Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТБХ:Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжлээ.  

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүнээс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилсэн 2012 оноос хойших 10 жилийн хугацаанд Төсвийн хууль нийт 10 удаа батлагдах ёстойгоос тодотгол хийж, нэмэлт, өөрчлөлт оруулснаар 23 удаа баталжээ. Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онуудад 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна. Монгол Улс 2012-2022 оны хооронд 10 удаа батлах ёстой дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 30 удаа Улсын Их Хурлаар хэлэлцэгдэн батлагджээ. Үүнээс үзвэл төсөв тогтвортой, хариуцлагатай, ил тод байдлыг хангахгүй байгааг харж болохоор байна гэв.  

Түүнчлэн төсвийг боловсруулах, түүний үндэслэл болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх гол үндэслэл болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ч өөрчлөх нөхцөлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийж иржээ. Тодруулбал, Төсвийн хуультай хамт хэрэгжиж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийт 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж байлаа.

Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын тухай хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг бодитой тодорхойлоогүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна. Засаглалын онолын дагуу Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, түүнээс хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь хууль тогтоох эрх хэмжээ бүхий Улсын Их Хурал бөгөөд энэхүү эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын боловсруулсан төсөв, гүйцэтгэлтэй холбоотой хяналт тавих, хариуцлага тооцох нөхцөлийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. Энэ агуулгаар  төсвийн хуулийн дээрх зарчмуудыг хангах зорилгоор төсөв, санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, олон жилийн алдаа сургамжийг засаж залруулах үүднээс хуулийн төслийг боловсруулахдаа төсөв, санхүү эдийн засгийн чиглэлийн их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, эдийн засагчид, хувийн хэвшил, иргэний болон төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг үндэслэн төсвийн шинэчлэлийн бодлого болон дэвшүүлж байна гэж хууль санаачлагч танилцуулж байлаа.

Үүнтэй холбоотойгоор төсвийн холбогдох 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан Улсын Их Хуралд өргөн барилаа. Хуулийн төслүүдийг 30 гаруй гишүүн дэмжин гарын үсэг зурж, хамтран санаачлагчаар оролцож байна. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн тогтвортой байдлыг хангасан байх, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг зохих ёсоор шударгаар биелүүлэх нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Улсын Их Хурал манлайлж, Засгийн газар хамтраад төсвийн шинэчлэлийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулж, энэ чиглэлийн судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачдаар хийлгэж, сайтар хэлэлцүүлэх боломжтой, эсэхийг илүүтэй лавлаж байлаа.

Хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа, төсвийн шинэчлэлийн талаар цогц бодлогыг хэрэгжүүлэхтэй санал нэг байгаагаа илэрхийлээд өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь төсвийн суурь асуудлыг хөндөж, төсвийн хяналт, сахилга бат, хариуцлага, олон нийтийн оролцоо, төлөвлөлтийг сайжруулахдаа холбоотойгоор эхний үе шатанд хийж байгаа ажил гэв.

Мөн гишүүд төсвийн шинэчлэлийн нэг хэсэг нь Төсвийн тухай хуулийн өөрчлөлт гэдгийг тодотгохын зэрэгцээ төсвийн бүрэлдэхүүн хэсэг бүр нь төсвийн шинэчлэлд чиглэгдэх ёстой гэж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан төсвийн суурь шинэчлэлийг хийхдээ бусад салбарын  уялдаа, холбоог хангаж, төсвийн шинэчлэлийг том зургаар нь харсан үндэсний хөтөлбөр боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь дэмжээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулаад дэмжигдсэний дараа томоохон Ажлын хэсэг гаргаж асуудлыг тал бүрээс нь ярилцах нь зүйтэй. Мөн төсвийн шинэчлэлийн талаар хөтөлбөр гаргахыг бүрэн дэмжиж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ингээд "Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.

Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.

Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.

“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.

Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох