Шударга мэдээ
АИ-92 автобензиний 40 хоногийн нөөцтэй байна
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,494 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,443 тн, АИ-92 автобензин 27,490 тн, АИ-95 автобензин 3,832 тн, ДТ 28,146 тн байгаа ба АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 52, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,178 тн, хангайн бүсэд 8,606 тн, төвийн бүсэд 31,966 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,069 тн байна.
Манай улс он гарсаар нийт 840.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 18.4 мян.тн, АИ-92 автобензин 282.0 мян.тн, АИ-95/98 автобензин 13.9 мян.тн, ДТ 420.2 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 80.7 мян.тн байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Шударга мэдээ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгээр эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт Монгол хэл бичгээр эхэлнэ. Мөн Түүх, Англи хэлний шалгалт зохион байгуулагдана. Арванхоёрдугаар сарын 5-нд хими, Газар зүй, Нийгэм судлалын шалгалт явагдана. Харин арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл, арванхоёрдугаар сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалттай.
Өвлийн Элсэлтийн Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй юм.
Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой.

Шударга мэдээ
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүллээ
Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилготой “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд нийт 60 гаруй га талбайд 5000 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжийн 110 айлын 4 блок бүхий орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулж, оршин суугчдыг хүлээн авч эхэллээ. Төслийн онцлох давуу тал нь Олон улсын EDGE стандартын шаардлагыг хангасан, эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын шийдлүүдтэй юм. Мөн саарал усыг дахин ашиглах системийг тусгаснаараа хотын хэмжээнд анхдагч, жишиг төслийн нэг болж байна.
Төслийн барилга бүр онцлогтой. Тухайлбал, А блок нь гурван улирлын хүлэмжтэй. Айл өрхүүд гэртээ ногоо, ургамал тарих боломжтой. В блокийн урд фасадад нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Харин С блок нь нарны дулаан хуримтлуулах тромбын ханатай учир дулаан алдагдлыг багасгасан. D блокийн фасадад байгальд ээлтэй, эко өнгөлгөөний материал ашиглажээ. Мөн оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс чөлөөт цагийн бүс, ногоон байгууламж, дугуйн зам зэрэг шийдлүүдийг төлөвлөн байгуулсан байна. Түүнчлэн дээрх стандартын адил Шархад дэд төвд эхний 110 айлын 4 блок орон сууц баригдаж, улсын комисс хүлээн авч байна.
Төсөл бүрэн хэрэгжиж 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, дулаан, ус хангамж, цахилгаан эрчим хүчний ухаалаг хэрэглээ нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, жишиг орон сууцны хороолол бий болно. Ингэснээр нийслэлд 5000 яндан, 5000 нүхэн жорлон устаж, агаар, хөрсний бохирдол буурах судалгаа гарчээ.

Шударга мэдээ
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа бөгөөд 27.518 тонн нөөцтэй байна. Энэ жилээс Улаанбаатарчууд жилд 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой юм.
Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Харин усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага байна. Үүний дийлэнх нь төрийн байгууллагууд байгаа. Тухайлбал, үүний 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг. Тиймээс ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. ӨЭМТ, хорооны байрыг НЗДТГ болон дүүргүүд хамтарч хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Улаанбаатар хотод дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3 дугаар цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ” гэлээ.
-
Улстөр нийгэм2025/03/24
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Цаг үе2022/11/28
"Boho"-гийн А.Уянга Германы зах зээлд хөл тавьжээ
-
Урлаг спорт2021/11/04
2000 жилийн түүхтэй Бонн хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдлаа
-
Шударга мэдээ2019/05/30
2019 оны аймгуудын "Үндэсний баяр наадам"-ын ХУВААРЬ
