Улстөр нийгэм
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Уулзалтаар Монгол Улсад сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл болон Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр, мөн Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал солилцов.
Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсад “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулж, үйл ажиллагаа явуулахаар яригдаж буй бөгөөд тус сургалтын төвийг БНСУ-ын сүрьеэ, ковид зэрэг халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх тэргүүлэх туршлага, технологид суурилан, Азийн хөгжиж буй орнуудын сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор байгуулах юм байна.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тус төслийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Баянзүрх дүүрэгт баригдах сүрьеэгийн шинэ эмнэлгийн үйл ажиллагаатай уялдуулах талаар байр сууриа илэрхийлэв. Мөн Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх эмч нарыг бэлтгэх, сүрьеэг илрүүлэх, тэмцэхэд үр дүн гаргах төслүүдийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсын холбогдох байгууллагууд хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын үеэр мөн сүрьеэгийн тархалтыг илрүүлэх хиймэл оюун ухаан болон мобайл технологид суурилсан төслийг “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Үзэл бодол2020/03/11
Хэвлэл мэдээллийнхэнд дараах зөвлөмжийг мөрдөн ажиллахыг уриалж байна
-
Улстөр нийгэм2024/10/28
БНСУ-д Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд дараагийн ажилдаа орсон байх ёстой
-
Шударга мэдээ2022/07/21
Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна
-
Цаг үе2025/11/28
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэр...
