Шударга мэдээ
Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу алданги шаардах эрхгүй
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Дугаар 183/ШШ2022/00416
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2022.10.31. Процессын хураангуй 02
Иргэн Дашаас шүүхэд хандан, “иргэн Амараас түрээсийн төлбөр, алдангийн хамт гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөх ёстой” гэж, хариуцагч Амараас “… түрээсийн байрыг өөрийн хөрөнгөөр тохижуулсан байхад түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учраас алданги төлөхгүй” гэж тус тус маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, Даш, Амар нар нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ байгуулсан боловч, уг гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон байна.
Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй бол уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт талууд уг хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхөөр тус тус заажээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүх Даш, Амар нарын маргааныг хянан хэлэлцээд, тэдний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэв.
Энэ тохиолдолд, хариуцагч Амар нь тодорхой хугацаанд Дашийн байрыг зориулалтын дагуу өөрийн мэдэлд байлгаж ашигласан тул ашигласан хугацааны төлбөрийг төлөх үндэслэлтэй, харин “гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлага” буюу алдангийг төлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэжээ.
Иймд, хариуцагч Амараас түрээсийн байрыг зориулалтын дагуу ашигласан хугацааны төлбөрийг гаргуулан Дашид олгуулахаар, харин Дашийн нэхэмжилсэн “алданги гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Шүүгчийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй ЭНЭ линкээр танилцана уу.
Хураангүйг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг
Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.


Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.



Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
-
Улстөр нийгэм2022/03/17
Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барина
-
Цаг үе2023/01/13
Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
-
Улстөр нийгэм2024/12/11
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны со...
-
Цаг үе2024/10/23
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
