Шударга мэдээ
Нийслэлийн хэмжээнд 245 автобусаар сурагчдад үйлчилнэ

Монгол улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан. Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна.
Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх төслийг 2022-2023 оны хичээлийн жилд дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр НЗДТГ, “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулж эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх юм. Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургууль, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ. Автобусны маршрутыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг бөгөөд нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй юм.
Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ. “Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа юм. Тодруулбал: Төрийн өмчийн 37 сургууль 41 автобус, төрийн бус өмчийн 65 сургууль 179 автобусаар сургуулийнхаа сурагчдад үйлчилнэ.
Шударга мэдээ
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа
ОБЕГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/383 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалт явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа.
Шинэчлэн боловсруулсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам” нь 6 бүлэг, 32 зүйл, 25 хэсэгтэй бөгөөд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дүгнэх үзүүлэлт”-ийг хавсралтаар боловсруулсан.
Журамд шинээр бэлэн байдлын үзлэг зохион байгуулах 12 чиглэлийг өөрчлөн, үзлэг зохион байгуулагч, үзлэгт хамрагдагчийн эрх, үүргийг шинээр тусгаж, үзлэг зохион байгуулахад 100 хүртэл хувиар үнэлгээ өгч дундаж оноог гаргахаар тогтоож, оноо өгөх шалгуурыг боловсруулсан гэдгээрээ онцлог юм.
Энэхүү журам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба болон орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах зорилготой гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилга, стандарт бус хашааны улмаас явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд ихээр зорчдог. Иймд нийслэлийн удирдлагууд Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хашааг татуулж, явган зам тавихаар зөвшилцөн, явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор явган хүний замыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтуудын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын дагуу арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Зөвшилцлийн хүрээнд эхлүүлсэн уг ажилд долоон аж ахуйн нэгж өртөж буй бөгөөд газар чөлөөлөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай” гэлээ.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Газар чөлөөлөн явган хүний зам тавих ажилд нийт 300 метр орчим талбай өртөж буй. Одоогийн байдлаар 150 метр талбайг бүрэн чөлөөлсөн бол 50 метр талбайд шороон дүүргэлт хийсэн. Үлдсэн 100 метр орчим талбайд “Вега сити” хотхоны зүгээс хамгаалалтын хашааныхаа угсралтыг хийж дуусахаар шороон дүүргэлтийн ажлыг эхлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түр хүлээлтийн байдалтай байгаа. Мөн хугацаа алдахгүй байх үүднээс газар чөлөөлөлт хийсэн талбайд Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас угсралтын ажлыг хийж байна” хэмээв.
Түүнчлэн барилга барьж буй компаниуд барилгын ажлаа дуусгасныхаа дараа тухайн замуудын гадна тохижилтын ажлыг стандартад нийцүүлэн ахин засна гэдгийг албаныхан онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл