Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ч.Улаан: Өнөөдрийн байдлаар гоц халварт өвчин гараагүй байна

Огноо:

,

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр  нар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай газар дээр нь танилцах, тогтоолын биелэлтийг шалгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий дөрвөн ажлын хэсгийг томилж, зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтрэлттэй, анхаарал татаж байгаа Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллуулсан. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Хэнтий аймгуудад 89-100 хувьтай байгаа бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудын өвс, тэжээлийн бэлтгэл 50-иас дээш хувьтай байна. Гэхдээ аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг Сэлэнгэ, Булган, Сүхбаатар аймгаас, тэжээлийг тэжээлийн үйлдвэрүүдээс худалдан авч байгаа талаар аймаг, орон нутгаас мэдээ ирж байна. Дорноговь, Өмнөговь аймгууд аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авах хөрөнгөө дансандаа бүрэн төвлөрүүлсэн байна. Нөөцийн өвс, тэжээл бэлтгэсэн үр дүнг 10 дугаар сарын  25-ны байдлаар нэгтгэн үзэхэд бүдүүн тэжээл 915.3 мянган тн, сүрэл 200 тн, хүчит тэжээл 27.4 тн, дарш 3240.7 тн, давс, хужир шүү 40,0 мянган тн-ыг нөөцөлсөн нь 70.0 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 62.4 хувийг бэлтгэжээ. Харин Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв аймаг өвс, тэжээл бэлтгэлийн мэдээг бүрэн гаргаагүй байна. Энэ жилийн ургац хураалтын урьдчилсан дүн мэдээгээр бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан болц гүйцээгүй нэлээд үр тариа ногоон тэжээлд шилжээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарлаа. Тухайлбал, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байна. Иймд дээрх аймгуудад малаа эдийн засгийн эргэлтэд түлхүү оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгч, хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5 сая, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 сая нийт 84.2 сая малыг 169.7 мянган малчин өрх маллаж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас бэлчээрийн даацтай уялдуулан авч үзэхэд 67.7 сая толгой  мал  өвөлжих  тооцоо гараад байгаа учир энэ оны үлдэж байгаа хугацаанд 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Нийслэл, аймгийн төвүүд, төв суурин газрын оршин суугчдын хэрэгцээнд бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлэх, аюулгүйн нөөц бүрдүүлэх, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн зохицуулалт, уялдаатайгаар зохион байгуулахад анхаарч байна. Бэлчээрийн даацаас хэтэрсэн 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг оновчтой зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой төдийгүй учирч болох байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Олон улсын цаг агаарын судалгааны байгууллагуудын мэдээлэл таамаглал, мал аж ахуйд ихээхэн хохирол учруулсан зудын давтамж 10 жилээр тохиож буй сургамж, хаврын сар эхлэх хугацаа ирэх оны 2 дугаар сарын сүүлээр тохиож буй зэргээс үзэхэд амаргүй сорилттой тулгарч болзошгүй байна. Учир иймд мал сүрэгтээ ангилан ялгалт, заазлалт сайн хийх, мал тарга тэвээрэг авсан энэ үед нь түлхүү хэрэгцээлэх, махны нөөц бэлтгэхэд аймаг, орон нутаг онцгой анхаарах нь зүйтэй байгааг Ч.Улаан сайд танилцуулгадаа дурдсан.

Түүнчлэн тэрбээр, Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас отроор өвөлжих малын судалгааг авч нэгтгэн үзэхэд, өөр аймгийн нутагт 3748 өрхийн 3.0 сая толгой малыг отроор өвөлжүүлэх, Өвөрхангай аймгийн 988 өрхийн 817 мянган мал отор нүүдэл хийхээс, Булган аймагт 494 өрхийн 408 мянга, Төв аймагт 247 өрхийн 204 мянга, Архангай аймагт 148 өрхийн 122 мянга, Баянхонгор аймагт 59 өрхийн 49 мянга, Өмнөговь аймагт 40 өрхийн 32 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байна. Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд нийт 7 аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх, хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 7 аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий нийт 13 аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх санал гарсан. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудийн орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулж, отроор малаа өвөлжүүлэх аймгуудын ХХААГ-т малын тооны хязгаарыг тогтоон өгч гэрээ байгуулан бэлчээрийн даацад тохирсон 600.0 орчим мянган хонин толгой малыг өвөлжүүлэх зохион байгуулалт хийж байна гэж байлаа.

Монгол Улсын нийт мал сүрэгт эрүүл мэндийн үзлэгийг бүх аймаг, сумын Мал эмнэлгийн газар, тасаг, нэгжээр дамжуулан 2019 оны 08-р сараас зохион байгуулж байна. Мал сүргийн эрүүл мэндийн үзлэгийн арга 66,0 сая толгой мал сүргийг хамруулж, 99,3 хувийн гүйцэтгэлтэй байна. Малын гадна шимэгчтэх өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх угаалгын арга хэмжээнд улсын хэмжээнд нийт 55,0 сая толгой мал сүргийг хамруулахаар төлөвлөснөөс 2019 оны 10-р сарын 18-ны байдлаар 45,4 сая толгой мал сүргийг хамруулаад байгаа нь 86,9 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, сэг, зэм, ариутгал, халдваргүйтгэлийн шуурхай арга хэмжээ зохион байгуулах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийг бүх аймгуудад томилон ажиллуулж байна. Мал, эмнэлгийн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт вакцинжуулалтын арга хэмжээнд 19 нэрийн вакцинжуулалтад 23.1 сая толгой мал хамруулахаас 19,89 сая толгой малыг хамруулж, 83,7 хувьтай хэрэгжиж байна.

2018 оны 06-р сараас хойш өнөөдрийг хүртэл гоц халварт өвчин гараагүй, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аймаг, сум байхгүй тайван байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Түүэчлэн мал аж ахуйн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг 11 дүгээр сард багтаан бүрэн хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дурдлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, Д.Эрдэнэбат, Д.Мурат нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар тодруулахын зэрэгцээ малаа гоц халдварт өвчнөөс сэргийлж, вакцинжуулсан эсэхийг тодруулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Засгийн газар онцгойлон анхаарч тусгай ажлын хэсэг байгуулахад анхаарах, нөөцийн мах бэлтгэхэд салбарын яам Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагатай хамтран  ажлын хэсэг байгуулан, хяналт тавьж ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат нар хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн талаар цогц бодлого боловсруулж, улстөржилгүйгээр Байнгын хороо, УИХ-аар хэлэлцээд цаашид тодорхой бодлого гарган ажиллах цаг нь болсон гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Батзориг, улсын төсвийн дэмжлэггүйгээр хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй гэдгийг тодотгоод тусгай сангуудын үйл ажиллагааг зоригтой дэмжиж, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд  салбарын яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд энэ асуудалд тусгайлан зарцуулах төсөв хөрөнгө мөнгө хуваарилаагүй тул яамны төсвийн хүрээнд аймаг, орон нутгийн ажлыг уялдуулах чиглэлээр асуудлыг шийдэж байгааг Ч.Улаан сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, одоогоор аймаг, бүс нутаг отор хүлээн авахыг зөвшөөрсөн гэрээ хийсэн асуудал алга. Бидний хувьд отрыг аймагтаа хийх, бүс нутаг дамжуулж отор нүүдэл хийхгүй байх бодлого барьж байна. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд нийт найман сая  мал аймгаасаа гарч оторлох шаардлагатай байна гэж байлаа.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Сауле хариултдаа, шүлхийн вакциныг 10,5 сая толгой малд хийх шаардлагатай байна. Гэхдээ баруун бүсэд шүлхийн вакцин хийгээгүй бөгөөд зүүн болон говийн аймгуудын малд буюу хилийн захаасаа дотогшоо түрсэн бодлогыг баримталж байна. Нэг дэх тунг бүрэн хийж дуусаад хоёр дахь тунг хийж эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор шүлхий дэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байгааг дурдав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.

Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.

Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.

“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.

Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох