Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв

Огноо:

,

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Тэдгээрт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттайгаар хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг 2020 оноос эхлүүлсэн юм.

Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулсан бөгөөд тус хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийж өгснөөрөө онцлог юм. Мөн Японы стандарт жишгийн дагуу хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүдэн бий болдог бохир шингэн зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгасан байдаг.  Харин Цагаан давааны хогийн цэгийг 2011 онд бий болгосон бөгөөд хотын зүүн болоод төвийн бүсийн айл өрх, аж  ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг томоохон хогийн цэг юм. Тус хогийн цэгт 2011-2020 онд 16 га талбайд 20 метр өндөр, 3.5 сая куб метр буюу 2.8 сая тонн хог хаягдлыг төвлөрүүлсэн байна.

НӨХӨН СЭРГЭЭСЭН ТАЛБАЙГ  ЦААШИД ХЭРХЭН АШИГЛАХ ТАЛААР Ч ЯРИЛЦАЖ БАЙГАА

Нарангийн энгэрийн хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр найман га, 2022 онд дөрвөн га, нийтдээ 20 га талбайг нөхөн сэргээгээд байгаа юм. Харин Цагаан давааны хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр дөрвөн га, 2022 онд хоёр га, нийт 10 га талбайг нөхөн сэргээжээ. Ландфил технологийн дагуу хийгдэж буй хог булах, газрыг нөхөн сэргээх ажлын явцын талаарх мэдээллийг газар дээрээс нь бэлтгэн хүргэж байна.

Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа:

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд нийт 30 га талбайн хогийг дарж булан, нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд Цагаан давааны хогийн цэгт хоёр га, Нарангийн энгэрийн хогийн цэг дээр дөрвөн га талбайд ландфил хийсэн. Цагаан давааны хогийн цэг нийтдээ 98 га талбайг эзэлдэг. Дахин хог хаях боломжгүй болтлоо дүүрсэн хэсгүүдэд нь ландфил технологиор хог булж, газрыг нөхөн сэргээж байна. Нөхөн сэргээсэн талбайг  цаашид хэрхэн ашиглах вэ гэдгийг ч ярилцаж байна. Хог булсан газрыг зүлэгжүүлж, ургамал тарьж буй хэдий ч барилга барьж, бүтээн байгуулалт хийх боломжгүй. Тиймээс хөл бөмбөгийн талбай болгон ашиглах зэрэг боломжит хувилбарыг ярьж байна. Гэхдээ хамгийн түрүүнд булсан хогноос ялгарч буй метан хийг байгальд хоргүй байдлаар шатаах талаар холбогдох төрийн байгууллагууд болоод гадаадын хөрөнгө оруулагч донор байгууллагуудтай ярилцаж судалж байгаа.

-Нийслэл Улаанбаатар хотын хувьд хог боловсруулах үйлдвэр хэзээ баригдах бол?

-Улаанбаатар хотын хэмжээнд Цагаан даваа, Нарангийн энгэрт Эко паркийн төлөвлөлтийг хийсэн. Төлөвлөсний дагуу олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйлдвэр баригдаж байгаа. Мөн хогийг эргэлтэд оруулж дахин боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгаа. Энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, газрыг нь олгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх бодлогыг барьж байна. Нарангийн энгэр, Цагаан даваанд хог ангилан ялгах, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, Морингийн даваанд хатуу хог хаягдлыг эргэлтэд оруулах чиглэлийн үйлдвэрүүдийг барьж байгуулахаар ажиллаж байна гэлээ.

ХОГ БУЛСАН ТАЛБАЙ АТАРШИЖ, ЭРҮҮЛ ГАЗАР МЭТ САЙХАН БОЛЖ БАЙНА

Цагаан давааны хогийн цэгийн нөхөн сэргээх ажлын гүйцэтгэгчээр "Улаанбаатар шинэчлэл" ХХК ажиллаж буй юм. Тус компанийн ерөнхий захирал М.Түвдэндорж:

-Улаанбаатар хотын ЗАА-тай хамтран сүүлийн гурван жилийн турш хогийг ландфилийн аргаар дарж булах ажлыг гүйцэтгэж ирлээ. 2020, 2021 онд хог дарж булсан талбайнууд маань ургамал ногоогоор хучигдсаныг та бүхэн харж байна. Энэ талбай жил ирэх тусам атаршиж, хогийн цэг байгаагүй, эрүүл газар юм шиг сайхан талбай бий болсон байна.

-Хог булах ландфилийн аргыг дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу. Хогийг хэдий хэр гүнд булдаг вэ?

-Хогийг газрын гүнд 60 см-ээс 1.2 метр, зарим хэсэгт 1.5 метр хүртэлх гүнд байгалийн хөрс нягтаршуулж, дээр нь 30-40 см хар шороо татаж, үр цацдаг. Гурван жилийн хугацаанд 10 га газрыг нөхөн сэргээгээд байна. Газрын гүнд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй метан хоолой, цооногийг гүнд 3-4 метрт суурилуулсан. Хог хаягдлыг жалга, гуу газарт ландфил технологиор дарж булж байгаа нь ирээдүй хойчдоо хийж буй буянтай үйл гэдгийг онцолмоор байна. Ер нь бол цаашдаа хогийг дарж булах биш боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй санагддаг гэсэн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо

Огноо:

,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 орны хүчин чадалтай.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги,  гал тогоо,  урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Набсан" ХХК гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Галт зэвсгийн албан татвар төлөгчдийн анхааралд

Огноо:

,

Галт зэвсгийн албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор орон нутгийн төсөвт төлнө. Галт зэвсгийн албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:
 
1. Өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;
 
2. Галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;
 
3. Албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ачаа тээвэр, тээвэр логистикийн чанарыг сайжруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж энэ онд Монгол Улс үндэсний төмөр замын сүлжээгээ 850 гаруй км-ээр өргөжүүлээд байгаа билээ. Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж, төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.

Энэхүү эрэлт хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, суурь бүтэц хооронд солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.11.28/ Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ хамтран зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт төмөр замын суурь бүтэц эзэмшигч “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК оролцож байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь  бүтэц болон “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2024 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Түүнээс гадна ачаа тээвэр, тээвэр логистикийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гарч буй хүндрэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд хэлэлцэж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох