Улстөр нийгэм
УИХ: Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсаныг тэмдэглээд олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байгааг онцолсон.
Түүнчлэн 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ гэж байв.
2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байгаагаа Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа тодотгосон.
Мөн тэрбээр, ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад оруулна. Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье гэж байлаа.
Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ. Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна. “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлоод хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг тодотгож байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жилд онцгой анхаарал хандуулна. Эрүүл хүнс бол эрүүл Монгол Улс бүрдэх суурь нөхцөл төдийгүй экспорт нь 92 хувь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд төрөлжин хөгжих боломж бүхий эдийн засгийн хоёрдахь том салбар билээ. Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гуравдахь том салбар гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан.
Мөн ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байгаагаа онцлохын зэрэгцээ чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна гэж байлаа.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн тодотгоод Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэдгийг онцлов.
Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм. 2022 оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулан, өргөн барьж байна. Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
Дараа нь Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлагыг 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37,6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий хасах 2,8 хувьтай тэнцэхээр төсвийн төсөлд тусгасныг дурдаад төсвийн алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар 1.0 их наяд төгрөг, Засгийн газрын зээлээр 417.5 тэрбум төгрөг, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс 132.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр нөхөхөөр тооцсоныг онцлов.
Төрийн аудитын байгууллагын Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн дүгнэлтэд, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтүүд нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа ч өргөн барьсан төсөв урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилттой уялдахгүй байх, төсвийн удирдлагын зарчим алдагдах эрсдэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгааг дурдсан байлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор, улс орны гадаад дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байгааг аудитын дүгнэлтэд дурдсаныг онцлоод төсвийн төсөлд тусгасан зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжих боломж, нөхцөлийг үндэслэлтэй судалж, ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн, үр ашиг, үр дүнгүй болох эрсдэлтэй байгааг анхааруулсан.
Түүнчлэн төсвийн төсөл нь үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлж, дүгнэх шаардлага бий болсон бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэх горим тогтолцоо төлөвшөөгүй, арга зүй, нарийвчилсан аргачлал, шалгуур үзүүлэлт тодорхойгүй байгаа тул дүгнэлт гаргахад хүндрэл учирч байна. Иймд төсвийн төслийг үндэсний аюулгүй байдлын бодлогод хэрхэн нийцүүлэх арга замыг тодорхойлж, баталгаажуулах шаардлагатай байгааг дүгнэлтэд дурдсан байлаа.
Хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн салбарын төсвийг инфляц, валютын ханш, үнийн өсөлттэй уялдуулан төсвийн төсөлд тусгасан эсэх, хөнгөлөлттэй эмийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлаж байлаа. Мөн нийслэлийн төвлөрлийг сааруулахаар зорьж байгаа ч 2023 оны улсын төсөвт хөдөө орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалтын арга хэмжээ төлөвлөгөөгүй шалтгааныг тодруулсан. Засгийн газрын зүгээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь ямар хэлбэрээр олгохоор болсныг тодруулахын зэрэгцээ ирэх онд шатахуун, түлшний асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөснийг лавлаж байв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, Салбарын яамны зүгээс ирэх оны төсвийг оруулахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тарифт тодорхой өөрчлөлт хийж, зарим тусламж, үйлчилгээг нэмж нэг их наяд 570 тэрбум төгрөгийн төсөл оруулсан ч Сангийн яам нэг их наяд 481 тэрбум төгрөгөөр даатгалын сангийн төсвийг баталсан гэдгийг тодотгов. Мөн эмийн хөнгөлөлтийн тарифыг нэмж, 2022 оны төсөвт 67 тэрбум төгрөг байсныг ирэх оны төсөвт 90 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж байлаа.
Харин Сангийн сайд Ж.Жавхлан, төсвийн шинэчлэлийн хүрээнд томоохон тохируулга хийхээр зорьсныг онцлоод энэ хүрээнд ирэх жил хийх нийт 1061 төслийн 914 нь буюу 86 хувийг 2023 онд ашиглалтад оруулж дуусахаар тооцсон. Өмнө энэ коэффициент 40 орчим хувь байдаг байсан. Өмнөх жилүүдийн хуримтлагдсан, шилжиж ирсэн төслүүдийг цаашид даамжрах, үнийн өсөлтөөс сэргийлж, олон жил дуусаагүй, мөн ойрын жилүүдэд шилжиж ирэх төслүүдийг дуусгах зорилтыг тавьсан. Энэ хүрээнд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзах бодлогыг барьж байна гэж байлаа. Мөн тэрбээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дээр хүүхдийн мөнгийг суулгаад 1.4 тэрбум төгрөгийг халамжийн нэг төрөлд багтаасан. Хүүхдийн мөнгөнд судалгаа хийхэд жилд дунджаар 33 хувь нь шууд хадгалж байна. Мөн хүүхдийн мөнгийг бэлнээр эсвэл бэлэн бусаар авах уу гэж асуухад иргэдийн 90 гаруй хувь нь бэлнээр авдаг ч цаашаа хуримтлалд нь хийдэг дадалтай болжээ. Тийм учраас хүүхдийн мөнгө хуримтлалыг дэмжсэн бодлого болж байгаа хэмээж байв.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариултдаа, Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 1.5 сая тонн, шатах тослох материалтай нийлбэл 1.8 сая тонн байдгийг тодотгов. Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд шатахууны асуудлаар тогтвортой гэрээ байгуулах эхлэл тавигдсан. Энэ хүрээнд АИ-92 бензин 815 ам.доллараар таван жилийн туршид хадгалагдах боломжтой. Гэрээ хараахан байгуулагдаагүй байгааг хариултдаа онцлоод дизелийн түлшийг зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай авч байна. "Роснефт" компани дотоод зардлуудаа буулгасан. Нийлүүлэгч тал өмнө нь ийм тодорхой хямдралыг үзүүлж байгаагүй гэж байлаа.
Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
- “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,
Хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэх, улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
- “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Тээврийн сайд Азим Иброхим,
Худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломж бүрдэнэ.
- “Ургамал хамгаалал ба хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хүнсний аюулгүй байдлын хорооны дарга Мухаммадсаид Файзуллозода,
Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн тогтолцоог бэхжүүлэх, хорио цээрт хөнөөлт организмын тархалтаас урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой. Ургамал, ургамлын гаралтай болон бусад зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний импорт, экспорт, дамжин өнгөрөх үйл ажиллагаатай холбоотой ургамлын хорио цээрийн шаардлагыг уялдуулна.
- “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын 2026-2028 оны Замын зураглал”-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуйн сайд Курбон Хакимзода,
Ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.
- “Бэлчээрийн газрын нөхөн сэргээлт, мөсөн голын хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Байгаль орчныг хамгаалах хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Байгаль орчныг хамгаалах хорооны дарга Баходур Шерализода,
Мөсөн гол болон криосферийн судалгаа, хамгаалал, бэлчээр, бэлчээрийн доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлын эсрэг хамтын ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ойжуулалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
- “Залуучууд, спортын салбарт хамран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,
Залуучуудын солилцоо, оролцоо, идэвх, сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, спортын салбарын хүний нөөц бэлтгэх, тамирчдын хамтран бэлтгэл, сургалт зохион байгуулах, спортын салбарын хөрөнгө оруулалт, спортын соёл, мэдээлэл технологи, хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
- “Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Буриадын Дашпүрэв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтын албаны дарга Исмоил Вализода,
Ил болон далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах, уул уурхайн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжийн зөрчил, доголдлыг арилгах, шаардлага, стандартуудыг сайжруулах, хяналт шалгалтад дижитал технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллана.
- “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Рахим Саидзода,
Оюутан, багш, судлаач солилцох, хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах, хамтарсан болон хос дипломын хөтөлбөр хөгжүүлэх, богино хугацааны сургалт, тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллана.
- “Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Бага, дунд мэргэжлийн боловсролын хороо хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Төмөр-Очирын Ням-Очир, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Бага, дунд мэргэжлийн боловсролын хорооны дарга Фарход Рахими,
Багш, суралцагч, дадлагажуулагчийн солилцоог дэмжих, хамтарсан сургалтын хөтөлбөр, судалгаа, төсөл хэрэгжүүлэх, сургалтын арга зүй, шинэ техник, технологийн туршлага солилцох, бага хурал, семинар хийх зэргээр хамтарна.
- “Геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Геологийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Үндэсний геологийн албаны дарга Намсрайн Мөнхбилэг, Геологийн ерөнхий газрын дарга Илхомджон Оймухаммадзода,
Хамтын ажиллагааг шинээр тогтоох, хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, Үндэсний геологийн албаны мэргэжилтэн, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах, солилцох, геологийн зураг зохиох, эрлийн ажил гүйцэтгэхэд орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх чухал ач холбогдолтой.
- “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Экспортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайханы Батбаяр, Экспортын агентлагийн дарга Бахриддин Сироджиддинзода нар гарын үсэг зурлаа.
Экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбож, хамтын ажиллагааг хөгжүүлэх, форум, семинар бусад арга хэмжээ зохион байгуулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.
Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.


Улстөр нийгэм
Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна
НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв байгуулах төсөл” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг хамтран ажиллахыг урьж байна.
Хүчин чадал: 1000 хүүхэд хүлээн авах
Ажиллах хугацаа: Жилийн дөрвөн улирал
Газрын байршил: Төрийн зүгээс зуслан барих газрын байршлыг дараах холбоосоор үзнэ үү.
Хувийн хэвшил өөрийн эзэмшиж буй газар дээр санал гаргах эрхтэй. (10-15 га газар, хотоос 40 км дотор төлөвлөх нь зүйтэй)
Нийслэлийн нийт хүн амын 35.7 хувийг 0–16 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд хүүхэд багачуудын боловсрох, чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв хүмүүжин өнгөрүүлэх, монгол ахуйг таниулах, олон улсад болон бүсийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх орчин, боломж, соёл, урлаг, спортын чиглэлээр хөгжих, нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүсэж байна.
Иймд хувийн хэвшил төслийн саналыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгааг холбогдох маягтын дагуу монгол хэл дээр боловсруулж бичгээр эсвэл цахимаар 2026 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
- Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар, 303 тоот
- Утас: 976 70110071
- Цахимаар санал өгөх хаяг: https://ubppp.gov.mn/project/empty
- Цахим шуудангийн хаяг: ppp@ulaanbaatar.mn
Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авах боломжтой.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:
