Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Нямдаваа: Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг аз жаргал

Огноо:

,

“ND film-ийн үүсгэн байгуулагч, “Азтай бондгор инээдмийн киноны найруулагч Б.Нямдаваа буюу ND-тэй ярилцлаа.

– Хүмүүс таныг “Байрны ах;, “Шилжилт; 1,2 киноны найруулагч гэдгээр чинь мэднэ. Харин энэ удаад “Азтай бондгор; УСК- ийн найруулагчаар ажилласан. Анх удаа инээдмийн кино найруулахад ямар санагдсан бэ?

– Инээдмийн кинон дээр ажиллахад давхар өөрөө нэг дүрд нь орж тоглон ажиллахад хүндрэлтэй байсан. Жүжигчний хувьд гэхэд тэр тоглолтын нарийн мэдрэмжүүдийг их зөв гаргахгүй бол хүчилж болдоггүй юм байна лээ. Ер нь л хүн инээлгэнэ гэдэг их хэцүү санагдсан. Сайн инээдмийн кино хийдэг найруулагч, жүжигчдийн зовлонг өөрийн биеэр мэдэрч туршлага их хуримтлууллаа. Энэ киног хийхэд надад найруулга тал дээр бас тоглолт дээр МУГЖ Б.Базаррагчаа ах маань зөвлөгөө өгч их тус болсон. Тэгээгүй бол ард нь гарахад хэцүү л байлаа… /инээв/

– Монголдоо анх удаа #SFX буюу таргалуулах тусгай effect ашигласан кино гэсэн. Хэвийн жинтэй хүн маск зүүж, хоёр давхар сентифон материалтай хувцас өмсөөд зураг авалтад орох хүндрэлтэй байсан байх даа?

– Үнэхээр хэцүү байсан ядаж байхад зуны +30 дээш халсан өдөр амьдаараа шатаж байсан. Кино багийнхан маань миний дэргэд сэнс, кондишн, сэвүүр гээд сэрүүцүүлж болох бүх зүйлсийг л ашигласан гэсэн ч хөлс гарсаар л байсан. Зураг авалтын талбай бэлэн болох хүртэл тэдгээр зүйлсийн хажууд сууна. Бүх юм болсны дараа объект дээрээ очиж зураг авалтад орчхоод шууд өнөөх өрөө рүүгээ явна. Бас SFX маск маань хүйтэн сэрүүн нөхцөлд байхгүй бол хөлс их ялгарснаас болоод цавуу нь салчихна. Тэгээд дахиад л 2-3 цаг сууж шинийг хийлгэх болно доо.

– Нүүрний маскаа гадаадаас захиалахад хүндрэл гарсан уу? Зөвшөөрөл гэх мэт зүйлээс авахуулаад олон газраар явсан байх?

– Энэ маскны материалаа бид USA-с захиалж 20 орчим хоног хүлээсний эцэст маскаа хийлгээд зураг авалтад орсон доо… Гэхдээ хилээр оруулж ирэхэд л хэцүү байсан татварт нэлээдгүй их мөнгө төлсөн. Учир нь тэд ямар ч мэдлэггүй байсан гэх юм уу эсвэл … химийн бодис ихтэй тул устгалд оруулна гэж бөөн юм болсон шүү. Бурхан минь.

– Хүмүүс ямар их таргалчихсан юм бэ? гэсэн гайхсан сэтгэгдэл их харагдсан. Үзэгчид таныг тарган дүрээр хараад яаж хүлээж авсан бэ?

– Тэгсэн анх бол ямар аймаар таргалчихсан юм гээд гайхаад л байсан. Өмнө нь Шилжилт киноны Нямбаяр байна гэж дууддаг байсан бол одоо Азтай бондгор ах гэж дуудах хүүхдүүд нэлээдгүй болсон байна лээ. /Инээв/ Тоглосон дүрүүдийнхээ нэрээр дуудуулна гэдэг бол энэ мэргэжлийг үхэн хатан гэр бүлтэйгээ зөрөлдөн байн сонгосон, миний хувьд ёл санагддаг.

– Зохиолынхоо санааг удаан хугацааны туршид бодсон уу? Зураг авалт хэчнээн хугацаанд үргэлжилсэн бэ?

– Жилийн өмнө энэ киноны санааг бодоод хийх гэж байгаад болиод Шилжилт-2 киногоо хийсэн. Харин энэ жил яагаад ч юм А.Миеэгомбо ахтай холбогдоод санаагаа хэлсэн чинь таалагдсан хамтарч бичих саналыг минь уриалагхан хүлээж авсан шүү. Учир нь Миеэ ах маань Миний хөрш чөтгөр, Single lady’s 1,2,3 гэх мэт олон киноны зохиол бичсэн болохоор инээдмийн кино зохиол тал дээр их арвин туршлагатай хүн. Хамтарч ажиллахад их сайхан байсан. Олон ч зүйл сурч мэдсэн. Ер нь Б.Базаррагчаа ах, А.Миеэ ах нар шиг залуустаа зөвлөж, дэмжиж ажилладаг ийм уран бүтээлчид олон байгаасай гэж боддог.

– Найруулсан киногоороо хүмүүст юуг хүргэхийг зорьсон бэ?

– Би хүүхэд байхдаа хурдхан оюутан болоод, дараа нь амьдрал дээр гараад хүссэн ажлаа хийгээд эрх дураараа явах юмсан гэж боддог байлаа. Гэвч хүссэнээр тийм сайхан байгаагүй. Эргэж олдохгүй хүүхэд нас гэж ямар сайхан үнэ цэнэтэй цаг мөч байсан юм бэ буцаад 10 жилдээ очих юмсан гэж их боддог. Тиймээс энэ киног үзсэн хүүхдүүд одоо байгаа хүүхэд насны үнэ цэнийг илүү их ойлгож том болох гэж яарахгүй байхаа гэж бодож байна. Мөн томчууд маань ч үзээд хүүхэд насандаа эргээд очих юмсан гэж хүсэх байх. Гэхдээ Азтай бондгорын дүр бол миний хамгийн сүүлчийн хүүхдийн киноны дүр. Учир нь жил ирэх тусам хөгширч байна. Гэхдээ хүүхдийн дөрвөн киноны гол дүрд тоглож чадсан би азтай бондгор… /инээв/

– “Азтай бондгор” киноны дараа дараачийн ангиудыг хэзээ хийж эхлэхээр төлөвлөж байна?

– Энэ кино нь гурван ангиас бүрдсэн контент. Одоогоор нэгдүгээр ангиа Univision, Skymedia, Ddish, Looktv, Skygo-ын видео санд орсон байгаа. Дараа жилийн хавар 2 анги нь гарна. Үзэгчдээ нэгдүгээр ангийг үзээсэй гэж хичээнгүйлэн хүсэж байна.

– Цаашдаа хийхээр төлөвлөсөн зүйл байгаа юу? Ойрын зорилгоосоо хуваалцаач?

– Хийхээр төлөвлөсөн зүйлс их байна. Одоогоор буцаад оюутан болчихсон төгсөх курс болохоор зав тааруухан байна. Ирэх хавар төгсөөд мэргэжлийн уран бүтээлч гэх нэр хүндийг албан ёсоор хүртэх гээд л… /инээв/ Бас сүүлийн гурван жил ямар ч амралтгүйгээр ажилласан болохоор бие маань жаахан тааруу байгаа. Гэхдээ эрүүл мэнд, сургууль, ажил гээд аль алийг нь амжуулах төлөвтэй байгаа… Хайр дурлалтай болон, аймшгийн кино төрөлд хүчээ сорихоор төлөвлөөд байна. Дан ганц ирэх жил биш ойрын дөрвөн жилийн уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Харин үүн дээр залуу уран бүтээлчдээ дэмжих зоригтой байгууллага хамт олон эсвэл чадварлаг сайн продюсерын л хувь нэмэр их хэрэгтэй байна .

Сэтгүүлч:А.Гэрэлтуяа

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Х.Сугир: "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ компанийн ашиг орлогыг тэрбумаар зогсохгүй их наядаас их төгрөгөөр бууруулж, хуйвалдан завшсан

Огноо:

,

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилжээ. Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай холбоотой ноцтой баримтууд шалгалтаар илэрсэн ч хууль хяналтын байгууллагынхан хариуцлага тооцолгүйгээр олон жил өнгөрч байгаа юм.

Тус компанийн 20 хувийг дангаараа эзэмшигч “Ажнай”  гэх тодотголтой Д.Бат-Эрдэнэ нь тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа ашиг орлогыг тэрбумаар зогсохгүй их наядаас их төгрөгөөр бууруулж, цөөхөн хэдэн хүн хуйвалдан завшсан тухай Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн өмчлөгч ИТХ-ын дарга Х.Сугир тэргүүтэй хүмүүс мэдэгдэж байсан юм.

Тодруулбал,  
1.Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон.

2. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан.

3. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан.

4. ТУЗ-д “Тавантолгой транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ төрийн төлөөллөөр орж хувийн компанийнхаа 2014 онд авсан 180,9 мянган тонн нүүрсийг үнийг жилийн дараа тонн тутмыг нь 4,6доллараар үнийг нь бууруулах шийдвэрийг гаргуулж, 1,5 тэрбум төгрөгөөр хохироосон.

5.ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө  өндөр цалин урамшуулал авах шийдвэрийг гаргаж онц их хэмжээний мөнгө завшсан.

6. Экспортод гаргахаар их хэмжээний  нүүрсийг зээлээр авч төлөхгүй удааж мөнгө угаан эргэлдүүлсэн. Тухайлбал, улсын мэргэжлийн хяналтын шалгалтаар 2012 онд “Тавантолгой транс” ХХК зэрэг цөөхөн компани 2011 онд авсан зээлээ төлөөгүй Тавантолгой ХК-д 75 тэрбум төгрөгийн өртэй байсан.

7. Хуулаагүй хөрсийг хуулсан болгож хөрс хуулалтын зарлага гаргаж завшсан.

8. Хууль зөрчиж ногдол ашиг хувиарлах байдлаар 2013 оны ногдол ашгаас завшсан.

9. Компанид өндөр үнээр бараа шахах /тухайлбал 48 айлын орон сууц/

10. Капитрон зэрэг хувийн банкиндаа Тавантолгой ХК-ийн их тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хадгалуулж эргэлдүүлсэн.

11. Өөрсдөдөө их хэмжээний буцалтгүй тусламж олгосон /оюутны төлбөр гэх мэт/

12. Компанид хамааралгүй хүмүүст их хэмжээний нүүрс, мөнгө буцалтгүй тусламж нэрээр олгож ашигласан.

13. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайн байдлаар авч Тавантолгой ХК-ийг өрөнд оруулж одоогоор илэрсэн нь 340 мянган тонн буюу 60 гаруй тэрбум төгрөг.

14. Зээл нэрийдлээр их хэмжээний мөнгө бусдад ашиглуулсан.

15. Хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт хийхгүйгээр их хэмжээний бараа ажил үйлчилгээг өндөр үнээр авах

16. 2010-2017 онд Тавантолгой транс ХХК-аас авах авлага 17 тэрбум 885 сая төгрөгийг хоорондын тооцоо нэрээр бичилт хийлгэж хаасан байсан зэрэг олон зөрчил илэрч байжээ.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. "Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.

“Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.

Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр “Самурай” бондын 223 сая ам.долларын өрийг бүрэн төлөхөд бэлэн болсныг Ерөнхий сайд мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

П.Эрдэнэтуяа: Худалдаанд гаргасан дурсгалын зоосыг дахин үйлдвэрлэдэггүй тул үнэт цуглуулга болж чаддаг

Огноо:

,

Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос гаргадаг. Энэхүү дурсгалын зоосыг гаргаж байгаа гол зорилго, ач холбогдол нь юу вэ?

-Монголбанкны дурсгалын зоос 50 гаруй жилийн түүхтэй. Анх БНМАУ-ын Улсын банк 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, гууль, никелиэр үйлдвэрлэж байсан. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монголбанк нь үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд 2021 оны байдлаар нийт 634 төрлийн онцгой сэдэв бүхий дурсгалын зоосыг үйлдвэрлүүлсэн байна. Энэ нь зоос цуглуулагч, сонирхогч иргэдэд үнэт цуглуулга, бэлэг дурсгалын зүйл болж чаддаг болов уу. Дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг, чимэглэл, загвар, бичвэр, металл, технологиороо хоорондоо ялгаатай.

-Дурсгалын зоос гаргахад ямар үйл явц өрнөдөг вэ. Дурсгалын зоосны загвар дизайныг хэрхэн гаргадаг вэ?

-Нэн тэргүүнд тухайн жилд гаргах дурсгалын зоосны сэдвээ буюу ямар цувралыг шинээр эхлүүлэх, ямар цувралыг үргэлжлүүлэх вэ гэдгээ жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгадаг. Тухайлбал, 12 жилийн зоос бол жил бүр гардаг. Мөн онцгой чухал үйл явдлууд, олон улсын харилцааны тэмдэглэлт ой, алдартай, түүхэн хүмүүсийн цувралын зооснуудыг нэн тэргүүнд төлөвлөгөөндөө тусгаж батлуулдаг. Монголбанкны Эрдэнэсийн сангаас өнгөрсөн онд “Ардын хувьсгалын 100 жил” дурсгалын зоосыг гаргаж байсан бол энэ онд олон улсын харилцааны тэмдэглэлт ойн хүрээнд “Монгол-Япон”, “Монгол-Австрали” дурсгалын ялтсан мөнгөн тэмдэгтийг гаргалаа. Түүнчлэн алдартай түүхэн хүмүүсийн цувралын хүрээнд “Махатма Ганди” зэрэг зоосыг гаргаж байсан.

/”Монгол Улс-Япон Улс” дурсгалын ялтсан мөнгөн зоос – 2022 он/

/”Монгол Улс- Австралийн холбооны улс” дурсгалын ялтсан мөнгөн зоос – 2022 он/

Ингээд жилийн ажлын төлөвлөгөө батлагдсаны дараа зоосны загварыг гаргах, танилцуулах, зөвшөөрөл өгөх зэрэг ажлууд хийгдэнэ. Дурсгалын зоосны загварыг захиалагчаас авч, санал тусган үйлдвэрлэгч байгууллагад хүргүүлдэг бөгөөд эцсийн загварыг баталдаг. Ингээд эцсийн байдлаар батлагдсан загвараар үйлдвэрлэгч компани дээр үйлдвэрлүүлнэ. Түүнчлэн цуврал зоосон дээр уран зураач, эсвэл гэрэл зурагчидтай хамтран ажиллаж, загварыг гаргах нь бий. Анх 1971 онд гарсан “Ардын хувьсгал 50 жил”, 1974 онд гарсан “Үндэсний банкны 50 жилийн ой” зэрэг дурсгалын зоосны загварыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Цэрэнпил зурсан. Үүнээс хойш техник, технологи, уран бүтээлчдийн чадвар улам хөгжиж, зоос үйлдвэрлэх технологи, загвар, ур хийц эрс сайжран олон улсад өрсөлдөхүйц болж байна.

-Дурсгалын зоос болон Франчайз зоосны ялгаа юу вэ?

-Дурсгалын зоос нь Монголбанкнаас санаачлан гаргаж байгаа зооснууд юм. Харин франчайз зоос нь Монголбанкнаас тухайн сэдвийн хүрээнд зөвшөөрөл авч, Монголбанкны нэр, бэлгэдлийг багтаасан зооснуудыг хэлдэг. Тухайлбал, 2021 онд Монгол Улсын “Цагаан уул” франчайз зоос, “Veliciraptor” зоосууд олон улсын шилдэг зоос шалгаруулах уралдаанд шилдгээр шалгарч байсан. Мөн хамгийн сүүлд гэвэл туулай жилийн франчайз зоос алт, мөнгө, ялтсан мөнгөн зоос гэсэн гурван төрлөөр гарсан байгаа. Франчайз зоос нь борлуулалтаасаа Монголбанканд рояалти төлдөг. Манай дурсгалын зоос олон улсын дурсгалын зоосны уралдаан, дэлхийн зоосны үзэсгэлэнд удаа дараа шилдэг зоосны шагналыг хүртэж байсан.

/“Туулай жил” франчайз зоос – 2022 он/

-Дурсгалын зоосоо хаана хийлгэдэг вэ?

-Монголбанкны анхны дурсгалын зоосыг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад үйлдвэрлүүлсэн. Түүнээс хойш “Зоос гоёл” ХК болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Япон улсын “Иточү” компани, “B.H.Mayers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд Лихтенштейн улсын “Койн инвест траст” компанитай хамтран ажиллаж, дурсгалын зоосыг ХБНГУ-д үйлдвэрлүүлж байгаа. Олон улсад нэр хүндтэй, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигладаг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сайтай компанитай хамтран ажилласнаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн дурсгалын зоосны үйл ажиллагаа улам өргөжиж байна.

-Дурсгалын зоосыг иргэд, олон нийт хэрхэн худалдан авах вэ?

-Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны мэдээллийг www.coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой. Энд тухайн зоосны жин, хэмжээ, металл, үнийн мэдээлэл нь тодорхой бичигдсэн байдаг. Мөн төлбөр төлөх дансны мэдээлэл, зааварчилгаа ч бий. Тэгэхээр төлбөрөө төлсний дараа худалдан авагч Монголбанкны Эрдэнэсийн сан дээр өөрийн биеэр ирж, зоосоо авна. Эрдэнэсийн сангийн хувьд Эрдэнэсийн сангийн танхим, Дурсгалын зоосны танхим, Мөнгөн тэмдэгтийн танхимыг олон нийтэд нээлттэй үзүүлдэг. Эндээс зоосны болон төлбөрийн хэрэгслийн түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Зарим нэр төрлийн дурсгалын зоос дууссан байсан. Монголбанкнаас дахин үйлдвэрлэх үү?

-Худалдаанд гарсан дурсгалын зоос дууссан нөхцөлд дахин үйлдвэрлэдэггүй. Ийм ч учраас зоос цуглуулагч нарын хувьд ховорт тооцогддог. Харин тухайн зоосны цуврал нь үргэлжилнэ. Цөөн тоогоор, үнэт металлаар үйлдвэрлүүлсэн зоос эрэлт ихтэй байдаг. Жишээ нь, саяхан гарсан “Данзангийн 1 доллар” ялтсан мөнгөн дэвсгэртийн цуврал нь 2023 онд үргэлжилж гарна.

“Данзангийн 1 доллар” ялтсан мөнгөн зоос – 2022 он

Ингэснээр уг зоос нь иж бүрэн цуглуулга болох юм. Данзангийн доллар нь өөрөө 50 цент, 1 доллар, 3 доллар, 5 доллар, 10 доллар, 25 доллар гээд нийт 6 ширхгээр нэг иж бүрдэл болох юм.

-Монголбанк өнгөрсөн хугацаанд хэчнээн нэр төрлийн хэдэн ширхэг зоосыг худалдсан бэ?

-Монголбанкнаас дурсгалын зоосны 50 жилийн ой буюу 2021 оны эцсийн байдлаар 634 төрлийн дурсгалын зоос гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар  663 төрлийн дурсгалын зоос худалдаанд гаргасан байна. Дурсгалын зоос нь түүхэн үйл явдал, түүхэн хүмүүс, олимп ба спорт, ан амьтан, он тоолол, од гараг гэх зэрэг сэдвээр цуврал болж, алт, мөнгө, зэс болон бусад металлаар хийгддэг. Түүнчлэн Монголбанкнаас дурсгалын зоос эрхлэн гаргасны 50 жилийг ойд зориулан “Монгол Улсын дурсгалын зоос 1971-2021” каталоги худалдаанд гаргасан. Уг каталогид дурсгалын зоосны он дараалал, зоосны мэдээллийг эрэмбэлэн дугаарлаж оруулснаар дурсгалын зоос сонирхогч, судлан цуглуулагч нарт ач холбогдолтой ном болсон юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монгол банк

Дэлгэрэнгүй унших

Санал болгох