Улстөр нийгэм
Зөвлөлдөх санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өглөө
Улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат (2023.02.15) Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өглөө. Тайланг хүлээн авахдаа, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, хоёр шатны санал асуулгын тайланг хуулийн хугацаанд нь хүлээн авч байна. Бид тайланг хэлэлцэж, Улсын Их Хуралд танилцуулах зөвлөмжийг боловсруулах ажилдаа орж байна гэлээ.
Зөвлөлдөх санал асуулгын тайланг хүлээн авсантайгаа холбогдуулах Зөвлөлдөх зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн Д.Моондой, Л.Төр-Од, О.Мөнхсайхан, мөн Зөвлөлдөх санал асуулгад оролцож, саналаа өгсөн иргэдийн болон ажиглагчдын төлөөлөл, Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт нар оролцлоо. Доктор Б.Отгонтөгс Зөвлөлдөх санал асуулгын хоёр шатны санал асуулгын нийт мэдээлэл, тайланг хүлээн авч байна. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэсэн Зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд өргөн барина гэсэн юм. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Моондой, хүмүүс биднийг Зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг өөрсдөө зохиож бэлтгэсэн гэж ташаа ойлгоод байна. Бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан хэмээлээ. Мөн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Л.Төр-Од зөвлөлдөх санал асуулгын эрх зүйн талаар зарим тайлбарыг хийж, Үндэсний статистикийн газраас Зөвлөлдөх зөвлөлд, санал асуулгуудын дүнгээс гадна үйл ажиллагааны тайланг хүлээлгэн өгөх бөгөөд хуулийн дагуу Зөвлөлдөх уулзалтын хэсгийн хэлэлцүүлгүүд буюу нийт 54 хэсгийн оролцогчид асуудлуудаа хэлэлцэж байгаа бүрэн тэмдэглэлийг олон нийтэд ил болгох үүрэгтэйг тайлбарлав.
Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад оролцсон Баянхонгор аймгийн төвийн сумын Рашаант багийн иргэн Ш.Чимэгээ, санамсаргүй түүврийн сонголт гэдэгт хүмүүс эргэлзээд байна, үүнд би тайлбар өгье. Би Ардчилсан намын гишүүн, орон нутгаасаа олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад настнууд гээд олон бүлгийн хүмүүсийг төлөөлөн ирж Зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уулзалтад оролцсон хүмүүс маш их мэдлэг, мэдээлэл авсны үндсэн дээр асуудлыг гүн гүнзгий тунгааж, ирээдүйгээ бодож саналаа өгч байна гэсэн юм.
Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хоёрдугаар багийн иргэн Н.Баттунгалаг, Зөвлөлдөх уулзалтыг нягт нямбай, хүн бүрийг нэгийг ч орхигдуулалгүй, сайн зохион байгууллаа. Иргэд бидний өгсөн санал ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Мөн манай хэсгийнхэн хэзээний төрийн хүмүүс шиг маш идэвхтэйгээр асуудлаа хэлэлцсэн хэмээн ярив.
Дараа нь Зөвлөлдөх уулзалтад ажиглагчаар оролцсон улс төрийн нам, олон нийтийн байгууллагынхныг төлөөлж “Монгол хүний төлөө” намын дарга Х.Бат-Ялалт сэтгүүлчдэд санал сэтгэгдлээ хэллээ. Тэрбээр, Зөвлөлдөх уулзалтын эхний өдөр бид мэдээж, эрх баригчид өөрсдийн хүмүүсийг цуглуулаад, урьдаас төлөвлөсөн юмаа л яриулах биз гэсэн хардлагатай ирсэн. Гэтэл эхний өдөр хүмүүс ямар арга хэмжээнд ирснээ ч мэдээгүй байдалтай байсан. Ингэж хоёр шаттай санал асуулга явуулах нь маш их ач холбогдолтой, шинэлэг ажил болж байна. Урьд өмнө үзэл бодлоо тэр бүр илэрхийлж байгаагүй, талбай дээр нэг ч удаа ирж, жагсаал цуглаан дээр асуудал ярьж байгаагүй хүмүүс Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж байгаа асуудлуудыг маш идэвхтэй ярилцаж, гарц шийдэл эрэлхийлж байна. Зохион байгуулалтын хувьд асуулт асуух хугацаа нэг, хариулт хэлэх хугацаа хоёр минут байсан нь хангалтгүй санагдлаа гэв.
Мөн хэвлэлийн бага хуралд оролцсон Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт хоёр шатны санал асуулгын үеэр хууль, журам зөрчсөн тохиолдол гараагүй, оролцогчид болон бусад иргэдээс гомдол, санал ирээгүй хэмээн мэдээлээд, санал асуулга болон Зөвлөлдөх уулзалт хуулийн дагуу явагдсан хэмээн үнэлж буй тус комиссын дүгнэлтийг хэлсэн юм.
Үндэсний статистикийн хорооноос хүлээлгэн өгсөн хоёр шатны санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэж, Улсын Их Хуралд танилцуулах Зөвлөмжийг боловсруулах юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал уг зөвлөмжийг цааш цаашдын хууль тогтоох, бодлого тойдорхойлох үйл ажиллагаандаа харгалзан үзэж ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2021/03/10
Төрийн албаны шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гар утасны аппликэйшн гарлаа
-
Шударга мэдээ2023/08/02
Монгол-Хятадын экспо зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
-
Улстөр нийгэм2019/11/05
УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдана
-
Цаг үе2022/04/25
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
