Цаг үе
Улс орон даяар цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа даян дэлхийд тунхаглан зарласан түүхт 98 жилийн ойн өдөр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслол боллоо.
Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, орон нутгийн удирдлагууд, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцов.
Тухайлбал, Алтангадас одонт, хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын эх орны хүү болсноо батлан тангараглах ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал оролцож, баяр хүргэлээ.
Бригадын генерал Ч.Цогтжаргал шинэ дайчдад хандаж “Цэргийн тангараг өргөж байгаа мянга мянган дайчдадаа баяр хүргэе. Таны өргөж байгаа тангарагт төр, ард түмнийхээ өмнө эх орноо батлан хамгаалах ариун үүрэг батгаж байгаа бөгөөд үг, өгүүлбэр бүртээ асар үнэ цэн агуулж байгаа андгай юм” гээд цэргийн албанаас та өөрийгөө олж таних, алсын хараа, ирээдүйгээ тодорхойлох, эх оронч үзлээр цэнэглэгдэх, тэвсэр хатуужилтай болох гээд олон эрхэм чанарыг өөртөө авах болно” гээд албандаа өндөр амжилт гаргахыг ерөөлөө.
Мөн Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтангадас одонт, БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат албаны дайчдын цэргийн тангараг ёслолд Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын орлогч дарга А.Түвшинжаргал нарын албаны зочид, байлдагч нарын эцэг эх, ахан дүүс, найз нөхөд оролцов.
Тангараг өргөсөн дайчдын сэтгэгдлийг хуваалцахад “Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсож биш дунд нь орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байна. Та бүхнийхээ итгэлийг дааж албаа нэр төртэй хаах болно гэдгээ дайчин уламжлалтай монгол цэргийн ариун жагсаалын өмнө эр цэргийн ёсоор тангараглаж байна” гэсэн юм.
Арга хэмжээний дараа дээрх ангиудад бусад нэгтгэл, ангиудын жишгээр гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Цаг үе
Гавлын ба нүүрний ясны хугарлын мэс заслын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Цаг үе
Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “НЗДТГ нь Азийн сантай нягт хамтран ажилладаг бөгөөд нийслэлийн иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилгын хүрээнд “Хотын засаглалыг сайжруулах” төслийг 2015-2022 онд амжилттай хэрэгжүүлсэн” хэмээв.
Түүнчлэн Зүүн хойд Азийн бүс нутагт Улаанбаатар хотын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 2014 оноос эхлэн хоёр жил тутам хамтран зохион байгуулахад хүний нөөц болон санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж, хамтарч ажилладагт талархлаа илэрхийлсэн юм. Мөн цаашид энэхүү форумын үйл ажиллагааг өргөжүүлэх нь Улаанбаатар хотын хувьд маш чухал гэдгийг дурдаж байлаа.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Цаг үе
Нийслэлчүүдэд зориулан 6150 тонн мах нөөцлөөд байна
Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна.
Тодруулбал, 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байна. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр “Мах экспорт” ХХК-ийн бэлтгэл ажилтай танилцлаа.
2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. Харин 2024 онд 10,000 тонныг бэлтгэхээр төлөвлөж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэв. Тэрбээр “Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулах юм. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг байгуулсан” хэмээлээ.
Нөөцийн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Мах экспорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлхүү “Наймдугаар сарын сүүлч буюу малыг тарга тэвээрэгтэй байх үеэс нөөцийн махыг бэлтгэж эхэлдэг. Манай компанийн хувьд арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд нөөцийн махыг бэлдэж дууссан. Нөөцийн махаар хонь, ямаа, үхрийн мах бэлтгэдэг бөгөөд гэрээний дагуу 552 тонн махыг нөөцлөөд байна. Нядалгаа, үзлэг, хөлдөөлт, савлагаа зэрэг бүх үйл явцад технологийн шаардлагыг ханган ажиллаж байгаа” гэсэн юм. Тус компани нь ОХУ, БНХАУ, Казахстан улс руу мах экспортолдог аж.
Сэтгэгдэл