Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш захидал ирүүллээ
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.
Энэ дагуу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд захидал ирүүлжээ.
Уг захидалд, Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ дэвшүүлсэн санаачилгуудыг сайшаан хүлээн авч байгаагаа онцолж, айлчлалын үеэр тэдгээр санал, санаачилгын талаар үргэлжлүүлэн ярилцана гэдгээ хэллээ.
Мөн Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд манлайлал үзүүлэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан явдал, эдгээр орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг онцлохоо цохон тэмдэглэв.
Айлчлалын үеэр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон “Бидний нийтлэг зорилго”-ыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах болон бусад олон чухал асуудлаар тогтон санал солилцоно гэдгийг мөн тэмдэглэжээ.
Тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоор зохион байгуулагдаж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дээр дурдсан агуулгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Улстөр нийгэм2024/04/10
Мах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шалгалт хий...
-
Цаг үе2021/03/01
PCR шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй
-
Цаг үе2020/11/10
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
-
Цаг үе2024/06/15
Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг зөвлөж байна
