Улстөр нийгэм
Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулган боллоо

Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачлан Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 60 орчим сэтгүүлч оролцов.
Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, ахмад сэтгүүлчдийн санал санаачилга, үр нөлөөг сэтгүүл зүйн салбарт нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Энэхүү шаардлагыг ажил хэрэг болгох, манлайлал үзүүлэх нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн зорилго. Иймээс энэ удаагийн чуулга уулзалтаар “Ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх нь” үндсэн илтгэлийг МСНЭ-ийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Ууганбаяр тавьж хэлэлцүүлэв.
Мөн “Хариуцлагатай сэтгүүл зүйн асуудал, Ахмад залуу үеийн хамтын ажиллагаа” сэдвээр ахмад сэтгүүлч Ц.Сүхбаатар илтэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. “Ярьдаг сэтгүүл зүй, редакторын үүрэг, ёс зүйн нөлөө” илтгэлийн ахмад сэтгүүлч Л.Мөнхтөр тавив. Дээрх илтгэлүүд нь сэтгүүл зүйд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд ахмад сэтгүүлчдийн оролцоо, санал санаачилгыг хангахад чиглэж байна. Тэр дундаа ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх хэлбэрээр редакторлох арга зүйг залуу, хойч үедээ төлөвшүүлэхэд анхаарах юм.
МСНЭ-ийн дэргэд ахмадын хороо байгуулав. Ахмадын хорооны даргаар Б.Энхтуяаг томилов. Энэхүү зөвлөл нь уг чуулганаас гарсан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах, МСНЭ-ийн үндсэн үйл ажиллагааг ахмад сэтгүүлчидтэй холбох ажлыг эрхлэн явуулна.
Мөн Ө.Отгонбаатар Ерөнхийлөгчийн санаачилгаар ахмад сэтгүүлчдээс бүрдсэн Редакторын дэд хороо байгууллаа. Энэхүү дэд хороо нь сэтгүүл зүйд дутагдаж буй редакторын ёс зүй, хэм хэмжээг тодорхойлж, шаардлагатай редакциудад сургалт өгөх зэргээр үйл ажиллагаа явуулна.
МСНЭ нь редакциудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд ахмад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж буй юм.
Цаашид ахмад болон дунд үеийн сэтгүүлчдийн оролцоотойгоор залуу сэтгүүлчдийг мэдлэгжүүлэх, чадавхжуулах чиглэлд хэд хэдэн санал санаачилгыг гарган ажиллахаар төлөвлөжээ гэж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав
АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв.
Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн “замын зураглал” болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.
Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов.
Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа.
Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм.
Улстөр нийгэм
Серби улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад Харилцааны сайд Ивица Дачичтай уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ есдүгээр сарын 20-ны өдөр Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай НҮБ-ын Төв байранд уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, харилцан ашигтай салбаруудад харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв.
Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол, Сербийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт Белград хотноо амжилттай болсонд сэтгэл ханамжтай байгаагаа мөн илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, энэхүү бодлогын хүрээнд экспортын чиг баримжаатай эдийн засгийг төлөвшүүлэх, улмаар гуравдагч улсын зах зээлд бараа бүтээгдэхүүний гаргахад онцгой анхаарч байна гэв.
Монгол, Сербийн худалдааны нийт эргэлтийн хэмжээ боломжит түвшнээс харьцангуй бага байгааг онцолж, худалдааны харилцааг идэвхжүүлэх чиглэлээр хамтын зорилго тавьж, хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, “Дэлхийн тусгай экспо 2027/28” арга хэмжээг Белград хотноо зохион байгуулах болсонд баяр хүргээд Серби Улс уг экспог амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.
Улстөр нийгэм
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.
Хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК ажиллаж байна.
Ерөнхий сайд дараа нь Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна.
Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ.
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.

-
Үзэл бодол2021/12/21
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ...
-
Улстөр нийгэм2021/06/14
Хөл хорио тогтоосон аймаг, сумууд
-
Шударга мэдээ2019/07/05
Мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
-
Улстөр нийгэм2022/09/29
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг а...
Сэтгэгдэл