Улстөр нийгэм
Г.Мөнхцэцэг: Соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллана
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр соёл, урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Мөн салбарын сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүстэй уулзаж энэ салбарын тулгамдсан асуудал, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцлаа. Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Соёлын салбараасаа гар татдаг төр улс гэж хаана ч байдаггүй. Соёлын бодлого бол тухай улс орны өв түүхийн хэлхээг улам батжуулж байдаг нэгэн цөм хүрд. Монгол Улсын соёл, урлагийн өв, дархлаа бол үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын язгуур үндэс. Соёл урлагийн байгууллагаар дамжуулан бүтээлч үйлдвэрлэл өрнөж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл гэж миний хувьд ойлгодог. Тиймдээ ч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог тэргүүлж байгаа хүний хувьд энэ салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гол бодлогод анхаарах ёстой гэж үздэг” хэмээлээ.
2022 оны улсын төсөвт, Соёлын яаманд 155 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч, хоёр удаагийн төсвийн хэмнэлт болон тодотголоор 50 гаруй хувийг нь танаж 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгасан гэдгийг сайд Ч.Номин танилцуулсан юм.
Мөн өдөр Байнгын хорооны дарга Дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музейн сэргээн засвар, тохижилтийн ажилтай газар дээр нь танилцлаа. 2023 оны төсөв хэлэлцэж эхлэх гэж байгаа энэ үед соёлын салбарт тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг Соёлын сайд Номин болон албаны бусад хүмүүстэй ярилцав. Соёлын байгууллагуудын томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн гэдгийг Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг дурдаад үүнийг урагшлуулахын тулд бодлогын зөв тохируулга чухал гэдгийг онцоллоо хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Улстөр нийгэм
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ.

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ.


