Цаг үе
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил буурчээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал өнгөрсөн 14 хоногт нийслэлийн хэмжээнд гэм хэрэг, зөрчлийн байдал ямар байсан талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ:
"-Нийслэлийн Засаг даргын “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Баянзүрх, Хан-Уул, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Хэрлэн, Туул гол дагуу иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгууллаа. Голын эрэг дагуу амарч, зугаалахаар зорчсон 1050 иргэн, 550 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан есөн хүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан. Түүнчлэн Экологийн цагдаагийн алба, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүд Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газартай хамтран хяналт шалгалт, тандалтын ажлыг хоёр сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд шалган бүртгэх 10 товчоонд цагдаагийн 64, онцгой байдлын 27, мэргэжлийн хяналтын 33, мал эмнэлгийн 22 алба хаагч, ажилтан 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй юм. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот руу орсон 7650, хотоос гарсан 6775 тээврийн хэрэгсэл, 63305 иргэнийг шалгахад нойтон тарваганы мах нэвтрүүлэхээр завдсан хоёр зөрчил илэрсэн. Хураагдсан гурван ширхэг тарваганы махыг холбогдох албанд шилжүүлээд байна" хэмээн мэдээллээ.
Гэмт хэрэг зөрлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн оюутан, сурагч, хүүхэд багачуудад мэдээлэл өгч, зааварчилгаа хүргэсэн байна. Ерөнхий боловсролын 184 сургууль, 182 цэцэрлэг, 15 их, дээд сургууль, 5 албан бус насан туршийн боловсролын төв, 12 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, есөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна, дотор нийт 8167 хяналтын камерын үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдал, бичлэг хадгалалт нь стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьсан. Ерөнхий боловсролын 22 сургууль, 19 цэцэрлэг, гурван их дээд, сургуулийн нийт 177 камерыг засуулах шаардлага хүргүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3493 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 36.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд олон нийтийн газарт зүй бусаар авирласан зөрчил 72 хувиар, танхайрах зөрчил 66.1 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил 71 хувиар тус тус буурсан байна.
Харин Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд хэлэхдээ “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж замын хяналт шалгалтаар нийтдээ 40505 зөрчил, камерын хяналтаар 35569 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1073, согтуугаар зам тээврийн осол гаргасан 23 жолоочийг илрүүлсэн” гэсэн юм.
Цаг үе
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан илгээгээрэй
Та хялбаршуулсан горим ашигласнаар жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө.
Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
Дараах албан татвар төлөгч ААНОАТ-ын тухай хуулийн 29.1-д заасан хүсэлт гаргахгүй:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч;
2.Доор дурдсан үйл ажиллагаа эрхэлдэг албан татвар төлөгч:
- ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
- согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох;
- тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
- газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
Хялбаршуулсан горимд бүртгэх
Хуульд заасан шаардлагыг хангасан татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг харьяалах татварын албаны татварын улсын байцаагч хянаж, хүлээн авснаар хялбаршуулсан горимд шилжүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Хялбаршуулсан горимоос гарах
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр /Үйл ажиллагааны орлогын дүн 50 сая төгрөгт хүрч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн бол/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3.2-т заасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс.
Хялбаршуулсан горим ашиглан тайлагнах орлогыг тодорхойлох
- Татвар төлөгч нь хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргаж байгаа тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.9-д зааснаар үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж 1 хувийн албан татвар ногдуулна.
- Хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх тухай бүрдээ цахим төлбөрийн баримтыг олгоно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчийн
- бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
- төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого;
- техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;
- үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
- дээрхтэй адилтгах бусад орлогын нийт дүнгээр тодорхойлно.
Цаг үе
О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж, уулзахыг хориглох арга хэмжээг хүчингүй болгожээ
Цаг үе
“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий нүүрс борлууллаа
-
Шударга мэдээ2021/10/11
“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийн хэрэглээг өрг...
-
Цаг үе2020/06/27
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Цаг үе2021/01/07
Д.Наранзул: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө тусгаарлан 1...
-
Цаг үе2021/08/02
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Сэтгэгдэл