Улстөр нийгэм
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид МҮОНРТ-д зочиллоо
МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Манай хоёр орны сэтгүүлчдийн байгууллага 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тухайлбал, 2019 онд хоёр орны сэтгүүлчдийн анхдугаар форумыг зохион байгуулж байсан билээ. Тэгвэл "Ковид-19" цар тахлын улмаас завсарлаад байсан хоёр байгууллагын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар МСНЭ-ийн удирдах зөвлөл болон БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл зөвлөлдөж, уулзалт зохион байгуулсан.
Харин 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар болон бусад удирдлагын хамт Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй танилцлаа.
Тодруулбал, БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун, дэд ерөнхийлөгч Гү Ён Шиг, Ким Хе Вон, Им Вон Шиг, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Ким Сан Хён тэргүүтэй төлөөлөгч, МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар болон удирдлагын багийг МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга С.Наранбаатар угтан авч, авч МҮОНТ-ийн “Монголын мэдээ” суваг, “Студи-600”, МҮОНР-ийн “Цагаан лавай” студи болон уран бүтээл, үйл ажиллагаагаа танилцуулав.
Дараа нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Үндэсний зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг дээрх төлөөлөгчдийг хүлээн авч туршлага солилцох, хамтран ажиллах чиглэлээр ажил хэргийн уулзалт хийлээ.



Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Үзэл бодол2022/09/23
С.Бямбацогт: Цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуддаа баярлалаа
-
Цаг үе2020/02/18
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Цаг үе2026/02/27
Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийснээ хэлэлцлээ
-
Шударга мэдээ2026/06/30
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх...
