Цаг үе
Хөдөө аж ахуйг хамгаалах замаар хүнсний тогтолцоог өөрчлөх хүрээнд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Өмнөдөөс Өмнөд дэх хөгжлийн экспогийн салбар хурал болох “Өмнөд дэх тогтвортой хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуйн хамгаалах аргыг хөгжүүлэх замаар хүнсний тогтолцоог өөрчлөх нь” хуралдаанд оролцож дээрх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцууллаа.

Монгол Улсад НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) - БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн болон гурван талт хамтын ажиллагааны хүрээнд 2010-2016 онд хэрэгжсэн тус хөтөлбөрөөр мал аж ахуй, газар тариалан, тэр дундаа хүлэмжийн аж ахуй, туслах аж ахуй, зөгий болон загасны аж ахуй зэрэг олон салбарт шинэлэг туршлагыг нэвтрүүлсэн. Хөтөлбөр нь өмнөдийн улс орнууд дунд загвар тогтоосон сайн туршлага болсныг талууд онцоллоо.
НҮБ-ын ХХААБ-аас бусад улс орнуудад хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилгоор хамгаалах аргыг онцлон хэрэгжүүлдэг. Энэхүү арга нь хөдөө аж ахуйд инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэлийг илүү байгальд ээлтэй болгох, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Үүгээрээ давуу талтай. Ази, Номхон Далайн бүсэд Хятад, Энэтхэг улсад хөдөө аж ахуйг хамгаалах аргыг түлхүү нэвтрүүлж байгаа бөгөөд НҮБ-ын ХХААБ-аас бусад орнуудад мөн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Хөдөө аж ахуйг хамгаалах арга нь хөрсний эрүүл мэнд, хөрс хамгаалахад голчлон анхаарч тус салбарт техник эрчимтэй нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог. Тус хөтөлбөрөөр Хятадад хэрэгжүүлж буй хамгийн сайн туршлагуудыг бусад оронд нэвтрүүлэхдээ тухайн орны нөхцөл, орчинд тааруулдаг бөгөөд одоогоор Дэлхийн Өмнөдийн орнуудад амжилттай хэрэгжиж байна. ХАА-н механикжуулалт, инновацыг сайжруулснаар салбарын бүтээмж нэмэгдэхээс гадна хөдөлмөр хөнгөвчлөх, үйлдвэрлэлийн зардлыг багасгах, салбарт шинээр орох залуусын тоог урт хугацаанд нэмэгдүүлэх сайн талтай гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

