Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл дүрийг танилцууллаа

Огноо:

,

Зүүн Азийн есөн орны залуучуудын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус наадмын бэлгэдлийг залуус, сурагчдад танилцуулав.

Аливаа бүс, тив болоод олимпын наадмууд нь өөрийн гэсэн лого, бэлгэдэл, маскот буюу дүртэй байдаг. Дүрийн хувьд голдуу амьтны дүрийг сонгож, бэлгэддэг.

Энэ талаар “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энх “Спортын наадмыг зохион байгуулж буй эзэн орон өөрийн бүс нутагт ховордож буй амьтдыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах, үлгэр туульсын дүрийг сэргээх зорилгоор бэлгэдэл дүрээ тодорхойлдог. Тийм учраас бид хангарди, галбингаа шувууг бэлгэдэл дүрээрээ сонгосон. Хангарди шувуу нь Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг бөгөөд эр чадал, эрэмгий зориг, их ухаан цогцлоосон домгийн шувуу юм. Тус наадам нь жендерийн  тэгш эрх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангах зорилготой учраас “Эмэгтэй дүртэй байя” гэх саналыг уран бүтээлчид гаргасан. Ийнхүү үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн, үг хэл цэцэн, бурхны дууч, бүхнийг чадагч хэмээн эрхэмлэн дээдэлдэг Галбингаа гэх домгийн галт шувууг нэг дүрээрээ сонгосон” хэмээн тайлбарласан юм.

Бэлгэдэл дүр болох хангарди шувууг “Хаки”, галбингаа шувууг “Инга” гэж нэрийджээ. Нэрийг сонгохдоо Зүүн Азийн бусад орны тамирчид хэлэхэд амар, энгийн дуудлагатай байхаар тооцсон байна.  “Инга” гэх нэрийг галбингаа гэх нэрийн хэсгээс авчээ.

Наадмын логог монгол гэрийн тоононы дүрсээр хийсэн бөгөөд “Улаанбаатарын дээвэр дор нэгдэцгээе” гэх агуулгатай аж. Түүнчлэн газар зүйн байршлаар харахад Зүүн Азийн бүс нутгийн орнууд дундаас Монгол Улс өрх, тооно хэсэгт нь оршиж байсан тул ийнхүү логогоо тодорхойлжээ.

Наадмын бэлгэдэл дүрүүдийг зураач Э.Түвшинтөр зурж, хүүхэлдэй урлаач Б.Бямбацэрэн бүтээсэн байна. Бэлгэдэл дүрийг танилцуулах үеэр Жүдо бөхийн дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ нар хүүхэд, залууст амжилтын түүхээ хуваалцан, ярилцсан юм.

Холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/ хүүхэд, залууст хандан “Одоо үед хамгийн чухал авьяас бол тууштай хөдөлмөр болчихсон. Ямар ч авьяастай хүмүүсийг тууштай байдлаар ялах боломжтой. Олимп бол дэлхийн улс үндэстнүүдийг нэгтгэж, эв нэгдлийн бэлгэдэл болдог хамгийн гоё наадам. Харин Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Уг наадмаар дамжуулан дэлхийд өөрсдийгөө сурталчлан, хамтдаа хөгжих  боломжтой гэж харж байна. Спорт бидэнд ялж, ялагдаж сурахаас эхлээд сэтгэл зүй, бие физиологийн эрүүл мэндийг өгдөг. Бүгд зорьсон зүйлдээ тууштай байгаарай” хэмээн захисан юм.

Арга хэмжээний үеэр үзэгчдийн дундаас азтан шалгаруулж, спортын төрлүүдээр хичээллэх эрхийн бичгээр шагнасан бөгөөд наадмын үеэр хэрэгжүүлэх “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-ийг мөн танилцууллаа.

Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болоод холбогдох албаныхан гээд нийт 4500 орчим хүн Улаанбаатар хотод ирэх тооцоо гарчээ. Спорт, аялал жуулчлалын хувьд өндөр ач холбогдолтой уг наадмыг Зохион байгуулах хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

С.Зулпхар: Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ-аар дамжуулан хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах хэрэгтэй

Огноо:

,

Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь ”2023-2026 төслийн суурь судалгааг танилцуулах хэлэлцүүлэг уулзалт боллоо.
 
Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцсон. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол зөвхөн ХНХЯ-ны асуудал биш юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэсэн ойлголт ч тусдаа байхгүй. Бусад хүн ямар эрх эдэлж байна бүгдийг ижилхэн хүртэж эрхээ эдлэх ёстой, энэ ч утгаараа хөгжлийн бэрхшээлийн асуудал нь салбар дундынх юм. Иймд бид эрхээ бодит болгохын тулд өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хамаарах салбарт нь хандан шийдүүлдэг байх нь чухал юм. Бидэнд олон асуудал байгаа ч хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, төрөлжүүлэх, түүгээр нь мэргэшүүлэх замаар төр, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна” гэлээ.
 
Финланд Улсын Гадаад хэргийн яам болон ФЛОМ байгууллагын санхүүжилтээр Тэгш тусгал ТББ байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагууд, ажилтнууд гишүүд, нийгэмдээ хүрч үйлчлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, байгууллагынхаа бүтэц үйл ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай ур чадварыг нэмэгдүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийг 2026-2023 хэрэгжүүлж байгаа юм.
 
Эх сурвалж: ХНХЯ
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүүхдийн галт тэрэгний аялал өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.

“Хүүхдийн галт тэрэгний” 12-р сарын аялал зарлагдлаа. Тус хөтөлбөр нь 2023 оны 12-р сарын 01-нээс эхэлж буй бөгөөд Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн баасан гарагт аялах аж. Энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр уушгины хатгалгаа 40 хувиар буурчээ

Огноо:

,

Монгол Улсад хийсэн “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны дүнг хэлэлцэх хурал боллоо.

Хуралд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн хамтарсан багууд оролцсон бөгөөд “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгаанд уушгины үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2-59 сартай 17748 хүүхэд, 18-аас дээш насны 7467 хүнийг хамруулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах хэмээн уриалсан байдаг.

Иймд ЭМЯ-наас 2015-2022 онд бага насны хүүхдийн уушгины үрэвслийг бууруулахын тулд пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн, үр дүнг нь нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг хийсэн байна.

Судалгааны Монгол дахь багийн ахлагч М.Туяа хүүхдийн хатгалгааны эсрэг пневмококк 13 цэнт вакциныг 2019 оноос үндэсний хэмжээнд нэвтрүүлж, энэ хугацаанд тус вакцин хэрхэн нөлөөлж буйг үнэлэх судалгааны ажил эхлүүлснийг дурдаад “Бид зургаан жил цуглуулсан лабораторийн шинжилгээ болон эмнэлзүйн мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж эцсийн үр дүнг таницуулж байна.

Уг вакциныг нэвтрүүлснээр бага насны хүүхдүүдийн дундах пневмококк нянгаар үүсэх уушгины хатгалгааны хүнд болон маш хүнд хэлбэрийн өвчлөл 20-40 хувиар буурсан. Мөн рентгенээр оношлогдсон уушгины үрэвслийн тохиолдол буурсан байна. Түүнчлэн эрүүл боловч тухайн нянг тээж байгаа хүүхдийн тоо 61-72 хувиар буурсан нь тус нянгаар үүсэх уушгины үрэвслээс хүүхдээ урьдчилан сэргийлэх боломжтой болсон” хэмээн танилцуулсан юм.

Мөн энэ хурал дээр Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ЭМЯ, ХӨСҮТ-ийн багууд судалгааны үр дүнгээ танилцуулсан бөгөөд Австралийн багийн доктор, профессор Ким Мулхолланд, дэд профессор Клайре Вон Моллендорф, дэд профессор, докторант Катрин Сатски, Кирстен Фажирли нар судалгааны явцыг дэлгэрэнгүй танилцуулгыг хийж пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлсний дараах үед вакцины бус хэв шинжүүдийг тандах талаар харилцан санал солилцлоо. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох