Шударга мэдээ
“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 415 хүүхдийн нэр тодорлоо

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.
Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангах юм.
Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.
Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар баталгаажуулан, нийт 415 хүүхдийн нэрийг зарлаж байна.
Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.
Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.
Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ.
Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 415 хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгнө.
Жагсаалтад багтсан хүүхдүүд дараах хаяг, утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
МУИС-ийн II байр 307 тоот. 99949945
ШУТИС-ийн I байр 217 тоот. 99096021
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай танилцана уу.
https://legalinfo.mn/mn/detail/16231249213641
Шударга мэдээ
“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын гаргаж буй дараах нөхцөлтэй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Бондын нэр: Улаанбаатар бонд
Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг
Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%
Бондын хугацаа: 24 сар
Бондынхүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд
Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Шударга мэдээ
Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-аас мэдээллээ.
Шударга мэдээ
Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлана
Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.
Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.
Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.
Сэтгэгдэл