Цаг үе
Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах гүүрний ажил эхэлжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд хийж байгаа зарим бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа.
Тодруулбал, Хотын дарга Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарц, Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэл болон Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэл шинээр тавих авто замын бүрдэл хэсгийн ажлын явцыг үзэж, гүйцэтгэгч байгууллагынхны санал, бодлыг сонссон юм.

Олимпын гүүрний нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, үндсэн ажил дууссан бөгөөд Улсын комисс өнөөдөр хүлээн авч байна. Тус гүүрний явган хүний замын гадаргуу нь халтиргаа гулгаа үүсэхгүй, 15 метр тутамд тэргэнцэр болон дугуйт хэрэгсэлтэй иргэд амрах боломжтой хэсэгтэй юм. Одоо гэрэлтүүлэг, тохижилтын ажил үргэлжилж байна гэсэн мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өглөө. Хотын дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлж, Олимпын гүүрний явган хүний гүүрэн гарцыг бүрэн камержуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд өнгөрсөн 2021 оны тавдугаар сарын 19-нд Засгийн газрын тогтоол гарч, нийслэл Улаанбаатар хотын улсын төсөв рүү төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт хэлбэрээр бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон. Энэ хүрээнд олон ажил хэрэгжүүлж буй. Нийт 36 багц асуудлын хүрээнд түгжрэлийг бууруулах үндсэн ажлууд хийж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэл гол ажлуудын нэгт орох нь зайлшгүй. Түүнчлэн гүүрэн байгууламж, замын өргөтгөл, уулзварын инженерчлэл, олон түвшний огтлолцолтой замын ажлуудыг Улаанбаатар хотод хийх шаардлагатай. Олимпын гүүрний явган замыг нээж, Улсын комисс хүлээн авлаа. Тухайн хороонд амьдарч байгаа иргэдийн аюулгүй зорчих гарцуудыг эхнээс нь шийдэж, явган хүний замын гүүрэн гарцыг олон улсын стандартад нийцүүлж бүтээн байгуулсан. Дараагийн онцлох ажил нь Зайсангийн гүүрийг шинэчлэх ажил юм. Тус гүүр нь 1967 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш энэхүү гүүртэй холбоотой томоохон шинэчлэлийг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Мөн Богд уулын замыг давхар өргөтгөх ажлыг хийнэ. Энэ мэт шинэчлэх, өргөтгөх хотын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Дараагийн чухал асуудал бол Яармагийн түгжрэл. Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах хамгийн гол хүчин зүйл нь Улаанбаатар хотын хамгийн урт буюу 480 метр урттай гүүрэн байгууламж юм.

Үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлж байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулж, эх оронч үзэл гаргаж байна гэж Хотын даргын хувьд талархаж байгаа. Хөрөнгө санхүү хомс, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед дотоод зохион байгуулалтаа сайн хийж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч энэхүү бүтээн байгуулалтыг хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан. Түгжрэл олон зүйлээс шалтгаална. Нийтийн тээвэр, гүүрэн байгууламж барих, зам өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулах, явган хүний болон дугуйн зам, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдал, бүтээн байгуулалт гэх мэт 36 багц асуудалд үндэслэж, түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах тооцооллыг гаргасан. Түүнчлэн цахим хот болох хэрэгтэй. Энэ хүрээнд RFID нэвтрүүлэх, автомашин мэдрэгчтэй болох, автомашиныг бүртгэлжүүлэх, камержуулах зэргээр бүртгэл, хяналтыг хангаж байж дараагийн шатны ажлууд хийнэ. Энэ мэтчилэн сахилга баттай, замбараатай байдлаар цаашид хотын ажлууд үргэлжилнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Ажлын гүйцэтгэл маш чухал. Хийх ажлуудыг тус тусад нь хуваарилж байж олон ажил зэрэг үр дүнтэй үргэлжилж байна. Их хотын бүтээн байгуулалтад дандаа үндэсний аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаа. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгаа” хэмээлээ.

ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРИЙН СУУРИЙГ ЭНЭ ЖИЛДЭЭ БАГТААЖ ДУУСГАНА
Зайсангийн гүүрний өргөтгөлийн ажлын явцын талаарх мэдээллийг төсөл гүйцэтгэгч “ZMZ” ХХК-ийн захирал Д.Ганбаатар өгсөн юм. Тэрбээр:

-Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд шинэ гүүрний суурь, шон тулгуур, дамнуурга зэрэг ажлуудыг энэ намар хийнэ. Шинэ гүүр нь гурван багц 36 тросстой, ган татлагат төмөр бетон гүүр юм. Доошоо 20 метрийн гүн өрөмдлөгтэй, нэг тулгуурын доор зургаан шонтой, 5.5 метр өндөр тулгууртай. Шинэ гүүрээр зорчих хэсэг нээгдсэний дараа хуучин гүүрийг 100 хувь буулгаж, байран дээр нь буюу нөгөө гүүрнээсээ зургаан метрийн зайд шинэ гүүр барих юм гэлээ.

МОНГОЛ УЛСАД УРТЫНХАА ХЭМЖЭЭГЭЭР ХОЁРТ ОРОХ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛСЭН
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан. Энэ хүрээнд шинэ гүүрний суурь, бүтцийн ажлууд хурдтай өрнөж буйг гүйцэтгэгч байгууллага онцолж байлаа.
Энэхүү бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл төсөл хэрэгжинэ. Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм. Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүр барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн. Тус гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг хуваарилах ач холбогдолтой” гэлээ.

Харин төсөл гүйцэтгэгч “Мотор Сервис” ХХК-ийн захирал Д.Доржбат “Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулж, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Үлдсэн хоёр гүүрний ажил мөн өндөр хувьтай явж байна. Энэ жилдээ суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын явцад материалын асуудал, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй байна. 2023 онд зөвхөн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

