Цаг үе
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна.
2023 оны нэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. 16-18 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 20-22 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. 17-19 хэм хүйтэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
Цаг үе
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.
Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.
Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.
Цаг үе
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.

Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.
Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн, холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг хамруулан дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх, зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.






Цаг үе
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын соёл, урлагийн түүхэн замнал ба Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурал нь нийслэл хотын соёл, урлагийн түүхэн хөгжил, хотын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг судлан хэлэлцэх, Улаанбаатар театрын цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилготой юм.

Хурлыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг чиглүүлэн явуулж, доктор (Ph.D) Пэрэнлэйн Нямлхагва “Өргөө хотоос Нийслэл хүрээ хүртэлх урлагийн хөгжлийн товчоолсон тойм”, доктор (Ph.D) Данзангийн Энхцэцэг “Миний Улаанбаатар баримтат киноны дуу хөгжмийн илэрхийлэл”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг, доктор (Ph.D) Дэлгэрхүүгийн Наранцацрал “Орчин үеийн хотын амьдралын хэв маяг ба соёлын өөрчлөлт”, СУИС-ийн багш, магистр Гүргэлсүрэнгийн Төвшинтөр “Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” зэрэг нийслэлийн урлагийн түүх, кино урлагийн хөгжим, орчин үеийн хотын соёлын өөрчлөлт болон театрын хөгжлийн бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэв.




Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн илтгэл, дэвшүүлсэн санал, гаргасан дүгнэлтүүд нь нийслэлийн соёл, урлагийн салбарын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, театрын уран бүтээлийн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.





