Улстөр нийгэм
ЗГ: 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, 1,2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр зорьж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арван нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан. Тус хорооны Ажлын албыг 11 орон тоотой байхаар өнөөдөр баталлаа. Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, салбар хоорондын уялдааг хангахад хорооны дэргэд байнгын Ажлын алба ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ ДНБ-ий 6.4 хувийг эзэлж байсан тус салбар 2020 онд 58, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авсан нь тус салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсгэсэн.
Цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1,2 тэрбум ам.доллар буюу 4,2 их наяд төгрөгт хүргэн ДНБ-ий 11.5 хувь, 2024 онд 16 хувьд хүргэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна.
2022 оны хоёрдугаар сард Монгол Улс хилээ нээснээс хойш долоон сар гаруйн хугацаанд 210 мянган жуулчин хүлээн авч эдийн засагт 750 тэрбум төгрөгийн орлого оруулаад байна. Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянгад хүргэж, жуулчдаас орох орлогыг нэг их наяд төгрөг хүргэхийг зорьж байна.
Улстөр нийгэм
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан ажлын хэсэг 2023 оны есдүгээр сарын 22-нд БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа.
Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, гишүүдээр Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хятадын талаас “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэн Вэй, Төмөр замын газар, Нүүрс тээвэрлэлтийн газар, Олон улсын хамтын ажиллагааны газар, “Чайна Энержи Баошөн төмөр зам” болон бусад ажлын хэсгийн төлөөллүүд зэрэг нийт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа.
Тус хурлаар талууд гурван дэд ажлын хэсгийн холбогдох асуудлууд болон ажлын явцын талаар санал солилцлоо.
Эх сурвалж: ХЗДХЯ
Улстөр нийгэм
Үндэсний статистикийн хороо БНСУ-ын статистикийн газартай хамтран төсөл хэрэгжүүлнэ
БНСУ-ын Статистикийн газар болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран “Ази, Зүүн Өмнөд Ази, БНСУ-ын хөгжлийг ДНБ-ээс өөр үзүүлэлтээр хэмжих нь” олон улсын бага хурлыг БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 18-22-нд зохион байгууллаа.
Бага хурлын үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа болон БНСУ-ын Статистикийн газрын дарга Ли Хёонг Ил нар уулзаж, Монгол Улсад Статистикийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх төслийн талаар онцлон ярилцлаа.
Эргэн сануулахад, 2023 оны долдугаар сард “Төрийн нэгдсэн мэдээллийн сан” зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж, талууд төслийг 2024 оноос хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг хэлэлцээрийн үеэр албан ёсоор мэдэгдэв
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нар 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс нь Оросын Холбооны Улстай сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй илэрхийлсэн юм.
Талууд өнгөрөгч 06 дугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулж, анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсонд санал нэгдэв.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд болох хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын анхдугаар хуралдаанаар цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, шинэ арга механизмуудыг бий болгохын зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин онцоллоо.
Тэрбээр, манай хоёр улс хөрш орон. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг улам өргөжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг юм. Ялангуяа хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоох байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах нь нэн чухал гэв.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин хэлэлцээний үеэр тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүйг албан ёсоор мэдэгдлээ.
Мөн Парламентын хоорондын хамтын ажиллагааны комиссын дараагийн хуралдааныг ирэх онд ОХУ-д зохион байгуулах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийллээ.
Хэлэлцээний үеэр талууд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааны цар хүрээг өргөжүүлэх болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2021/11/29
“Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грант, шилдэг өгүүлэл, бүтээлүүд...
-
Цаг үе2019/06/13
Хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юуг анхаарах вэ?
-
Цаг үе2022/04/08
Цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ
-
Цаг үе2021/09/20
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Сэтгэгдэл