Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“ЖДҮҮ” эрхлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв талбайд эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “4days SME Expo-2022” нэгдсэн үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн 4 өдөр зохион байгуулж байна. Монгол Улсын хэмжээнд 63 мянган аж ахуйн нэгж, 906 мянган иргэн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт ажилладаг.  Үүнээс 70 хувь нь Улаанбаатар хотод бий бөгөөд эдгээр үйлдвэр эрхлэгчийг дэмжин “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас жил бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох уриан дор 9 дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулж байна.   

Энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, ажлын байр, нэмүү өртөг бий болгох бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь ажиллаж, амьдардаг. Цар тахлын нөлөөгөөр бүхий л салбар эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Цар тахлын дараах эдийн засгаа тогтворжуулж, сэргээх, өсөн нэмэгдүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа нийт үйлдвэр эрхлэгчдэдээ талархал илэрхийлье” гэлээ.

Үзэсгэлэн худалдаагаар ноос ноолуур, арьс шир, хүнс, бэлэн хувцас, гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг "Гараас-Гарт" буюу үйлдвэрийн үнээр худалдаалж байна.  

Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох зорилтын хүрээнд энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Өвлийн бэлтгэл хангахад бүрэн нийцэх төрөл бүрийн хувцас хэрэглэл, бүтээгдэхүүнийг ЖДҮҮ эрхлэгчид маань худалдаалж байгаа юм.  Үзэсгэлэн худалдаа 4 үргэлжилнэ. Нийт 9 дүүргийн 150 ААН-ийн  2000 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг төв талбай дээр дэлгээд байна. Нийслэлчүүддээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, худалдан авалт хийхийг уриалж байна” гэсэн юм. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох