Цаг үе
“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчилнэ

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эхлүүллээ.
"Google street view"-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулснаар интернэт хэрэглэгчдэд Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх юм.
Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төсөл нь анх 2014 оноос хэрэгжиж эхлэн, өнөөдөр ийнхүү төслийн хоёрдугаар шатны нээлтийг хийж байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий дахинд Улаанбаатар хотыг төдийлөн сайн мэдэхгүй, нүүдлийн аж ахуйн үеэр төсөөлөх нь бий. Энэ ойлголтыг залруулж, уламжлал, шинэчлэлийг хослуулж буй Улаанбаатар хотын хөгжил болон монгол өв соёл, уламжлалаа зөв сурталчлан таниулахын тулд мэдээ мэдээллээ ямагт үнэн зөв оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг зөв зүйтэй, шуурхай оруулж чадвал жуулчдын тоог ч мөн нэмэгдүүлэх боломжтой. Иймд техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Хотын даргын зүгээс бодлого, шийдвэрээр дэмжин ажиллах болно” хэмээн өгүүллээ.
“Google” төслийн хүрээнд 2014 оноос эхлэн Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг 360 градусын өнцгөөр авч, “Google street view”, “Google map”-д оруулсан аж. Гэвч түүнээс хойших 7-8 жилд Улаанбаатар хотын дүр зураг ихэд өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураглал хуучирсан тул шинэчлэх шаардлагатай болсон юм.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий уг төслийн тухайд хэлэхдээ “Google-ээс Монгол Улс болон Улаанбаатар хотын тухай мэдээлэл хайхад үнэн зөв, бодит мэдээ мэдээллүүд зөвхөн бичвэр байдлаас гадна зураг, дүрс бичлэг хэлбэрээр гарч ирдэг байх хэрэгтэй. Нийслэлийн бүх гудамж, замын зургийг шинэчлэн оруулснаар иргэд шинээр бий болсон авто замын сүлжээг интернэтээр харах боломжтой болно. Ингэснээр түгжрэл ихтэй үед явах дөт, ачаалал багатай замыг харж, хайх боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн зураглалыг шинэчлэхдээ гудамж, талбай, байгууламжаас гадна барилга доторх зургийг оруулна. Ялангуяа төрийн үйл ажиллагаа иргэдэд ойр, ойлгомжтой, нээлттэй байх үүднээс төрийн бүх байгууллага хаана, аль барилгын, хэдэн давхарт байгааг харах боломжтой байдлаар оруулахаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын зураглалыг авахдаа "Барс моторс" ХХК-аас хандивласан, Монголын хамгийн анхны цахилгаан машин ашиглах бөгөөд уг машин нь нэг цэнэглэлтээр 300 км явах хүчин чадалтай. Ингэснээр маш бага зардлаар нийслэлийн 10,000 км замын зургийг авах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс “Google street view”-д 2014 оны аравдугаар сард нэгдэж, тус платформд нэгдэж орсон 61 дэх улс нь болсон билээ.
Цаг үе
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан илгээгээрэй
Та хялбаршуулсан горим ашигласнаар жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө.
Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
Дараах албан татвар төлөгч ААНОАТ-ын тухай хуулийн 29.1-д заасан хүсэлт гаргахгүй:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч;
2.Доор дурдсан үйл ажиллагаа эрхэлдэг албан татвар төлөгч:
- ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
- согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох;
- тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
- газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
Хялбаршуулсан горимд бүртгэх
Хуульд заасан шаардлагыг хангасан татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг харьяалах татварын албаны татварын улсын байцаагч хянаж, хүлээн авснаар хялбаршуулсан горимд шилжүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Хялбаршуулсан горимоос гарах
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр /Үйл ажиллагааны орлогын дүн 50 сая төгрөгт хүрч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн бол/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3.2-т заасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс.
Хялбаршуулсан горим ашиглан тайлагнах орлогыг тодорхойлох
- Татвар төлөгч нь хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргаж байгаа тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.9-д зааснаар үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж 1 хувийн албан татвар ногдуулна.
- Хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх тухай бүрдээ цахим төлбөрийн баримтыг олгоно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчийн
- бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
- төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого;
- техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;
- үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
- дээрхтэй адилтгах бусад орлогын нийт дүнгээр тодорхойлно.
Сэтгэгдэл