Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Э.Хүрэлбаатар: Хөшигийн хөндийн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийг олон улсын архитекторуудад танилцуулна

Огноо:

,

Азийн архитекторуудын  FORUM – 21  олон улсын  чуулга уулзалтыг “ Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвээр 9 дүгээр сарын 4-нөөс 9-нд Улаанбаатар  хотноо зохион байгуулна. Олон улсын арга хэмжээг зохион байгуулж байгаа  Монголын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат барилгачин, Зөвлөх архитектор Э.Хүрэлбаатартай ярилцлаа.

- Хот байгуулалт Монгол Улсын хувьд маш чухал, тулгамдсан, шийдвэрлэх олон асуулттай сэдэв. Энэ талаар олон улсын шилдэг архитекторууд хуран цуглаж “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн дор ярилцах гэж байгаа нь олзуурхууштай хэрэг.  Олон улсын энэ байгууллагын талаар товч танилцуулах уу.

- Даян дэлхийн XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасаны дагуу том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай ажиллах, амьдрах нөхцлийг бий болгоход дэлхийн улс орнууд хамтдаа анхаарал хандуулж буй цаг үед “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн дор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болж байна.

Юуны өмнө Азийн архитекторуудын  бүсийн зөвлөл буюу ARCASIA-ийн талаар тодруулах нь зөв байх. Азийн архитекторуудын бүсийн зөвлөл нь тус бүс нутгийн 22 улсын архитекторуудын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, гишүүн институт бүрийн бүс нутгийн хөтөлбөр, хамтын ажиллагааны өргөтгөл болон ажилладаг мэргэжлийн байгууллага юм.  

Энэ байгууллагын гишүүнээр Монгол улс, Монголын Архитекторуудын Эвлэл 1991 онд, ОУ-ын архитекторуудын эвлэлийн гишүүнээр 1963 онд элссэн ба идэвхитэй хамтран ажилладаг.  65 жилийн түүхтэй Монголын Архитекторуудын Эвлэл олон улсын олон арга хэмжээг эх орондоо үр ашигтай зохион байгуулж ажилласан.

Азийн энэ байгууллагын нэг чухал арга хэмжээ нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг чуулга уулзалт юм. Азийн барилга, архитектурын хөгжлийн үзэл санаа , бодлогыг, томоохон төсөл хөтөлбөрийг мэргэжлийн өнцгөөс нь  хэлэлцдэг тус бүс нутгийн архитектур, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд “оюун санааны хөшүүрэг” болох зорилготой нэрт архитекторууд, сэтгэгчдийн цугларалт юм.

Анхны уулзалт 1982 онд Шри Ланка улсад зохион байгуулагдаснаас хойш 21 дэх удаагийнх нь Улаанбаатарт хэдхэн хоногийн дараа чуулах гэж байна.  Олон улсын арга хэмжээг зохион байгуулах  эрхийг авах шалгаруулалтанд  Монголын Архитекторуудын Эвлэл 2020 онд өрсөлдөж 2021 оны 9 дүгээр сард шалгарч албан ёсны зохион байгуулах эрхийг авсан.  

Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Захирамж гаргаж  Олон улсын арга хэмжээг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын  хэсэг байгуулсан.

Бэлтгэл ажлын цаг үед дэлхий нийтийг хамарсан Ковид -19 цар тахлын болон эдийн засгийн хямралын үе таарсан амаргүй цаг үед  Ажлын хэсэг сайн ажиллаж, мөн архитекторууд, салбарын хамт олны дэмжлэг туслалцаатайгаар  бэлтгэл маш сайн хангагдаад байна.

- Монголын Архитекторуудын эвлэл Азид төдийгүй дэлхийн хэмжээнд нилээд нэр хүндтэй байгууллага гэж сонссон. Та энэ эвлэлийн Ерөнхийлөгчөөр  хэдэн жил ажиллаж байна.

- Монголын архитекторуудын эвлэл 66 жилийн түүхтэй байгууллага. Манай эвлэл их хурлаараа Ерөнхийлөгчөө, удирдах зөвлөлөө сонгодог. Миний хувьд  2009 онд анх сонгогдоод, 2 удаагаа улиран сонгогдсон,  13 дахь жилдээ ажиллаж  байна.

Монголын архитектур, хот байгуулалтын үйл ажиллагаанд түүчээлэн оролцдог архитекторуудыг эгнээндээ нэгтгэсэн ОУ-ын архитекторуудын байгууллагын гишүүн, нийгэмд үйлчилдэг, архитекторуудыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг, дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага.

- Чуулга уулзалт нилээд амаргүй цаг үед болж байна. Нисэх онгоцны буудал даган хөгжих шинэ хотын төлөвлөлтийг хэлэлцэнэ гэв үү.

Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улс тогтвортой хөгжлийг бий болгох  зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, дунд хугацаанд баримтлах “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын баримт бичгүүдийг баталж, түүний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн “Шинэ Зуунмод” хотыг иж бүрнээр цогцлоох төлөвлөлт, бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд бид ирээдүйн тогтвортой хот байгуулалтын дэвшилтэд загваруудыг боловсруулахаар  “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” гэсэн өргөн хүрээний сэдвээр ярилцаж олон улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллана.

Мөн энэ удаагийн чуулга уулзалт цар тахлын улмаас хоёр жил гаруй зогсонги байсан ARCASIA-ийн үйл ажиллагааг сэргээх, өнөөгийн болон шинээр үүсч буй сорилтуудыг шийдвэрлэхэд архитектурын шинэлэг санаа , шийдлүүдийн талаар санал бодлоо солилцоход ихээхэн хувь нэмэр болно.

Монголын хот байгуулалтын өнөөгийн байдалтай олон орнуудын архитекторуудыг танилцуулж, том хотуудын тулгамдсан асуудлыг хэрхэн даван туулж байгаа,  дагуул хотуудыг хөгжүүлэхэд чиглэсэн тогтвортой хот байгуулалт , төлөвлөлтийн хэтийн төлөвийг тодорхойлох талаар тэдний зөвлөлгөө, зөвлөмжийг сонсох, туршлагаас хуваалцах зэрэг өргөн ач холбогдол бүхий арга хэмжээ болно.  Чуулга уулзалтыг биетээр болон цахимаар  гэсэн холимог хэлбэрээр  зохион байгуулах юм.

 Мөн энэ үеэр Азийн архитекторуудын дунд зарласан Архитектурын шилдэг бүтээлийн 2022 оны уралдаанд оролцсон, шалгарсан шилдэг бүтээлүүд,  Монголын барилга хот байгуулалтын салбарын ололт, архитекторуудын бүтээл, томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулсан олон улсын үзэсгэлэнг Мишээл экспо-д 2 хоног гарна.

- Хот байгуулалтын арвин туршлагатай улс орнуудын шилдэг архитекторууд  арга туршлагаа  солилцох  чуулга уулзалтанд манай улс яг ямар асуудлыг танилцуулж, гаргалгаа шийдэл хайх  гэж байна вэ.

- Дэлхийн 140 орны 3,2 сая архитекторуудыг төлөөлөх Олон улсын Архитекторуудын  эвлэлийн Ерөнхийлөгч Jose Luis Кортес анх удаа Монголд ирж байна.  Мөн ОУАЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч нар ч хамт ирнэ. Азийн 22 орны архитекторуудын байгууллагуудын удирдлагууд, төлөөлөл 150 гаруй архитекторууд  ирж байна.

Япон, Хятад, БНСУ, Энэтхэг Монгол зэрэг орны олон улсад нэр хүндтэй архитекторууд, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хот төлөвлөлтийн өнөөгийн шилдэг туршлага, хэтийн төлөв , чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орон, бүс нутаг, олон улсын хэмжээнд архитекторуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцох юм. Мэргэжлийн 5 хорооны хурал болно.

Түүнчилэн орчин үеийн хот байгуулалтын дэвшилтэт арга, шинжлэх ухаан, техник, цахим технологийн ололт амжилтуудыг ашигласан хот төлөвлөлт , хот байгуулалтын хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон улс орнуудын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр сайн туршлагын талаар санал бодлоо хуваалцаж, оновчтой шийдэл, санаа, зөвлөмжүүдийг  гаргасан үр дүнтэй арга хэмжээ болно.

Монгол Улсын хувьд Хөшигийн хөндийд баригдсан Олон улсын шинэ нисэх буудлыг дагасан хот байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж  бүс нутгийн орнуудын сайн туршлагыг судлан суралцахын зэрэгцээ нэн хурдацтай явагдаж буй хотжилт болон цаг тутам өөрчлөгдөн буй өнөөгийн  дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулах арга замуудын талаар  санал бодлоо хуваалцах юм.

Монгол Улсад зохион байгуулахад нягт хамтран ажилласан Азийн архитекторуудын Бүсийн Зөвлөлийн 2022 оны удирдах бүрэлдэхүүн, уралдаан тэмцээний шүүгч нар, монголын архитекторууд болон дэмжлэг туслалцаа үзүүлсэн Барилга, хот байгуулалтын сайд, Соёлын яам, Улаанбаатар хотын захирагч, төр засгийн болон бусад түнш байгууллагууд, ивээн тэтгэгч компаниуд, хувь хүмүүс зэрэг бэлтгэл ажилд оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох