Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

НББХ-ны дарга П.Анужин НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга П.Анужин, Монголд 50 жил гаруй үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын Хүүхдийн сан хүүхэд бүрт тэгш хөгжих боломжийг олгоход онцгой анхаарч ирсэнд талархал илэрхийллээ. Эрхэм гишүүн УИХ-аас хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан юм. 2022 оноос хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-иар байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхаар зохицуулсан, улсын төсөвт хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулах төсвийг жил бүр нэмэгдүүлсээр ирсэн гэдгийг дурдаад цаашид хүүхэд хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцоллоо. 

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль ерөнхий боловсролын сургуулийн байршил, өмчийн хэлбэр, өрхийн орлого, эрүүл мэнд, иргэншлийн ялгаатай байдлаас үл хамааран суралцагчдад үдийн хоолны үйлчилгээг тэгш хүргэж, тэдний эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх, өсөлт бойжилт, суралцах идэвхийг дэмжих, сургалтын чанарыг дээшлүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих зэрэг чухал ач холбогдолтой гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон. Энэхүү хуулийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт боловсруулах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа дурдаад, тус ажлын хэсгийн шаргуу ажилласаны үр дүн гарч нэг хүүхдийн үдийн хоолонд 900 төгрөг зарцуулдаг байсныг 1500 төгрөг болгон нэмэгдүүлж чадсан, цаашид дотуур байранд амьдарч байгаа сурагчдын өдрийн хоолны зардлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан цаг зав гарган хүлээн авч уулзсан Байнгын хорооны даргад талархаж буйгаа илэрхийлээд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дээд удирдлага 09 дүгээр сарын 07-ны өдөр болсон хурлаараа 2023-2027 онд ажиллах таван үндсэн чиглэлийг баталсан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улсад Эрүүл мэнд, Боловсрол, Хүүхэд хамгаалал, Цаг уурын өөрчлөлт, Нийгмийн оролцооны гэсэн таван чиглэлд түлхүү анхааран ажиллахаар төлөвлөсөн гээд, Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд эх нярайн эндэгдлийг бууруулах, хүүхдийн хоол тэжээл, халдварт өвчлөлөөс сэргийлэх тарилга, эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, уялдаа холбоог сайжруулах, теле эмнэлгийн төсөл зэрэг багтаж байгааг дурдлаа. Цаашид хүүхдийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарч ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.

Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.

Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.

“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.

Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох