Цаг үе
Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих ажил эхэллээ
“Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш улсын хэмжээнд нийт 7.2 сая мод тарьж, ургуулаад зогсохгүй иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут болгоныг тарихаас илүүтэй олон талаас нь судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болсон.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жилийн намрын мод тарилтыг өнгөрсөн амралтын өдрүүдээр Байгаль орчны сайд нарын төгөл байгуулах санаачилгаар эхлүүлж, өнөөдөр Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих арга хэмжээгээр үргэлжлүүлж байна. Богд уулын Баруун Залаатын аманд 2022 оны 9,10 дугаар сард 35 мянган мод, 2023 оны 3,5 дугаар сард 45 мянган мод нийт 80 мянган мод тарьж, ургуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөөд буй.
Амралтын өдрийн энэхүү мод тарих үйлсэд БОАЖЯамны нийт ажилтан, албан хаагч болон Монгол Улсын их сургууль, ШУТИС-ийн оюутан залуус нэгдэн 10 мянган мод тарьж, байгаль эх дэлхийнхээ ногоон хөгжилд гар бие оролцлоо. Түүнээс гадна Төрийн соёрхолт дуучин Д.Болд, түүний "B продакш"-ны залуу артистууд мод тарих санаачилгад нэгдсэн юм.
Намрын улиралд тарьсан мод хаврынхаас илүү сайн ургадаг гэдэг. Богд уулын Баруун Залаатын аманд мод тарих арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.
Эх сурвалж: БОАЖЯ
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2023/01/09
Монгол Улсаас БНХАУ-д зорчих зорчигчдыг зайнаас урьдчилан сэргийлэх, хянах зохиц...
-
Улстөр нийгэм2024/06/12
Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
-
Цаг үе2020/03/16
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
-
Цаг үе2023/02/08
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

