Урлаг спорт
Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ.
Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна. Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон уг тамирчныг Улаанбаатар хотноо саатах үеэр УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар уулзаж, амжилт хүслээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Дэлхийд алдартай хүмүүс олон дагагч, шүтэн бишрэгчтэй учраас тэднийг Монгол Улсад аялж, зочлох үеэр дэмжин ажиллах нь зүйтэй. Ингэснээр тэдний сувгаар дамжуулан дэлхий дахинд эх орноо сурталчилж, үзэсгэлэнт байгалиа үзүүлэх боломжтой. Энэ нь цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэсэн юм.
Экстрим спортын тамирчин Гиидо Кунзе “Том газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсад анх удаа ирлээ. Монголчууд найрсаг хүмүүс байна. Монгол, Герман хоёр улсын хооронд олон ялгаа бий ч аяллынхаа үеэр хоёр улс юун дээр хамтарч ажиллаж болох талаар их зүйл анзаарч харлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн суурин төлөөлөгч Маркус Лох уг аяллын үеэр Монгол орны тухай баримтат кино хийж байгаа бөгөөд дуусмагц нь нийслэлийн удирдлагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэж өгнө гэдгийг хэлж байв.
Гиидо Кунзе нь 1967 онд төрсөн бөгөөд 2005 онд автомашины бизнесээ орхин дугуйн экстрим спортоор дэлхийн дээд амжилтыг эвдэхээр шийджээ. Тэрбээр дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байна. Тухайлбал,
-Австралийн баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 4200 км замыг хамгийн богино хугацаанд туулсан.
-Дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожо де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт дугуйгаар гарсан.
-Альпийн нурууг 100 мянган босоо метрийг 14 хоногийн дотор туулсан.
-Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайд явсан зэрэг амжилтын эзэн ажээ.
Монгол Улсад хийж буй түүний аяллын маршрут:
-Гараа – Боршоо хилийн боомт
-Увс аймгийн Улаангом сум
-Архангай аймгийн Цэцэрлэг хот
-Улаанбаатар хот
-Багануур дүүрэг
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот
-Бариа – Бичигтийн боомт
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Урлаг спорт
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно
Нүүдлийн соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Nomadic education” зуны хөтөлбөртэй зусланг хүүхэд багачууддаа зориулан Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн таван байршилд албан ёсоор нээж байна.
Тус зусланд 21 улсын 60 гаруй сургуулийн сурагчид хамрагдаж, язгуур соёлоо таньж анд найзууд болох юм.
"Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөрийн нээлт 2023 оны тавдугаар сарын 26-28-нд, нэгдсэн арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд болно.
Урлаг спорт
ДАШТ-ээс медаль хүртсэн бокс, жүдогийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Олимпын угтвар жилийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал, жүдо бөхийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтнууд болсон.
Түүнчлэн боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгө, Б.Мишээлт хүрэл медальтай ирсэн юм.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж, медальтны эгнээнд багтсан тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, боксын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар байлцав.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийгээс медаль хүртсэн тамирчдад баяр хүргээд, Парисын олимпын мөчлөгт тамирчдаа бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Боксын тамирчид зургадугаар сард Германд хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа бол жүдочид ирэх зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотноо зохиогдох Их дуулга тэмцээний бэлтгэлдээ ороод байна.
Урлаг спорт
“ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна
Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна.
Дэлхийн хотуудын урлагийн 7 хоног буюу “АRT WEEK” урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал, инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ART “FAIR 2023” буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа нь улс хэмжээнд олон нийтийг хамран өргөн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлогтой юм.
Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон салбар холбоод, нэгдлүүд, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах, урлагийн боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн, худалдаа нь 2023 оны 05 сарын 24-өөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийтийн дүрслэх урлагийн, гоо зүйн боловсролд зориулсан Хөрөг, Натур, Натюрморт зургийн өдөрлөг, Керамик болон Воркшоп өдөрлөг, Кино, фото зургийн өдөрлөг, Шог зургийн өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион байгуулна.
Энэхүү ART FAIR 2023 арга хэмжээ нь 2200 метр квадрат үзэсгэлэнгийн талбайд МУЭ болон дүрслэх урлагийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, 3 Дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэгдлээ.
Эх сурвалж: Соёлын яам
Сэтгэгдэл