСНЫ БУУДАЛД КАРТ БОРЛУУЛАХ, ЦЭНЭГЛЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙГАА

"Ай Си Ти групп" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн: -Нийтийн тээврийн салбар цахимжаад, иргэд гар утаснаасаа автобусны буудал болон бусад мэдээллийг харах, автобусны буудлаас төлбөр тооцооны картаа авах, бүх төрлийн хэрэгслээр картаа цэнэглэх бололцоог монгол инженерүүд бий болголоо. Мөн автобусны карт борлуулах, цэнэглэх байршил хязгаарлагдмал байдаг асуудлыг халж, бүх автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх төхөөрөмжийг суурилуулах боломжийг үүсгэж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх үүднээс эдгээр төхөөрөмжөө хиймэл оюун ухаанаар тоноглосон. Үүнээс гадна, автобусны байршлыг бодитоор хянах боломжийг нэвтрүүлснээр өвлийн хүйтэн нөхцөлд автобус удаан хүлээж зогсох зэрэг асуудлыг шийдэж байгаа. Бид гаднын нэг ч төлбөртэй систем ашиглаагүй. Картаас эхлээд бүх системийг монголчууд өөрсдөө хийснээрээ онцлог. Уг системийг Улаанбаатар хотын удирдлагуудад танилцуулахаас өмнө Эрдэнэт хотод нэвтрүүлсэн бөгөөд маш амжилттай хэрэгжиж байна. Одоо ашиглаж байгаа “U-Money” системээс хамаагүй бага өртөгтэй. Хамгийн гол нь нийтийн тээврийн салбар тасралтгүй хөгжих ёстой. Тиймээс энэ намраас эхлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт энэхүү системээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Шударга мэдээ2025/05/30
“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно
-
Шударга мэдээ2020/10/23
Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ
-
Улстөр нийгэм2021/05/05
СЕХ: УИХ-д суудалтай нам, эвслээс тус бүр зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичги...
-
Цаг үе2026/06/11
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжий...
