Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө

Огноо:

,

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан ажилладаг. Энэ үйлчилгээг сайжруулах, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа цэвэрлэгээний машинуудыг өнөөдөр хүлээлгэн өгч байна. Тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүрэлцээг нь нэмэгдүүлэх ажил цаашид ч үргэлжилнэ. Энэ чиглэлд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд бий. Мөн хөрш орнууд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын болон хамтран ажилладаг байгууллагуудтай хамтарч ажиллах талаар хэлэлцээр хийж байна” хэмээв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот тохижилтын үйлчилгээнд ашиглах машин техникийн хангамжийг нэмэгдүүлэх нь маш чухал. Энэ хүрээнд эхний ээлжийн машинуудыг хүлээлгэж өглөө. Ирэх сараас том оврын, тусгай зориулалтын техникүүдийг оруулж ирэх зэргээр шинэчлэлийг үе шаттайгаар хийнэ. Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд, найрамдалт харилцаатай хотуудын хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдэх боломж бий” гэсэн юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Зам, талбайн цэвэрлэгээ арчилгааны ажил өвлийн цагт, тэр тусмаа цас орсон үед хүндэрдэг. Эдгээр машиныг үйлчилгээндээ ашигласнаар зам, талбайн үйлчлэгч нарын ажил хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. Нэг ийм машин дөрвөн үйлчлэгчийн нэг өдөрт хийх ажлыг гүйцэтгэнэ. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т одоогоор цэвэрлэгээний 17 машин ашигладаг, үүн дээр 28 нэмэгдэх нь. Цаашид замын мөсийг хусаж цэвэрлэх, нэмж орж байгаа цасыг сорох, мөн зам угаах зориулалтын машинууд хэрэгтэй байгаа. Үүнийг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэсэн” хэмээлээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч М.Цэрэндондов “Зам, талбайн цэвэрлэгээнд ашиглаж байгаа хуучин машинуудыг 2019 онд оруулж ирж байсан. Бидний ажлыг маш их хөнгөвчилдөг. Энэ шинэ машинуудын хүчин чадал нь илүү юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машин нь БНХАУ-ын “Greenhub” маркийнх бөгөөд моторын хүчин чадал, өгсүүр замаар явах хүч нь одоо ашиглаж буй машиныхаас илүү, мөн тэвшээ автоматаар буулган хог хаягдлаа асгадаг, өвөл зуны аль ч улиралд ажиллах боломжтой зэрэг давуу талтайг нийлүүлэгч “Батсээр” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ онцлов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Монгол, Серби улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын танхимын сайд-зөвлөх Елена Предожевич, тус яамны Ази, Номхон далайн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Марич Вречер, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Б.Зоригт нар оролцов.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт эзлэх байр суурь, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулжээ. Мөн Серби улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэнийг дурдаад, хамтын ажиллагааны салбар, чиглэлийг тодорхойлох, хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулах, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцолжээ. Тухайлбал, Монгол Улс Евразийн холбооны чанар, стандартыг хангаж чадвал Серби улс Монголоос мах импортлох боломжтойг дурдсан байна. Харин Серби улс Монгол руу жимс, жимсгэнэ экспортлох боломжийг судалж байгаа аж.

Цаашид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хамтран ажиллахаар болсон байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Огноо:

,

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх авто замыг 5 дугаар сарын 15-ны 00:00 цагаас 5 дугаар сарын 18-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-нд Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулж байна. 

2026 оны тавдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм, нутгийн зүүн өмнөд хэсгээр, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.


2026 оны тавдугаар сарын 14-нөөс
2026 оны тавдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16, 17-нд Арц Богдын өвөр хоолой, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох