Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон.

1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцсан бөгөөд ХНХ-ын сайд Х.Булгантуяа ирэх сард зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтанд урьж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Азийн хөгжлийн банк сүүлийн 30 гаруй жил манай улстай хүмүүнлэгийн чиглэлээр тогтвортой ажиллаж ирсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
 
Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даах чадварыг дээшлүүлж нийгэм, эдийн засагт тэдний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн юм.
Мөн ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ахмадын асуудлаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээний олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, идэвхтэй насжилтын загварыг боловсруулж, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, салбар дундын уялдаа холбоог хангах зорилгоор "Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх нь төсөл"-ийг хэрэгжүүлж байна.
 
Түүнчлэн Монгол улсын 21 аймаг, 330 сум, нийслэлд идэвхитэй насжилтыг дэмжих төвүүд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь ахмадыг эрүүл, идэвхтэй насжуулах, ахмад настны суурь хэрэгцээг хангах, сэргээн засах, гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн үйлчилгээ, нийгмийн болон боловсролын үйлчилгээ үзүүлэх, ахмад настанд асаргаа сувилгаа үзүүлж байгаа иргэнд дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйлчилгээг туршин нэвтрүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны ногдол ашиг олгоно

Огноо:

,

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 
 
Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдлээ.
 
Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэнэ. 
 
Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгоно. 
 
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн боллоо

Огноо:

,

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Зон олны нам /ЗОН/-аас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээнд тэмдэглүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэв.
  2. “Монголын Либерал Ардчилсан нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн “”Монголын Либерал ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэнгэж үзэжбүртгэхээр шийдэв.
  3. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг хуульд нийцүүлэн өөрчилж батлав.
  4. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэхээр шийдэв.
  5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гишүүдээс албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх саналтай танилцав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам” болон “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулах тухай  асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт заасан танхимын тэргүүнүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Г.Алтанчимэг нарыг нийт шүүгчийн олонхийн саналаар улираан сонголоо.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Дэлгэрэнгүй унших

Санал болгох