Улстөр нийгэм
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ
Энэхүү нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон Ковид 19 цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан холбогдох танилцуулгыг хийсэн. Нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй айл өрхүүдийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд амьдарч байна. Судалгаагаар эдгээр өрхийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Иргэдийн хувьд орон сууц худалдан авахад тулгарч буй гол бэрхшээл нь урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг шалтгаан байгаа юм. Тиймээс НОСК нь 2022-2023 оны хугацаанд 15 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, Монгол банкинд худалдахаар төлөвлөсөн байна. Улмаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудаас гадна цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангахаар төлөвлөж буйг М.Говьсайхан хэллээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй бөгөөд зах зээлд бэлэн байгаа орон сууцуудаас худалдан авч, иргэдийг оруулах юм байна. Хэлэлцэж байгаа асуудлаар төсөв эдийн засгийн хороо санал дүгнэлт уншлаа. 450 орон сууцанд хамрагдах хувийн хэвшил болон төрийн албан хаагчдын тоог тодорхой болгох, НОСК-той ижил төрлийн үйл ажиллагаа явуулах охин компани байгуулах шаардлагатай эсэх талаар эргэн харах зэрэг тодорхой саналуудыг тус хорооноос гаргасан. Төлөөлөгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл яг зорилтот иргэддээ хүрэх, алсын дүүргийн иргэдийг хамруулах, бодит үр дүн хэзээ гарах зэрэг асуудлыг тодрууллаа.
Тухайлбал төлөөлөгч Б.Нэргүй “иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэсэн орон сууцны асуудалд алслагдсан 3 дүүргийг түлхүү хамруулах, орон сууцны бодлогыг чөлөөлөх шаардлагатай. Мөн нийслэлээс хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлт зэрэг орон сууцны бодлогын шийдлүүдтэй энэхүү асуудлыг уялдуулж авч явах нь үр дүнтэй” гэсэн бол Д.Гантулга “50 тэрбум төгрөгөөр баталгаажсан энэхүү орон сууцны хөтөлбөрийг нээлттэй шударга явуулах тал дээр анхаарах нь чухал. Арилжааны банкыг энэхүү харилцаанд оруулж ирэх шаардлагатай. Эрсдэл үүрэлцэх талаасаа ч банкны тогтолцоонд түшиглэх нь зөв” гэсэн юм.
Төлөөлөгч Б.Сүхбаатар ковидоос шалтгаалан цаг үеийн нөхцөл байдал хүнд. Монгол банкны бодлогын хүү өссөн эрсдэл байгаад дурьдаад НОСК иргэдийн сонгох байр, байршлыг нэр заахгүй. Иргэд зах зээл дээрээс орон сууцаа сонгоно. Дэмжих бодлогоор аж ахуйн нэгжүүдээ батламж өгнө зэргээр хэлэлцэж байгаа асуудлаар нэмэлт мэдээллийг өгсөн. Иргэдийг энэхүү хөтөлбөрт хамруулахдаа Зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд орон сууцны үнийн өсөлтийг харгалзан зээлийн босго 120 сая төгрөг байхаар төсөл хэлэлцэгдсэн. Төлөөлөгчид Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах асуудлыг олонхиор дэмжин шийдвэрлэлээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг дэмжин хэлэлцлээ.
Улстөр нийгэм
Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.11.03/ Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссонтой уулзаж, онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын өргөн уудам газар нутаг, хүн амын суурьшлын тархмал байдалтай уялдуулан агаараас эрэн хайх, аврах ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлэх, шаардлагатай нисдэг тэрэг, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон төслийн санхүүжилтийн боломжийг хэлэлцэв.

Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн эхний шат 2020-2023 онд хэрэгжиж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, дөрвөн нисдэг тэрэг, гал түймэр унтраах зориулалтын 42 автомашин нийлүүлж, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэсэн. Төслийн хоёрдугаар шат 2024-2027 онд хэрэгжиж байна. Уг төслийн хугацаанд агаараас эрэн хайх, аврах болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нислэгээр 212 удаагийн шуурхай дуудлагад ажиллаж, 281 иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Харин гуравдугаар шат хэрэгжсэнээр гамшиг, ослын голомтод хүрэх хугацааг богиносгож, алслагдсан бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Шадар сайд Н.Номтойбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, санхүүжилтийн шат дараатай, бие даасан тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд улсын төсвөөс бусад боломжит эх үүсвэрийг ашиглан гамшгаас хамгаалах салбарын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
“Сабена техникс хеликоптерс” группийн зөвлөх Жонатан Коссон өмнөх хоёр шатны төслийн үр дүнг өндрөөр үнэлж, гуравдугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
E-zasag.mn-ээр гараашны татвар тэглэх санаалчилга гарч, 20 хоногт 101.097 иргэн дэмжжээ. Олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд хүлээлгэн /2026.11.03/ өглөө.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөх иргэдийн саналыг уламжилж байгаагаа санаачлагчид хэллээ.

Гараашны татвар тэглэх санаачилга E-Zasag платформоор 100 мянган санал авсан анхны олон нийтийн өргөдөл боллоо. 100 мянган иргэн нэг асуудалд санал нэгдсэн нь олон зуун мянган иргэн, айл өрхийн асуудал байгааг илтгэж байна. Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд холбогдох хуулийг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
“2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байр нэмэгдүүлсэн жил байх болно” гэж Ерөнхий сайд хэлээд саналаа илэрхийлж, шийдвэр гаргахад идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлэв.


Улстөр нийгэм
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс төсвийн үр ашиг, санхүүгийн сахилга, хариуцлага, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг, төрд итгэх иргэдийн итгэл зэрэг олон асуудлын хөндөж, Ерөнхий сайд Н.Учралтай чуулганы танхимд нээлттэй мэтгэлцээн өрнүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин 2017 онд улсын төсвийн нийт зарлага 9.0 их наяд төгрөг байсан бол 2027 онд 43.5 их наяд төгрөг болж, урсгал зардал 7.0 их наядаас 33.5 их наяд төгрөгт хүрсэн ч өрхийн бодит орлого ердөө 62.0 хувиар өссөн тухай статистик мэдээллийг танилцуулж, энэ зөрүүгийн цаана төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудал оршиж буйг шүүмжилсэн юм. Монгол Улсын төсөв бодлогод бус зардалд суурилах болсныг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч, эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байгаа уул уурхайгаас хэт хамааралтай өрөөсгөл бүтэцтэй холбоотойг тодорхой тайлбарлав. Засгийн газраас төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2027 онд ДНБ-ий 2.0 хувь, 2028 онд 1.5 хувь, 2029 онд 1.0 хувь хүргэж бууруулах зорилт тавьжээ. Төсвийн реформын эхлүүлж, үүний хүрээнд төрийн өмчит компанийн ноогдол ашгийг төсөвт татан төвлөрүүлж, төсвийн гадуур явдаг хөрөнгийг ил тод болгож эхэлснийг Ерөнхий сайд дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-ийн зээл, Хөгжлийн болон Капитал банкны хэрэг, Нүүрсний хулгай, Ногоон автобусны хэргийн хариуцлагыг нэхэж, Хуримтлалын санд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрсөн талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар аудитын байгууллагын дүгнэлтээр төсвийн сахилга, хариуцлага алдсан нь нотлогдсон албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон тухай асуулт тавив. Үндэсний аудитын газраас хариуцлага тооцуулах 96 санал ирүүлснийг Ерөнхий сайд Н.Учрал мэдээлж, зарим төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдагуудад хариуцлага тооцсон талаар ярив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт өгсөн багш нарын цалин, урамшууллыг улсын дунджаас өндөр түвшинд хүргэх чиглэлүүд яагаад хэрэгжихгүй байгааг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ажлаа өгснийхөө дараа авлига, хулгайн талаар ярьж эхэлдэг нь төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулах нэг гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан юм . Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа эрх баригч намынхны авлига, албан тушаалын хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн ямар байгааг асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг аймгууд эргээд шударга санхүүжилт авч чадахгүй байгааг сануулж, үүнд анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүнээс хүслээ.

Улсын Их Хурал дахь олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асуулт тавьж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг даруй өргөн мэдүүлэхийг зөвлөв.
Мөн Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, П.Наранбаяр, Ж.Золжаргал, Г.Уянгахишиг нар Оюутолгой ХК-ийн ногдол ашгийг хэрхэн ашиглах, баялгийн өгөөжийг ирээдүйд чиглүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр болон нүүрс-химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Хуримтлалын сангийн хөрөнгийг илүү өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд оруулах, мөн стратегийн төслүүдэд ашиглах зэргээр саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.



Ерөнхий сайд Н.Учрал хөрөнгийн зах зээлийг эдийн засгийн шинэ тулгуур болгон хөгжүүлэх, татварын дарамтыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байгааг танилцуулж, олон жил үргэлжилсэн авлига, албан тушаалын хэрэг, маргааныг хууль хяналтын байгууллагаар нэг мөр шийдвэрлүүлэх, ил тод байдал, хариуцлага, бодит үр дүнг нэмэгдүүлэх замаар иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын 2027 оны төсвөөр дамжуулан Засгийн газар татварын хөнгөлөлт, төрийн өмчит компаниудын ноогдол ашиг, хөрөнгийн зах зээл, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан шинэ өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж буйг Ерөнхий сайд Н.Учрал онцолж байлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2026/03/30
Ш.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зар...
-
Цаг үе2023/02/01
Нийслэлчүүдэд зориулан 6150 тонн мах нөөцлөөд байна
-
Улстөр нийгэм2021/02/11
Хөл хорионы үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт
-
Улстөр нийгэм2021/03/01
Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллалаа
